Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах хуулийн төсөл өргөн барьсан
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга З.Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслиг өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү хуулийн төслийн талаар Б.Гарамгайбаатар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та болон бусад намын зарим гишүүн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн бартцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Энэхүү хуулийн төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг, МАХН- МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүллээ. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар 18 мянга орчим өрх найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байна гэх судалгаа бий. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, тав хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэдгийг ч хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах л зорилготой хуулийн төсөл гэж ойлгож болно.
-Гэхдээ ипотекийн найман хувийн зээлийн санхүүгийн нөхцөл хүнд, хямралтай байгаа талаар зарим гишүүн ярьж байна. Та бүхний үзэж байгаагаар бол эрх зүйн орчинг нь сайжруулаад өгвөл зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэнэ гэж харж байгаа бололтой?
-Үндсэндээ Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль сайжирч байгаа л нэг хэлбэр шүү дээ. Нэг ёсондоо найман хувийн зээлийг авахад 18 мянган иргэнд хүлээлт үүсээд байгаа гэсэн тоо бий. Тэгэхээр энэ үед ийм хүлээлтийн байдал үүсчихээд байгаа болохоор хууль эрх зүйн орчинг нь сайжруулснаар энэ тоо нэмэгдэх нь тодорхой.
-Хэрвээ хуулийн төслийг баталчихвал гацаанд орсон найман хувийн зээл хэвийн үргэлжилнэ гэж ойлгож болох уу. Нөгөөтэйгүүр хуулийг хэрэгжүүлээд эхлэхээр одоогийн ярьж байгаа 5 хувийн зээлд шууд хамрагдах боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Хуулийн төслийг батлах аваас найман хувийн зээл тав болно. Ингэхээр таван хувийн хүүтэй зээлд хамрагдаад явах бүрэн боломжтой.
-Тэгвэл яг хэзээнээс хуулийг хэрэгжүүлж эхлэхээр төсөлд тусгасан бэ?
-Энэ хууль батлагдахад манай намын зүгээс бүхий л хүчээ дайчлан ажиллана. Бүлэг, намууд ч гэсэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цагаан сарын өмнө л энэ хуулийн төслөө батлана гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд ч хэлсэн шүү дээ.
-Ипотекийн зээл таван хувийн хүүтэй боллоо гэхэд 80 ам.метр квадрат гэж заасан нь хэвээрээ юу?
-Үгүй. 80 ам.метр квадратаар хязгаарлахгүй. Зарчмын шинжтэй чухал өөрчлөлт нь л энэ юм. Таны орлого 450 мянган төгрөг байсан ч та орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 ам.метр квадрат байрны зээл авч болно. Өнөөдөр найман хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай байгаа бол энэхүү хуулийг баталснаар заавал нэг сая төгрөгийн орлоготой байх шаардлагагүй болж байна гэсэн үг. Үүгээрээ хуулийн төсөл маань ихээхэн онцлогтой.