УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.22

О.Баасанхүү: Тохуурхан, даажигнах гэдэг чинь гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл байхад яагаад хасах гээд байгаа юм бэ?

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 4асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын эхэнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж байгаа юм. Тэгвэл энэ хууль батлахтай холбогдуулан О.Баасанхүү гишүүний асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Дорнын маягаар алгадах, өрнийн маягаар алгадах гээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг доромжлоод байсан. Түүн шиг тохуурхан даажигнах гэдэг чинь гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл мөн юм шүү дээ.

УИХ-ын даргыг орлож байгаа Ц.Нямдорж дарга хүртэл өнөөдөр надаар тохуурхаад л сууж байна. Тохуурхан дайжигнах гэдэг зүйл чинь тухайн хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг хүчин зүйл. Энэ тохиолдолд зарим хүн амиа хорлоход ч хүрдэг аюултай.

Гэтэл хүний сэтгэл зүйгээр тоглосон ийм гэмт хэргийн хүндрүүлсэн нахцөл байдалтай холбоотой заалтыг яагаад авч хаях гээд байгаа нь сонин байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг доромжилж байгаа нэг хэлбэр.Тийм болохоор энэ заалтыг хасахгүй байхыг хүссэн санал хэлэх гэсэн юм."  

С.Нямбаатар: Эрүүгийн эрх зүйн ерөнхий онол зарчмаас хазайсан зүйл хийх боломжгүй

"Би энэ саналыг оруулсан юмаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн элмент байдаг.  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хэрцгий харицсан, дошгин авирлах, дундын эд хөрөнгийг захиран зарцуулах, тарчлаасан гээд энэ бүгдээрээ үйлдэл болно. Эрүүгийн хуульд заасанаар бусдын бие махбодид хүнд гэмтэл, хүндэвтэр гэмтлийг санаатай учруулах гэмт хэрэг дээр субектив талын шинж болгож тохуурхан даажигнах, тарчлаах, шунхайн сэдэл, өс хонзонгийн сэдэл гээд энэ бүгд өөрөө сэдэл зорилгыг тодорхойлж байгаа хэрэг.

Харин энэ хуулийн төслийн 120.1.1-д үйлдлүүд буюу обьектив талыг тодорхойлж байгаа учраас тохуурхан даажигнах гэдэг нь дээрх заалтад үйлдэл хэлбэрээр орж ирж байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйлд субектив шинж хэлбэрээр орж ирсэн зүйлийг үйлдэл болгож тусгаж болохгүй.

Тохуурхан даажигнах гэдэг нь Гэр бүлийн ямар хүчирхийлэл байж таарах тухайд бодоод үзэхэд ойлгомжгүй байгаад байгаа юм. Таны хэлээд байгаа хүндрүүлэх бүрэлдэхүүнүүдийн тухай заалтууд 120.2 заалт дээр маш тодорхой заагдсан байгаа. Тийм болохоор бид дур мэдэж Эрүүгийн эрх зүйн ерөнхий онол зарчмаас хазайсан зүйл хийж болохгүй гэж үзсэн гэдгийг хэлмээр байна."