СХД-ийн Онлайн төлөөлөгч Н.Дашдаваа: Олон иргэн саналаа ирүүлж байгаа
2015.05.29

СХД-ийн Онлайн төлөөлөгч Н.Дашдаваа: Олон иргэн саналаа ирүүлж байгаа

Онлайн парламент нь улс төрийн нам хүчний бус иргэд нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан бодлогыг баримталдаг. Энэ ч утгаараа тухайн аймаг, дүүрэгт сонгогдсон  онлайн төлөөлөгчид иргэдийн дуу хоолойг төрд хүргэх гүүр нь болох юм. Улс төрчдийн хоосон амлалтуудыг ажил хэрэг болгохоор зорьж буй төлөөлөгчдийн нэг СХД-ийн Онлайн төлөөлөгч, Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа.

-Онлайн парламентийн 2 дугаар хурал хуралдлаа. Хурлаар хөндөгдсөн асуудлын ач холбогдлын талаар яриагаа эхлэе гэж бодож байна? 

Онлайн парламентийн 2 дугаар хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндсөн. Дотоод  асуудлаа ярилцаж  3 ажлын хэсэгтэй байхаар боллоо.  

Дээр нь үндсэн хоёр асуудал хэлэлцсэн. Нэгтдүгээрт,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хуулинд  өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Онлайн парламентийн түвшинд хэлэлцэхдээ иргэдийнхээ санал бодлыг сонсож, тусгах  зорилгоор хандсан юм.  Онлайн парламентын төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар дараагийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталдаг журмын дагуу Улс төрийн намуудын тухай хуулийг энэ хуралдаанаар  хэлэлцсэн.      

- “НӨАТ”-ын босгыг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэх хуулийн   төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхгүй юу? 

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох зайлшгүй шаардлага байгаа. 200 сая төгрөгийн босго гэдэг нь хуулийн төслийг санаачилсан гишүүдийн тусгасан тоо юм. Эдийн засгийн хувьд 100 сая байх уу, 500 сая байх уу гэдгийг тооцоолоход хэцүү. Тэгэхээр судалгаа хийсэн байж таараа. Онлайн хэлэлцүүлгийн түвшинд яригдаад ирэхээр иргэд, судлаачдын санал бодол ямар байна вэ. Энэ нь яг бодитой тоо юу гэдэг  дээр нарийвчилсан судалгаа, тооцоолол хийгдэх байх гэж ойлгож байгаа. Зарчмын хувьд  энэ босго өндөрсөх ёстой.

Үүний мэдэгдэх хамгийн чухал зүйл бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийг  татварын давхар дарамтанд оруулахгүй байх давуу талтай. Тийм учраас манай улс шиг үйлдвэрлэл дөнгөж хөгжиж , бизнесүүд сэргэж байгаа үед  банкны зээлийн өндөр хүү, хүн ам, аж ахуй нэгжийн орлогын албан татвар гээд  олон татварууд байгаа үед тухайн бизнесийг дэмжих  асар том  боломж бүрдэнэ гэж  ойлгож явдаг. Тийм учраас Онлайн парламентийн төлөөлөгчийн хувьд дэмжиж байна. 

Энэ тал дээр Онлайн парламентаар дамжуулаад олон иргэд өөрсдийн санал бодлыг илэрхийлж байгаа, эдгээр саналуудыг нэгтгэн дүгнээд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг Онлайн парламентаар явуулах ёстой. Иргэдээс гарсан саналыг тусган боловсруулалт хийсний дараа хууль санаачлагчидтай  хамтраад  УИХ-д хэлэлцүүлж, бодит ажил болгох ёстой юм. 

- Улс төрийн намуудын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг болсон. Энэ хэр үр дүнтэй болов?

Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлэг болсон. Энэ тал дээр анхаарал татаж байгаа хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт. Улс төрийн намуудын тухай хуульд намуудын үзэл баримтлалыг давхцалгүйгээр бүртгүүлэх /ижил үзэл баримталтай байж болохгүй/, хоёрдугаарт. намуудын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, санхүүжилт буюу орлого, зарцуулалтын тайлан ил тод байх, мөн хөндлөнгийн байгууллагаар шалгагддаг байх асуудал юм. Нөгөө тал дээр намуудын хариуцлагын тухай асуудал байна.

Намууд ард түмний өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод явдаг. Гэтэл ард түмэнд амласан амлалт нь ЗГ-ын мөрийн хөтөлбөрт бүрэн тусгагдаж байна уу, хөтөлбөрийн хэрэгжилт нь хэр байна вэ гэдэг асуудал юм.  Гуравдугаарт. Намуудын хатуу гишүүнчлэлийн тухай асуудал. Хатуу гишүүнчлэлгүй болох тухай, гишүүнчлэлийн  үр дүнд жирийн иргэдийн дунд талцал бий болгох, бие биенээ гадуурхах үзэгдэл байна. Тиймээс намын гишүүнчлэлгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Дөрөвдүгээрт. Төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрөөс ангид байлгах, улс төрийн намуудын тухай хуулинд төрийн албан хаагчийг намын гишүүнчлэлээс нь түтгэлзүүлэх заалтыг  суулгаж өгөх ёстой гэсэн үндсэн таван асуудлыг хэлэлцсэн.

- Онлайн парламентаар хэлэлцсэн асуудлуудаа хэрхэн  ажил хэрэг болгох вэ? 

Онлайн парламентаар хэлэлцүүлэхээр иргэдээс маш олон асуудал дэвшүүлж байна. Бид асуудал бүр дээр иргэдийнхээ санал бодлыг авч, нээлттэй хэлэлцүүлнэ. Асуудалтай холбогдуулан мэргэжлийн хүмүүс, төрийн эрх барих дээд байгууллагынхныг урьж байр суурийг сонсох, хэвлэл мэдээллээр хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгаа шинжилгээнд тулгуурлан асуудлыг боловсруулсны эцэст шийдвэр гаргах түвшинд хүргэнэ.

Манай онлайн парламент бол иргэдийнхээ дуу хоолойг төр засагт хүргэж, бодит ажил болгохын төлөө өөрсдийн сэтгэлийн дуудлага, итгэл үнэмшилтэй залуучуудаас бүрдсэн байгууллага юм.   Энэ үүргээ төлөөлөгч бүр ухамсарлан, идэвхийлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

- Тойрог дээрээ хэрхэн ажиллаж байна вэ?

Миний хувьд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Тус дүүрэгт 10-аад жил амьдарсан. Ардчилсан Намд байх хугацаандаа энэ дүүргэгтэй холбоотой олон судалгаа хийж байсан. Онлайн парламентын анхдугаар хуралдаанаас хойш тойргийн асуудлаар дахин нилээд судалгаа хийж  байгаа.

Хамгийн гол нь 33 хороо байдаг. Иргэдийг бухимдуулж, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа, тулгамдсан  ямар асуудал байгаа талаар иргэдийн санаа бодлыг сонслоо. Эдгээрийг нэгтгээд онлайнаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Нэмж хэлэхэд видео бичлэг, зургийг нь авч баримтжуулаад иргэдэд ойлгомжтой байдлаар онлайнд тавина. Зиндаа.мн сайтын Сонгинохайрхан гэсэн хэсэг рүү ороод Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа иргэд өөрийнхөө хороо болон дүүргийнхээ асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Таны дэвшүүлсэн санал, санаачилгыг бид бодит ажил болгохын төлөө чармайн ажиллана.

-Танд баярлалаа.