Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ
2015.12.22

Урьдчилгаа төлбөрийн 10 хувьд манай яам баталгаа гаргана

Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ болон "Голомт" банкны захирал Л.Оюун-Эрдэнэ нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд иргэд худалдан авах орон сууцынхаа төлбөрийн 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Барилга хот байгуулалтын яам, арилжааны банкууд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргадаг болох юм.

Ингэснээр амьжиргааны төвшний 7-15 дугаар бүлэгт хамаарах иргэд 80 метр квадратаас дээшгүй талбайтай орон сууцыг ипотекийн арван хувийн урьдчилгаатай зээл авах боломжтой болж байгаа юм. Энэ үеэр З.Баянсэлэнгэ сайд “Иргэдэд хүлээлт үүсгээд байгаа урьдчилгааны 10 хувийн асуудлыг ажил болгох үүднээс бүх банкууд руу санамж бичгийг хүргүүлсэн.  

Барилгын салбарынхан өөрсдөө 20 хувийн баталгаа гаргаад, ипотекийн зээлийг олгох талаар банктайгаа харилцан тохиролцох хэрэгтэй байна. Банк эрсдэлээ үүрээд, боломжтой гээд үзэхэд ямар ч асуудалгүй хэрэгжиж болох юм. Харин төр оролцох шаардлагагүй” гэсэн юм. Харин Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ  “Манай банк 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Засгийн газраас 20 хувийн баталгаа гаргахыг арилжааны банкнууд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Удахгүй бид зээлийг иргэддээ олгож эхэлнэ" гэсэн юм.