Н.Дашдаваа: Эрх мэдлийн төлөө амьсгаа хураахад бэлэн намууд бий
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа
2015.05.29

Н.Дашдаваа: Эрх мэдлийн төлөө амьсгаа хураахад бэлэн намууд бий

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа.

-Монгол Консерватив нам хам­гийн отгон нам болж бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Нам байгуулахад ямар нэг шалтгаан байсан биз?

-Монголын ард түмэн ардчиллын сайн сайхныг үзэх гэж 23 жил хүлээж амьдарлаа. Үнэндээ  ээлжлэн эрх барьж буй хоёр нам Монголын хөгжлийг тодорхойлж чадах үзэл суртал алга. Зөв үзэл сурталгүй болохоор зөв бодлого гарахгүй гацаанд орж байна. Энэ гацаа аль хэдийнэ үүссэн.

Энэ гацаанаас гаргах шинэ үзэл сурталтай, зөв бодлоготой, Монголын ард түмнийг сайхан амьдруулах улс төрийн хүчин хэрэгтэй байгаа юм. Тэгээд энэ намыг байгууллаа.

-Ардчилсан намд та албан тушаал хашиж байсан гэсэн. Яагаад өөр нам байгуулах болов?

-АН-д долоон жил ажилласан. Намын дотор албан тушаалын төлөөх фракцууд олноор бий боллоо. Улс орны эрх ашгаас илүүтэй намын эрх ашиг, намын эрх ашгаас илүүтэй фракцуудын эрх ашиг ихдэж байгаа нь зөв бус зүйл рүү татаж байна л даа. Намын хамгийн гол амин сүнс болсон үзэл баримтлал гэдэг нь үгүй болсон. Намын дарга нь баруун, зүүнээ мэдэхгүй хэмээн мэдэгдэж улс орныг авч явах бодлогоо тодорхойлж чадахгүй байна. Энэ бүхнийг зүгээр хараад суугаад байж чадахгүй нь. 

-Хамгийн гол нь, олон жил зүтгэж, тогоонд нь чанагдчихаад одоо л нэг ялалт байгуулж, засгийн эрх барьж байх үед шинэ нам байгуулсан нь хачирхалтай санагдаад байна?

-Өнөөдрийг биш маргаашийг харж амьдрах ёстой. Монголыг аваръя гэвэл маргааш биш өнөөдөр эхлэх ёстой. Албан тушаалд дуртай байсан бол би ийм үйлдэл хийхгүй. Монголчуудын сайхан амьдрах хүсэл биелэлээ олохгүй байна. Энэ хүслээ биелүүлэхийн төлөө ард түмэн эрх баригч намуудад олон удаа боломж олголоо.

Гэтэл олгосон боломжийг аль ч нам нь ашиглаж, ард түмний төлөө зүйл хийгээгүй. Харин өөрсдөө, тойрон хүрээлэгчдээ олигархи болтол нь ашигласныг ард түмэн харж, мэдэж байна. 23 жил амиа бодох үзлийг амин сүнсээ болгосон либериал үзлийг хуулбарлаж авч хэрэглэсний гай болж байна. Хамтаар сайхан амьдрах ёстой төрийн үүргийг алдагдуулж байна гэж бодсон юм.

-Тэгвэл танай нам юугаараа ялгаатай юм. Үзэл баримтлал нь юу юм бэ?

-Манай намын консервативизм гэдгийг зүгээр л өвгөдийнхөө бүх уламжлалыг хадгалж үлдэж, харанхуйгаар дагаж мөрдөх гэж явцуугаар ойлгож болохгүй. Харин хамгийн сайн уламжлалаа хадгалж үлдэх гэж ойлгох хэрэгтэй. Аливаа уламжлалд хэрэггүй болсон, цаг үеэс хоцрогдсон зүйлс байнга гарч байдаг учраас шаардлагагүй болсон, хоцрогдсон уламжлалыг түүхийн номонд нь бичээд үлдээгээд байх ёстой.

Монголын консерватив үзэл гэдгээр үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж түүндээ тулгуурлан дэлхийн эдийн засгаас томоохон хувь эзэмших, эх орноо дэлхийн топ улсын жагсаалтад дээгүүр байр эзлүүлэх тухай хэлж байгаа юм. Яг л 13 дугаар зууны үеийн Эзэнт гүрний институттэй адилхан. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн үзэл суртал байх ёстой. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрний үед даяарчилсан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан том эдийн засагтай байсан. Үндэстэн дамнасан улс төр, эдийн засгийн бодлоготой байж чадсан учраас Монгол тухайн үедээ хүчирхэг байж чадсан юм.

Ер нь, Монгол консерватив үзэл монгол хүн бүрт байгаа. Түүнийг нь гал болгон дүрэлзүүлэх хэрэгтэй дээ. Бид шинэ зүйл огт яриагүй. Монгол хүн бүрийн цусанд байгаа аагийг ярьж байгаа хэрэг.

-Танайх мэдээж отгон нам учраас гишүүнчлэл 801-ээс  эхэлж байгаа байх. Ер нь, хэдэн гишүүнтэй байна вэ одоогийн байдлаар?

-Улсын Дээд шүүхээс гэрчилгээгээ авсаны дараа намынхаа мөрийн хөтөлбөрийг сурталчилж эхэлнэ. Бид намд хүн элсүүлэхээс илүүтэй мөрийн хөтөлбөртэй олон хүн танилцах боломж олгохыг илүүд үзэж байгаа. Намууд өөрийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөрөөр ялгарах ёстой. Ард түмэн тэр ялгааг нь харж сонголтоо хийдэг байх учиртай.

