Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг төслийг /шинэчилсэн найруулга/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2016.10.06/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, А.Сүхбат, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Оюунхорол болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Хуулийн зорилттой уялдуулан
-
хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
-
хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
-
хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
-
нууцлалыг хамгаалах;
-
салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж байна” хэмээн хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн Д.Саруул хийсэн бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахдаа урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталсан аж. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг олон төрлийн хариуцлага ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, “Хохирогчийг хамгаалах цогц зохицуулалт” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсооход НҮБХАС-ын оролцоо” сэдвээр НҮБХАС-ын Жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Оюун нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Зарим тоон баримтаас дурдвал, Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар 21105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1066 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 295 хэргээр буюу 38.3 хувиар, бүх хэрэгт эзлэх хувийн жин 5.1 хувь болж, 1.4 нэгжээр тус тус өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 83.2 хувийг хөнгөн, 12.3 хувийг хүндэвтэр, 3.0 хувийг хүнд, 1.5 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 59.3 хувь нь Улаанбаатар хотод, 40.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс нийт 581 гэр бүлийн нийт 1043 үйлчлүүлэгчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 8, эмэгтэй хүн 358, эрэгтэй хүүхэд 341, эмэгтэй хүүхэд 336 байна.
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртөн хамгаалалтад авагдсан нийт 375 үйлчүүлэгчид эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийн, эрсдлийн түвшинг тогтоож, холбон зуучилсан. Үүнд:
- Хүчирхийлэлийн үндсэсний төвд –55
- Хамтарсан багт –114
- Эцэг эхэд нь –420
- Өөрийн хүсэлтээр -185
- Асрамж халамжийн төвд –23
- Дүүргүүдийн гэр бүл хөгжлийн төвд –162
- Цагдаагийн байгууллагад –56
- Төрийн бус байргууллагад - 6
- Яаралтай тусламжийн төвд – 4
- Нэг цэгийн үйлчилгээнд -11
- Хөөрхөн зүрхнүүд ТББ – 2 тус тус зуучилжээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байлаа.
Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Хууль сахиулах их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын Хүн амын сан зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо.