Заавал батлах хууль
"Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
2015.04.21

Заавал батлах хууль

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг өнгөрсөн жил Засгийн газраас өргөн барьсан ч эргүүлэн татсан. Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьж байгаад таатай байна гэдгээ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлсэн.

Хууль хэрэгжихэд 700 сая төгрөг шаардлагатай

Хууль зүйн яамны судалгаагаар уг хууль энэ ондоо батлагдвал дэд болон салбар зөвлөлийн ажлын алба, цагдаагийн тусгай нэгж, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр зэрэг бүгдийг нь оруулаад 700 гаруй сая төгрөгийг төсөвлөхөөр тооцсон аж. Харин үүнтэй уялдаад улсын хэмжээнд найман аймаг ИТХ-аараа шийдвэрлээд 50—130 орчим сая төгрөгийг төсөвлөн хамгаалах байрыг шинээр барин орон нутгийн засаг захиргааны харьяанд бүртгээд байгаа юм.

Үүнийг нэгтгээд үзвэл нийтдээ 16 хамгаалах байр улсын хэмжээнд байна. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх явцад өмнөх хуулийн хэрэгжилтэнд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын чиг үүрэг салангид байгааг хэрхэн зохицуулах асуудлыг хөндсөн гэлээ.

Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад холбон зуучлах үйлчилгээг оруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн. Энэ үйлчилгээ нь хохирогчийн онцлог хэрэгцээнд түлхүү тулгуурлах юм. Өөрөөр хэлбэл тухайн хохирогч хэлгүй, дүлий, харааны бэрхшээлтэй болон бичиг үсэг мэдэхгүй тохиолдолд орчуулагч хэлмэрчээр хангагдах гэсэн заалтыг нэмэлтээр заасан аж.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ажлын хэсгээс сонирхсон асуултаа тавьж хариулт сонссон.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хуулинд уламжлалт ёс заншилтай харилцаагаа яаж зохицуулсан вэ. Гэр бүлийн харилцаа гэдэг нь хуулиар зохицуулагдахаас гадна ёс заншил, хүмүүсийн ухамсраар зохицуулагддаг зүйл. Хуулийг агуулгаар харахаар мэдээллэх, илрүүлэх, таслан зогсоох зэргээр гэмт хэрэг, зөрчил талаас нь илүүтэй харж боловсруулсан байна.

Гэтэл хүмүүсийг ухамсарлуулах, соён гэгээрүүлэх механизм нь дутуу байгаа зүйлүүд нэлээд харагдаад байна” хэмээн нэлээд нухацтайгаар байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ ажлын хэсгийнхэн “Тухайн ёс зүйтэй холбоотой зүйлүүд нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдана. Энэ бол зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг зохицуулна хэмээн тайлбарласан.  

Д.Лүндээжанцан: Эрэгтэй хүн тэсэрдэг

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан маш онцгой тохиолдлыг жишээ татан үг хэлэхдээ “Төрийн үүрэг гүйцэтгэж байгаа хүн гэр бүлдээ хүчирхийлэгч болчихсон байна. Энгийн үед даргынхаа дэргэд гөлөг шиг мөртлөө, гэртээ очихоор муу эр эмд гэгчийн үлгэр болдог. Нөгөөтэйгүүр дан гарц эрэгтэйчүүдэд муу нэр зүүлгэх хэрэггүй. Эрэгтэй хүн тэсэрнэ гэж байдаг.

Олон удаагийн тэвчилтээ барьж дийлэлгүй үйлдсэн ганц удаагийн хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үү үгүй юу. Тэгэхээр эдгээр хүмүүс орон зай хэрэгтэй.

Үүнийг би шашин гэж хардаг” гэсэн юм.

Үнэхээр улсын хэмжээнд хүн ард руугаа чиглэсэн маш олон төсөл хөтөлбөрийг салбар салбарт зохион байгуулдаг ч хүнийг хүнлэг байлгах болон ёс суртахуунтай холбоотойгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ нэлээд дутмаг байгаа.

Цагдаагийн бүртгэлийн өнгөрсөн жилийн дүнгээс харвал гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг 1076 бүртгэгдсэн. Үүнийг  гэмт хэргийн шинжлэх ухаанын үүднээс тайлбарлавал мөсөн уулын орой биш үүнээс тав дахин их байх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгж байгууллагатай байх журмын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын бүтцэд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэлтсийг байгуулан ажиллаж, 107 дугаартай утсын өнгөрөгч оны 10 сарын 17-оос эхлэн ажлуулсан. Дээрх хугацаанд 580 хүн холбогдож зөвлөгөө авсан бол биеэр очин 102 хүнтэй уулзсан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэр бүл дэх эрэгтэй хүний байр суурь ямар байх ёстой талаар өөрийн бодлоо хэлсэн. Тэрээр “ Үр хүүхдээ хаяж байгаа ээжүүдийг муулаад байх юм. Гэтэл хаяхад хүргээд байгаа аав гэж зовлонтой хүмүүсийг хэрхэх вэ. Тийм нөхдүүдэд хатуухан хариуцлага тооцмоор байна. Зарим хөгжилтэй оронд завхайрлын тухай хууль гэж байдаг. Үүнийг наад хуулиндаа тусгаж болдоггүй муу” гэлээ.

Түүнчлэн хуралдааны үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Уг нь энэ хуультай уялдсан Сотгууруулах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх хуулийг татаад авчихсан.

Үүнийг татаад авсантай холбоотой мансуурч, согтуурсан  төлбөрийн чадваргүй иргэнийг эмнэлэг дээр хүлээн авч байгаа учраас бөөн асуудал болоод хувирчихсан. Тиймээс энэ хууль ганц талынх биш олон талын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгждэг хууль.

Ний нуугүй хэлэхэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төр ямар ч ажил хийдэггүй байсан. Ихэвчлэн ТББ болон сайн дурын иргэд  л энэ төрлийн үйлчилгээг явуулдаг” хэмээн хуультай холбоотой өөрийн байр сууриа илэрхийллээ.

Ямартай ч байнгын хорооны гишүүдын олонхи “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцэхээр боллоо.