Гэтэл баруун, зүүнээ мэдэхгүй үзэл баримтлалтай намууд мөрийн хөтөлбөр гаргахаар ард түмэнд ялгаа нь харагдахгүй байгаа юм. Ард түмэнд энэ улс орныг яаж авч нь тодорхой харагдах ёстой. Манай нам бол Монгол консерватив үзэлд тулгуурласан монгол хүний зөв үзэл болон бахархалыг эрхэм болгосон монгол хүнийг улсдаа нэгдүгээрт байхыг зорилгоо болгосон мөрийн хөтөлбөртэй. Удахгүй үүнийгээ олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулна.  

-Нам толгойлж байгаагийн хувьд Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүнгэлж байна вэ?

-Монголын улс төрд шинэчлэлийн Засгийн газар гэсэн сүржин нэртэй том уулын цаана МАНАН татаж байна. Улс төрд үзэл баримтлалын ган болж байна. Эрх мэдлийн төлөө амьсгаа хураахад бэлэн намууд ч бий. Фракцууд албан тушаалын төлөөх аминч үзлийн утга учиргүй тэмцэлдээн эхэлсэн. Монголыг авч явах үзэл баримтлалгүй учраас мухардалд орж, ард түмнээсээ асууя гэдэг сүржин шоу хийцгээж байна. Ард түмнээс асуухаас илүүтэй шийдвэр гаргаж эрх мэдлийг өгөх ёстой.

Ард түмэнд юу хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Үнэнийг хэлсэн хүнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгодог байх ёстой. Ардчилсан нийгэмд эрх баригч ч бай, ямар ч удирдагч ард түмнийг удаан хуурч чадахгүй. Монголын улс төрийг тун удахгүй шинэ нөхцөл байдал хүлээж байгаа. Ард түмний бодол удахгүй өөрчлөгдөнө.

-Таныхаар бол намууд нь болохгүй байгаа юм бол танай нам юу хийх юм бэ?

-Ард түмний амьдрал ямар байгааг эрх баригчид, сонгогдсон хүмүүс мэдэж байгаа. Яаж амьдралыг нь дээшлүүлэхийг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Жишээ нь, Монголын залуучууд өндөр өртгөөр шаардлага хангаагүй хамгийн муу орчинд чанаргүй боловсрол эзэмшиж, үүнийхээ дараа ажил дээр гараад  20, 30 жилийн турш хоёрхон өрөө байрны лизинг л чадан ядан төлж байна.

Залуу насныхаа бүх хөдөлмөрийг зөвхөн үүний төлөө зарцуулж байна. Гэтэл залуучууд маань үүнийг өөрчлөхийг хүсч байгаа. Ахмадууд болохоор хэд дахин илүү өртгөөр мах, сүү, гурил будаагаа худалдан авч байна. Хийж бүтээснийхээ үр шимийг тэд маань насны эцэст ингэж зарцуулахад арай ядан хүрдэг.  Хүмүүсээ ингэж амьдруулах гэж төр орших ёсгүй.

Энгийн иргэдийг нам гэдэг зүйлд талцуулан ялгарал бий болгож нам дагавал ажилтай болж сайхан амьдарна гэж байгаа нь ардчилсан нийгмийн үнэт чанар шударга ёс, эрх, эрх чөлөө, үл ялгаварлах байдлыг уландаа гишгэж байна. Эцэстээ ардчилал байна уу, үгүй юү гэж эргэлзэхэд хүргэж эхэллээ. Хүнд суртал, авлига, хээл хахуулийг амь бөхтэй орших боломж бий болгосоор. Ардчилал үнэн зөвөөр хэрэгжихгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Манай нам ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр байгуулагдсан улс төрийн хүчин.  Ардчиллыг аврахаас өөр аргагүй боллоо.

-Улсын Дээд шүүх танай намыг хэзээ бүртгэж, гэрчилгээ олгох товоо гаргасан уу?

-Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу Улсын Дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Долдугаар сард материалаа өгсөн. Улсын дээд шүүхийн анхны хурал болоод зарим материал нэмж бүрдүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр баримтыг нь бүрдүүлж өргөн барьсан. Улсын Дээд шүүх зун нэгдсэн байдлаар амардаг учраас намар өргөн барь гэсэн юм. 

Тэгээд тэднийг хүндэтгээд бүрдүүлсэн материалаа намар дахин өргөн барьсан л даа. Манай намын журмын нөхөд хуулийн дагуу эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөг баталгаажуулах эрхийг хэтэрхий удааж байна гэж үзэж байгаа. Юу хүлээгээд удаагаад байгааг ойлгохгүй байна.

-Олон нам ардчиллыг өмчлөх гээд булаацалдаад байх шиг. Танайх ч мөн тэгж санагдлаа?

-Ардчилал бол нийгмийн тогтолцоо болохоос аль нэг намын өмч биш. Хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш шүү дээ. Ардчиллыг хэн нэгэн өмчлөх гэж оролдох нь өмчлөхийг хүссэн хүндээ, намдаа аюултай. Ардчиллыг булаалцалдахаас илүүтэй үзэл баримтлалаар ялгарах хэрэгтэй. Бүх нам л ардчилсан нийгэмд амьдарч үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

Манай нам бол ардчилсан нийгэм дэх барууны үзэл баримтлалтай үнэт уламжлалд тулгуурлан, түүгээр хамгаалуулж даяарчлал давалгаанд хүчтэй улс болгох л зорилготой юм. Буруу зүйлийг цаг болохоор өөрөө цэвэрлэдэг хэн нэгэн эрх мэдэлтэн, нам залуурдаж болдоггүй. Авлигачдыг цаг нь болохоор ардчилал өөрөө илрүүлж бас шийтгэнэ.