Энэ бол мөнгө хүүлэгчид иргэдийн барьцаа хөрөнгийг хурдан авах гэсэн захиалгын хууль байна
УИХ-ын чуулган
2015.05.29

Энэ бол мөнгө хүүлэгчид иргэдийн барьцаа хөрөнгийг хурдан авах гэсэн захиалгын хууль байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ.

“Иргэний хууль болон 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийн хангуулахад заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилдэг. Энэ нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна.

Иймд газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, мөн үл маргах журмаар үүргийн  гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна” хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарлав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хуулийг дэмжихгүй байна. Манай эдийн засаг бол түрээсийн, мөнгө хүүлэлтийн эдийн засаг. Энэ бол 1900-гаад оны эхэн үеийн зэрлэг капитализм руу явж байна. Байраа алдах хэмжээнд ирээд яах ч учраа олохгүй байгаа хүмүүсийн эд хөрөнгийг шууд үл маргах журмаар хураан авдаг хуультай байж болохгүй гэв.

УИХ-ын дарга З.Энхболд: Энэ нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хүрээнд зохицуулагдах асуудал юм. Монгол Улсын иргэд хоорондоо газар худалдах, худалдан авах харилцааг зохицуулах гэж байгаа. Гадаадын иргэд огт оролцохгүй. Тиймээс хуулийг хэт муутгаж ярихгүйгээр хуулиа батлаад явах хэрэгтэй.

Д.Дорлигжав: Зээл олгодог байгууллагууд тухайн зээлдэгчийн асуудлыг нэг мөр нягталж байж, мөнгөө өгдөг. Мөнгө зээлж авах гэж байгаа хүн гэрээнийхээ нөхцөлд нийцүүлэн хамгийн үнэт капитал болох газраа барьцаалж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгч байгаа. Энэ бол олон улсад жишигт ч байдаг зүйл. Энэ бол хувь хүний өөрийн хариуцлагын асуудал юм.

Л.Болд: Энэ төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Иргэн бүрт газар өмчлүүлэх бодлого хэрэгжиж байгаа өнөө үед иргэдийг газраа эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжсэн хэрэгтэй хууль. Ганбаатар гишүүний хэлсэн болгоомжлол байгаа. Энэ хуульд иргэдийн үл хөдлөх хөрөнгө, эрх ашгийг хамгаалсан заалтуудыг оруулж өгөх нь зөв. Насанд хүрээгүй хүүхдийн газрыг эцэг, эх, ах дүү асран хамгаалагч нь дур мэдэн зарцуулах эрхийг энэ хуулиар хязгаарлах заалт оруулах хэрэгтэй байна.

Д.Дорлигжав: Насанд хүрээгүй, эрхзүйн бүрэн чадамжгүй хүмүүсийн эзэмшлийн газрыг ах, дүү асран хамгаалдаг хүмүүс нь зарж борлуулж болох юм уу гэсэн асуудал байнгын хорооны хурлаар яригдсан. Энэ нь өөрийн асран хамгаалалд байгаа хүүхдийн эзэмшлийн өмч, хөрөнгийн захиран зарцуулахыг зөвшөөрсөн Иргэний хуультайгаа зөрчилдөж байна.

Л.Болд: Газар бол хүүхдийн өмнөөс мэдэж зарцуулдаг хоол унд, хувцас хунарын  төдий асуудал биш шүү дээ. Үүнийг хуулиар хамгаалах л ёстой.

Г.Баярсайхан: Монгол Улсад мөнгө хүүлдэг тогтолцоог эхлээд хэлье. Улсын хэмжээнд 5-6 гэр бүл эдийн засгийг атгаж, мөнгө хүүлж байна. Энэ хуульд иргэдэд сонголт хийх боломж огт байхгүй. Банк, санхүүгийн байгууллагад зээл авахаар очиход хүүгээ тулгадаг, авбал ав, байвал бай гэдэг.

Эцэст нь төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл давж заалдахгүй, шуурхай шийдээд явдаг болж болохгүй. Энэ асуудал ямар зохион байгуулалтад орж, Монголын газрыг ямар хүн хурааж авах вэ. Энэ бол шуурхай шийдэх хууль биш, энэ хуулийг нэг их хүлээж цөхсөн хүн байхгүй байх гэж бодож байна.

Ц.Оюунгэрэл: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Харин хүүхдийн эзэмшлийн газрын асуудал дээр тусгайлсан заалт оруулж өгмөөр байна. Шаардлагатай бол иргэний хуульд хүүхдийн газар эзэмшихтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж болох байх. Газрын үнэ жил ирэх тусам өсөж байдаг.

Хүүхэд 18 нас хүрэхэд газар нь үнэ хүрсэн байна. Хүүхдийн эрхээ эдлэх насанд хүрэхээс өмнө аав, ээж нь газрыг нь хямд үнээр борлуулбал харамсалтай. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад энэ зүйлүүдийг оруулж ирж болох байх.

С.Ганбаатар: Базарын Ширэндэв гуайн номонд Манжийн үеийн мөнгө хүүлэлтийн хүү жилийн 24 хувь байсан гэж бичсэн байдаг. Манайд өнөөдөр жилийн 21 хувьтай байна. Ийм өндөр хүүтэй, бизнесийн орчин бүрдээгүй үед иргэдийн үл хөдлөх хөрөнгийг тавиад туухыг дэмжсэн хууль гаргахыг яарах хэрэггүй.

Цаад санаа нь мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгийг нь хурдан авах гэсэн захиалгын хууль гэж үзэж байна. Энэ асуудлаар маргаан гарахад давж заалдахыг болиулахыг дэмжихгүй, энэ хуулийн төслийг дэмжихгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Энэ нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хүрээнд зохицуулагдах асуудал юм. Монгол Улсын иргэд хоорондоо газар худалдах, худалдан авах харилцааг зохицуулах гэж байгаа. Гадаадын иргэд огт оролцохгүй. Тиймээс хуулийг хэт муутгаж ярихгүйгээр хуулиа батлаад явах хэрэгтэй.

Хашааныхаа газрыг үнэ хүргэх гэсэн иргэдийн эрх ашгийг бодолцох ёстой. Харин хүүхдийн газрыг зарах асуудлыг бүр мөсөн хаасан нь дээр юм байна. 18 нас хүрээд өөрөө эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь үүснэ гэж зарим гишүүдэд залруулга хийлээ.

Гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжих, эсэх эсэх тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжив. Хуулийн төслүүдийг УИХ-ын анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.