Цахимаар газар өмчлүүлэхэд туслах залуусыг бэлдсэн нь иргэдэд илүү боломж олгосон
2015.05.08

Цахимаар газар өмчлүүлэхэд туслах залуусыг бэлдсэн нь иргэдэд илүү боломж олгосон

УИХ-ын гишүүн Л.Болд дүүрэгт ажиллах үеэрээ Өмч газрын харилцааны албаны үйл ажиллагаатай танилцаж, газар өмчлөл, цахим бүртгэл, газрын харилцаатай асуудлаар албаны хүмүүс болон иргэдтэй санал бодлоо солилцсон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр нийслэлд 52 байршилд газрыг цахимаар өмчлүүлэх шийдвэр гарснаас хойш өдгөө 3 дах удаагийн цахим бүртгэл явагдаж байгаа билээ. Багануур дүүргийн хувьд Тариан булгийн 1, 2 дугаар хэсэг, 2 дугаар хорооны Булагтай хэсэгт иргэдэд цахимаар газар өмчлүүлэх шийдвэр гарч 2014, 2015 онуудад энэхүү ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Уг ажлыг зохион байгуулах хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Хан-Уул дүүргийн 16, Багахангай дүүргийн 2 болон Багануур дүүргийн 5 нийт 23 хороо тус бүрт нэг түр ажилтанг сурган цахим өмчлөлд бүртгүүлэх боломжгүй, интернетийн сүлжээнд холбогдоогүй, мэдээлэл дутмаг иргэдэд туслуулахаар ажиллуулсан.

Энэ нь иргэдэд цахимаар газар өмчилж авахад ихээхэн түлхэц болж, мэдээллийг түгээх, бүртгүүлэх боломж олгосон гэдгийг энэ үеэр дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Ш.Отгонбаяр хэлж байлаа. 

Газраа өмчилж, өмчтэй болсны дараа иргэн бүр, өрх бүрт цоо шинэ амьдралын өрнөл бий болох тодорхой шийдлүүд хэрэгтэй. 
 

Манай дүүргийн хувьд 2012 он гэхэд нийт иргэдийн 10 гаруйхан хувь нь газраа өмчилж аваад байсан бол сүүлийн 2 жилд энэ тоо даруй 35 хувь болтлоо өссөн. Энэ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас цахим бүртгэлээр газар өмчлүүлэх байршлуудыг тодорхойлж, төлөвлөлт хийн, иргэдэд шууд өмчлүүлсэнтэй холбоотой гэж хэлж болно. Хамгийн гол нь цахим бүртгэлийн хувьд иргэдэд шинэ тутам байсан учраас тулгамдсан асуудал олон гарч ирсэн.

Иргэдийнхээ төлөөлөл болон УИХ-д сууж буй гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар энэхүү асуудалд анхаарлаа хандуулан тойргийнхоо иргэдэд туслан хороо бүрт газар өмчлүүлэхэд туслах залуусыг бэлтгэн ажиллуулсан нь нүдээ олсон алхам болсныг олон хүн талархан хэлдэг. Энэ жил Багануур дүүргийн нийт иргэдийн 60 хувь нь дүүрэгтээ газартай болно. Нэг үгээр хэлбэл 8 сартай өлгийтэй нялхсаас 80 гарсан буурай хүртэлх хүн бүр газартай болох боломж бүрдэнэ. Харин дүүргийн 8,000 шахам өрхийн 90 хувь нь газартай, өмчтэй болсон гэсэн статистик тоо байна.

Тэрбээр газар өмчилнө гэхээр зүгээр нэг гэрчилгээ авахдаа гол нь биш. Газраа өмчилж, өмчтэй болсны дараа иргэн бүр, өрх бүрт цоо шинэ амьдралын өрнөл бий болох тодорхой шийдлүүд хэрэгтэй. Үүн дээр бид анхаарал тавьж ажиллана. Иргэд нь газартай, өмчтэй, чинээлэг ийм сайхан хотод том хөгжлүүд ирнэ гэдгийг онцлон хэлж цаашид дүүргийн иргэн бүр газартай болохын төлөө ажиллах ёстой гэдгийг ч санууллаа.