Н.Дашдаваа: Бидний байгуулсан нам залуу цэвэр байна
“Монгол Консерватив” намын дарга Н.Дашдаваа
2015.05.29

Н.Дашдаваа: Бидний байгуулсан нам залуу цэвэр байна

“Монгол Консерватив” намын дарга Н.Дашдаваа хүүхэд байхын сэргэлэн цовоо, сурлагаараа бусдыгаа хошуучилсан таван онцын эзэн, номын сайн нөхөр байв.

Тиймдээ ч тэрээр арван жилийн сургууль, МУИС –ийг  онц дүнтэй төгссөн эрдэм номд шимтсэн нэгэн билээ. Хүний хувь тавилан хүүхэд наснаас ихэд шалтгаалдаг болохоор энэ  тэмүүлэлтэй залуу оюутан байх үеэсээ л өөрийгөө сорьж хурцалж ирсэн. Тэр ч утгаараа улс эх орныхоо сайн сайхны төлөө оюун мэдлэгээ чилээн “Монгол консерватив” намаа байгуулжээ. Тус нам эдүгээ  олон залуусын хамтын хүч, нэгдмэл сэтгэлээр үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж мөдхөн намынхаа гурван жилийн ойтой золгох гэж байна. Ингээд “Монгол Консерватив” намын дарга Д.Дашдаваагийн яриаг уншигч танаа хүргэе.

-Таныг ийм залуу насандаа бүхэл бүтэн нам байгуулаад яваад явж байгааг харахаар хүүхэд байхдаа хэрсүү, бас мөрөөдөмтгий байсан болов уу гэж бодож байна. Ер нь Монгол Консерватив нам байгуулах санаа хэрхэн яаж төрсөн бэ?

-Миний өнөөдрийн улс эх орныхоо төлөө сэтгэл зовниж, улс төрийн хүчин байгуулаад явж байгаагийн үндэс суурь хүүхэд байхаас тавигдсан гэж боддог. Хүүхэд байхаас тухайн хүний цаашдын зам мөр  тодорхойлогддог болов уу. Үүнд гэр бүлийн суурь хүмүүжил  хамгийн их нөлөөлнө. Хүн нэгдүгээрт дотоод оюун билэг буюу хүмүүжил, хоёрдугаарт боловсрол,гуравдугаарт биеэ зөв авч явах, эрүүл саруул байх гэсэн энэ гурван хүрээнд хөгждөг болов уу гэж ойлгодог.

-Танай намын гол зорилго юу вэ?

-Оюутан байхаасаа эдийн засгийн чиглэлийн уралдаан тэмцээнд оролцож “Эврика” уралдаанд байр эзэлж байлаа. Үүнийхээ хажуугаар  Илтгэх, Мэтгэлцэх урлагт суралцсан. Мөн оюутнуудын дунд Парламентын мэтгэлцээний лигийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулахад 2000 оны лигийн аварга болж байлаа. Сонгуулийн сурталчилгаанд явж улс төр гэдэг ийм байдаг юм байна гэсэн ерөнхий мэдээлэлтэй болсон. Үүний дараа Ардчилсан намд орох санал ирсний  дагуу энэ намтай холбогдож залуун насны аагаар зоригтой ажилласан.

Хийсэн ажлууд маань тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн юм болов уу 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын холбооноос тэргүүний байгууллагаар олон удаа  шалгарч байлаа. Эндээс ардчиллын төлөө тууштай зүтгэж байсан гэж хэлж болох байх аа. Ингэж  улс төрийн нам байгуулснаа хувь тавилан гэж үздэг.

Тухайн үед улс эх орны нөхцөл байдал сайжрахгүй байгааг бидний хэсэг нөхдүүд нэлээд ярилцдаг байсан. Үүний хажуугаар 2008  оноос консерватив үзэл, консерватив үзэлтэй нам монголд хэрэгтэй юм байна гэж яригдаж байсан болохоор ийм чиглэлийн  нам монголд байж болох юм байна гэж үзээд 2012 онд албан ёсоор намаа байгуулж  байлаа.

-Жилээс жилд намын тань үйл ажиллагаа идэвхжиж байгаа. Нийгэмд дэх болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг харж залуу насны эр зоригоор байгуулсан нам тань өнөөдөр  хэрхэн дэмжигдэж байна вэ?

