Д.Сумъяабазар: Улаанбаатарын асуудлыг Улаанбаатартаа л шийддэг баймаар юм
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.05.27

Д.Сумъяабазар: Улаанбаатарын асуудлыг Улаанбаатартаа л шийддэг баймаар юм

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд гэр хорооллын дахин төлөвлөлт, газар албадан чөлөөлөх ажлын явцад хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар Хүний Эрхийн Үндэсний комисс, Монголын Эмнести интернэшнл байгууллагад хандсан бөгөөд  иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Эдгээр байгууллагууд түүний илгээсэн албан бичигт хариу ирүүлжээ. 

ХЭҮК хуулиар баталгаажуулсан иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн тухай асуудлыг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа албан бичигтээ дурдсан байна. Харин Монголын Эмнести интернэшнл байгууллагаас ирүүлсэн хариу албан тоотод "Монголын Эмнести интернэшнлээс 2013, 2014 оны "Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал" тайландаа уг асуудлыг хөндөж, Монгол Улс хүний эрх зөрчиж байгааг дэлхий дахинд мэдээлснээс гадна НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт зориулсан тусгай тайланд хүргүүлж, энэ тухай мэдээлсэн билээ" хэмээн онцолжээ. 

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт гурван асуудлыг тавьж байгаа аж. Эхнийх нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм байна. Үүний тулд Нийслэлийн эрх зүйн байдлын болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Газрын хуулийн төслийн уялдаа холбоог нэгдсэн байдлаар хангахгүй бол УИХ-д өргөн баригдсан Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийн хүрээнд хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой гэж Д.Сумъяабазар гишүүн илэрхийллээ. 

Тэрбээр "Дахин төлөвлөлтийн ажлыг бид буруутгаагүй. Гэхдээ энэ ажил иргэдэд асар их хүлээлт үүсгэсэн. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 24 байршил бол гэр хорооллын долоон хувийг эзэлж байгаа. Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 126 дугаар тогтоолоор баталсан журам Үндсэн хуулиас давсан. Барилгажуулах төслийн сонгосон талбайд хамрагдах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 75 хувь нь зөвшөөрсөн нөхцөлд үлдэх 25 хувийн өмчлөгч, эзэмшигчийн газрыг албадан чөлөөлөхөөр тусгасан нь иргэдийн эрхийг зөрчиж байгаа.

Гэр хорооллын иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн асуудал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн түвшинд яригдсаныг Эмнести интернэшнл байгууллага дурдсан байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, дахин төлөвлөлтөд багтсан аж ахуйн нэгжүүд саяхан Бээжин хотод очиж хөрөнгө босгох асуудлаар Хятадын хөрөнгө оруулагч нартай уулзсан. Уг нь Улаанбаатар хотын асуудлыг Улаанбаатар хотдоо л шийддэг баймаар юм" гэв.