Н.Дашдаваа: Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл удааширч байгаа нь хардлага төрүүлж байна
2015.05.29

Н.Дашдаваа: Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл удааширч байгаа нь хардлага төрүүлж байна

Монголын Консерватив намаас парламентад суудалтай намуудыг улс төрийн зөвшилцөлд хүрэхийг уриалж байгаа юм. Энэ талаар тус намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа.  

-Танай намаас улстөрчдөд хандан уриалга гаргаж байгаа гэсэн. Яагаад уриалга гаргахаар шийдсэн бэ?

-Парламентад суудалгүй намууд хөндлөнгийн ажиглалт хийж байгаа. Ер нь ажиглаад байхад Засгийн газар маш тогтворгүй байдалд орох эрсдэл бүрдчихлээ. Тэгэхээр улстөрчид Засгийн газраа унагаж тоглох биш хамтдаа зөвшилцлийн журмаар асуудлаа шийддэг байхыг уриалж байгаа юм. Ерөнхий сайдын өргөн барьсан бүтэцтэй холбоотойгоор эрх баригч нам дотор бужигнаан үүсч байна.

Тиймээс нам, фракцийн эрх ашгаа хойш нь тавьж , ард түмнийхээ аж амьдралыг бодолцох шаардлагатай байна. Үндэснийхээ эрх ашгийг бодох цаг нь болсон. Бүрэн эрхийн хугацааныхаа талд нь орсон Засгийн газрыг огцруулаад эдийн засаг сайжрах уу гэдэг нь эргэлзээтэй. Бүтцийн өөрчлөлт хийлээ гэхэд цаг хугацаа л алдаж байна гэсэн үг.

Тэгэхээр энэ Засгийн газрыг дараагийн сонгууль хүртэл ажиллуулаад муу ажилласан бол хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Ингэхгүй улстөрчдийн тохироогоор Засгийн газраа унагавал хор уршиг нь эргээд энгийн ард иргэд амсана шүү дээ. Уг нь намрын чуулганаар маш чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх тов гарчихсан. Ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байхад салбар хариуцсан шинэ сайдаа томилоогүй байх жишээтэй.

Төсвийн тухай хуулийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө батлах учиртай. Гэтэл чуулган эхэлснээс хойш Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай зууралдлаа. Тиймээс жирийн ард түмнийхээ ахуй амьдралд анхаарч, ажлаа хийхийг уриалж байгаа юм. Хоосон улстөржилт ард түмний амьдралыг сөхрүүлэхээс сайжруулахгүй шүү дээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Тиймээс бид шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад эдийн засгаа хөл дээр нь босгохыг шаардаж байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгаа өөд нь татаж байж, иргэдийн амьдрал дээшилнэ шүү дээ. 

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэхээр хамгаалж байгаагаас өөрцгүй юм биш үү? 

 -Хамгаалж байгаа хэрэг огт биш. Үндсэн ажлаа хийхгүй Засгийн газрыг огцруулж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэлээ гээд иргэдэд ямар ач тустай байгаа юм. Улс төрийн намуудыг талцаж, хуваагдахгүйгээр зөвшилцөөд төрийн ажлаа хийхийг уриалсан юм. Засгийн газар ямар ажилласан бэ гэдгийг ирэх сонгуулиар ард түмэн дүнгээ тавина. 

-Парламентад суудалгүй намуудтай Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн олон удаа хийсэн. Хуулийн төсөл нь та нарын гар дээр ирсэн үү? 

-Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа талд нь орчихоод байхад хамгийн чухал хуулиа баталж чадаагүй байна. Уг нь ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулаад жил гаруй болж байна. Парламентад суудалгүй намуудыг саналаа өг гэдэг ч хуулийн төсөл нь одоо болтол гар дээр ирээгүй, нүдээрээ хараагүй байна. Яагаад ингэж удаад байгааг нь мэдэхгүй юм.

Ер нь олон нийтийн анхаарлын төвд байгаа, маргаан дагуулж мэдэх ийм хуулийн төслийг сонгууль ойртохоос өмнө баталсан нь дээр л дээ. Манай намаас хуулийн төсөлд оруулах саналаа бичгээр гаргасан байгаа. Төсөл нь гар дээр ирээгүй болохоор бидний санал орж байна уу, үгүй юү гэдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь хуулийн төслийг боловсруулах ажил удаашраад байгаа нь хардлага төрүүлж байна.