-Бид намаа цаг үеэ олж байгуулсан гэж бодож байгаа. 2016 оны сонгууль иймэрхүү болох болов уу гэсэн  таамаглал ч  байсан.Ороо бусгаа энэ цагт шинэ юмыг авч явна гэдэг амаргүй. Гэсэн ч бид улс эх орноо гэсэн сэтгэлтэй залуучуудаар багаа бүрдүүлээд  гар нийлэн ажиллаж байна. Угаасаа консерватив итгэл үнэмшил  үзэл баримтлалыг дэлгэрүүлэх нь манай намын  гол зорилго. Тийм учраас бид гурван жилийн турш үйл ажиллагаагаа олон нийтэд ойлгуулах, түгээх ажлыг сурталчилж байна. Дэмжиж байгаа хүмүүс олон байдагт талархаж явдаг. Ухарч болохгүй, урагшлах ёстой.

-Консерватив намын бусад намаас ялгагдах онцлог юу вэ?

-Консерватив үзэл монголчуудын зүрх сэтгэлд байгаа. Яагаад гэвэл тухайн улс орны түүх нь агуу бол консерватив үзэл нь агуу байдаг. Тийм учраас монголын консерватив үзэл хүчтэй байх ёстой. Тэгж  байж монгол үндэстнийхээ онцлог оюуны дархлаа, улс төрийн хар хайрцагны бодлогыг цааш нь авч явж хөгжүүлдэг жамтай.

Дэлхийн олон орон үндэсний ёс заншил, түүх оюуны дархлаагаа хамгаалж явна. Манай нам монголд намууд төдийлөн аваагүй үзэл гэдгээрээ онцлог. Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлого хилээс гарч байж Монгол Улс хүчирхэг болж, өөрийн гэсэн эдийн засагтай болно. Улс гүрнүүдтэй улс төрийн түүхэн дээрээ тулгуурлаж улс төрийн бодлого явуулж байгаатай бид эн зэрэгцэнэ. Үүний төлөө шат дараалалтай бодлого хэрэгжүүлэх ёстой.

“Дэлхийн хараатай Монгол -2050” буюу консерватив үзэл дээрээ тулгуурлаж монгол орныг 2050 он хүртэл яаж хөгжүүлэх вэ гэсэн баримт бичиг гаргасан. Барууны намууд хил давсан бодлогуудыг явуулдаг. Бид өөрсдөө залуу, улс төрийн нам маань залуу цэвэр байна. Тийм учраас бид энэхүү итгэл үнэмшлээ цаашид ажил хэрэг болгоно гэж бодож байгаа. Баримт бичгүүдээ хүн болгонд уншуулах хэрэгтэй байгаа ч бүгдэд хүрэхэд нэлээд цаг хугацаа орох нь ойлгомжтой.

-Залуу хүнд зорилго хэрэгтэй гэдэг. Түүн шиг морь жил танд юуг үлдээж, хонь жил юуг авчирч байна гэж бодож байна вэ?

-Морин жил манай намын хувьд дотоод бэлтгэл ажлаа базаасан жил байсан. Яагаад гэвэл бид олон нийт рүү хүрч ажиллахын тулд багаа бүрдүүлэх, хүмүүсийн оюун санаа бодлыг сонсч, бичиг баримтаа бүрдүүлж, нөгөө талаас ард түмэн юу хүсч байна гэдгийг судлах шаардлагатай байсан.Харин одоо 2016 оны сонгуулийн өмнө гурван бичиг гарна.

Энэ нь  Дэлхийн хараатай эдийн засаг 2050, монголын эдийн засаг 2050 он гэхэд яаж хөгжих бололцоотой юм бэ, “Дэлхийн хараатай улс төр” дэлхийн улс орнуудтай яаж улс төрийн харьцаа үүсэх юм, Эзэн монгол-2050  монголын нийгмийн асуудлыг 2050 он хүртэл яаж шийдэх юм, монгол хүний дундаж цалин ямар байх юм гэх мэт бичиг баримтууд гарна.

-Намын хэтийн төлөвлөгөөний тухайд юу хэлэх вэ?

-Улс төр мэдлэгтэй боловсролтой чадвартай хүмүүсийн ордог зүйл. Монголын улс төрд явж байгаа хүмүүсийн улс төрийн арга барил төдийлөн улс төр гэж хэлэхэд хэцүү байна. Монголын улс төрийг хэдхэн нам фракцууд утгагүй болгож байгаа. Залуучуудыг улс төрд орохоор улс төржлөө гэдэг.

\Улс төр, нийгэм болохгүй байгаа болохоор л тэд орж байгаа шүү дээ. Асуудал байгаа учраас монголын шинэ үеулс төрд орж ард түмэн бухимдаж байна. Харин ч улс төрд орж байгаа хүмүүс өөрийн амьдралаасаа илүү гарч,улс эх орноо гэсэн сэтгэлээр  оюун мэдлэгээ зориулж явдаг.