Хууль батлагдвал ипотек үргэлжилнэ
Үндсэн хуулийн дүгнэлттэй холбогдуулан арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод буй. Харин үүнийг шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгох хүлээлт нийгэмд үүсээд байсан юм.
Тэгвэл баасан гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Одоогийн байдлаар 18 мянга орчим өрх найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа аж. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, тав хүртэл багасгах бололцоо буйг мэдээлсэн. Тиймээс дээрх төслийн гол өөрчлөлт нь орон сууцны зээлийн хүүг бууруулах аж. Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл найман хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байсан.
Харин дээрх төслийг баталснаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлж байв.
Тэрбээр мөн хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй гэлээ.
Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд дээрх төслүүдийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн худалдаанаар яаралтай горимоор хэлэлцүүлнэ хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр Сар шинийн баяраас өмнө хуулийн төслөө баталж, иргэдийг орон сууцанд оруулна гэж мэдэгдээд байгаа юм.
Б.ГАРАМГАЙБААТАР: БҮХ ЗЭЭЛ ШУУД ТАВАН ХУВЬ РУУ ШИЛЖИНЭ
Дээрх хуулийн төслийн талаар Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Хууль хэрэгжээд эхэлмэгц одоогийн ярьж байгаачлан найман хувийн зээл авахаар хөөцөлдөж буй иргэдийн зээл шууд таван хувь руу шилжинэ гэсэн үг үү?
-Тийм. Хуулийн төсөл батлагдчихвал иргэд найм биш таван хувийн хүүтэй зээлд хамрагдаад явах боломж бүрдэх юм.
-Хэрэв таван хувийн хүүтэй болчихвол 80 метр квадрат гэж заасан нь хэвээрээ байх уу?
-Үгүй. 80 метр квадратаар хязгаарлагдахгүй болно. Зарчмын шинжтэй чухал өөрчлөлт нь энэ юм. Таны орлого 450 мянган төгрөг байсан ч та орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 метр квадрат байрны зээл авч болох юм.
Өнөөдөр найман хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрхийн сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай байгаа. Харин энэ хууль батлагдсанаар заавал нэг сая төгрөгийн орлоготой байх шаардлагагүй болно гэсэн үг юм.