Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр тогтолцооны гажиг засагдахгүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж. Батсуурь
2015.05.07

Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр тогтолцооны гажиг засагдахгүй

Цаг үеийн анхаарал татсан асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж. Батсуурьтай ярилцлаа.

-Сонгууль ойртоод улс төр их хөдөлгөөнд орчих шиг боллоо. УИХ дээр одоо ямар асуудал хамгийн их анхаарал татаж байна вэ?

Маш олон чухал асуудлыг хэлэлцэх хойшлуулашгүй шаардлага бий. Түүний зарим нь улс төрийн тогтолцоогоо зүгшрүүлж гажилт, гацааг нь багасгах, зарим нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор цаг алдалгүй шийдэх асуудлууд байна.

Улстөржих, талцах, амбицлах, популизмдахаа түр хойш тавиад тулсан асуудлаа ажил хэрэгчээр шийдээд явахыг олон түмэн шаардаж байна. Би ч мөн ийм бодолтой байгаа даа.

-Тогтолцооны гажилт, гацааг гаргах гэдэг чинь их содон сонсогдож байна. Энэ тухайгаа дэлгэрүүлж хэлэхгүй юу?

Манай улс төрийн тогтолцоо чинь 1990-ээд оны дунд үеэс эхлээд л ноцтой гажиж эхэлсэн, гажилт болгон тодорхой асуудал дээр очоод төрийн механизмыг гацаачихдаг байдал газар авсан.

УИХ-ын заавал шийдэх ёстой асуудлууд дотор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн хуулийн асуудал байгаа.
 

Тэгэхээр тэр гажилт үүсгээд гацаа гаргаад байгаа эрх зүйн үндэс юу байгааг олж арилгахгүй бол Монголын төр орших, эс орших дээрээ тулчихаад байна. УИХ-ын заавал шийдэх ёстой асуудлууд дотор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн хуулийн асуудал байгаа.

-Сонгууль хүртэл бага хугацаа үлдсэн энэ цаг үед Үндсэн хуульд гар хүрч амжих болов уу. Бэлтгэл хэр хангагдсан гэж та үзэж байна вэ? 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш том, хариуцлагатай, үндэсний зөвшилцлийн философи дээр тулгуурлаж хийгдэх ёстой асуудал гэдэгтэй санал нэг байна. Харин бэлтгэлийн тухайд бол би нэг зүйлийг хэлье.

Анх 1996 оны үеэс энэ асуудал тавигдаж эхэлсэн. Тэрнээс хойш бараг бүх Ерөнхийлөгчийн үед ажлын хэсэг байгуулагдсан, парламент, улс төрийн намуудаас ч тодорхой санаачилгууд гарсаар ирсэн. Сүүлийн үед энэ санаачилга идэвхжиж байгаа. 

2011 онд УИХ-ын нэр бүхий 15 гишүүн Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтөөс хоёрыг нь буцаан сэргээх төсөл санаачилсан, өмнөх парламентад Эрдэнэтээс УИХ-д сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн нэр бүхий гишүүдийн хамтаар зөвхөн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх агуулгатай уг хуулийн төсөл санаачилж байсан. Энэ үед ТББХ-ны даргаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг ажиллаж бас багагүй зүйл хийснийг санаж байна.

Тухайн үед парламентад суудалгүй ҮШН буюу одоогийн МҮАН гэхэд Тавдугаар бүгд найрамдах улсын Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа зарлаж, олон нийтэд танилцуулж байсан. Тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсан С.Батболд гишүүн ч улс төрийн намуудын дарга нарыг урьж уулзалт ярилцлага зохион байгуулж хоёр танхимтай парламенттай болгох санал гаргаж байсан. УИХ-ын даргын 27 дугаар захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг одоо ажиллаж байгаа гээд олон баримт хэлж болно.

-Үндсэн хуульд бас өөрчилж болох, болохгүй зүйлүүд бий гэдэг. Энэ асуудлыг зохицуулсан хууль ч гарсан биз дээ?

Үндсэн хууль бол хэн дуртай нь хүссэн үедээ гар хүрээд байдаг хууль биш. Тиймээс ч УИХ арав гаруй жил ярьж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан.

Үндсэн хууль бол хэн дуртай нь хүссэн үедээ гар хүрээд байдаг хууль биш.
 

Түүнд Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлалыг хөвдөж болохгүй байхаар хуульчилсны зэрэгцээ өөрчлөлт оруулах журмыг их тодорхой болгож өгсөн. Тэр дагуу нэмэлт өөрчлөлтийн асуудлыг явуулах эрх зүйн боломж бүрдсэн.

-Таны бодлоор Үндсэн хуульд энэ удаа нэмэлт өөрчлөлт оруулбал ямар ямар асуудлыг, яаж өөрчлөх ёстой вэ? Тэр гажилт, гацаа гэх зүйлүүдийг арилгах утгаар шүү дээ?

Яг тийм зүйлийг тийм томьёоллоор өөрчлөх, тийм томьёолол нэмэх ёстой гэх мэтээр ярих бололцоо бол хязгаарлагдмал, нэг хүний бодсоноор, хэлсэнээр хийдэг зүйл биш л дээ. Харин агуулга, зарчмын хувьд санаагаа хэлж болох юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүнийг сонгох тухай Үндсэн хуулийн заалтад \21-ийн 2\ тодотгох шаардлага бий. “..гишүүнийг... шууд сонгох” гэсэн томьёолол нь сонгуулийн тогтолцооны талаарх маргааны үндэс болдог. Хуульчид, улстөрчид өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Ямар тодотгол нэмэлт байхыг УИХ шийдэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад ажил алба хавсарч болохгүй тухай заалт \29-ийн 1\-ыг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр тодотгосон нь нөгөө “давхар дээл”-ийн асуудлыг үүсгэж гажилт гацааны үндэс болсон.

Ерөнхий сайдаас бусдыг нь “давхар дээл”-гүй байхаар зохицуулалт хийж болох юм. Мөн УИХ нь зөвхөн Ерөнхий сайдыг томилж, Ерөнхий сайд нь Засгийн газрын бусад гишүүдээ бие дааж томилоод хариуцлагаа өөрөө хүлээдэг сонгодог парламентын засаглалын хэлбэрийг сонгох боломжийг авч үзэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байх, ард түмнээс сонгогдоод УИХ-д тайлагнадаг, УИХ нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг огцруулдаг байдлыг өөрчилж нэг тийш болгох шаардлагатай.

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх \39-ийн 2\, зөвшилцөж чадахгүй бол өөрөө шууд оруулах тухай заалтыг эргэж харах ёстой.

-Сонгуулийн тухай хууль ямар шатандаа явж байгаа вэ?

Сонгуулийн хуулийг яаралтай батлах шаардлага бий. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Намын бүлгүүд байр сууриа нэгтгэсэн. Удахгүй хэлэлцүүлэгт орох байх.

-Ямар асуудлууд яаж өөрчлөгдөж байгаа тухайд? 

Хэлэлцүүлэг эхлэлийнхээ шатанд байхад ийм асуултад хариулт өгөх боломжгүй. Ер нь хөндөж өөрчлөх ёстой асуудал нь юу вэ гэдэгтэй холбогдуулж хувь улс төрчийнхөө байр суурийг илэрхийлж болно.Манайд сонгуулийн хууль яригдах болгонд л анхаарлын төвд байдаг хоёр гуравхан асуудал байдаг. Эхнийх нь сонгуулийн тогтолцооны асуудал, дараагийнх нь санал тоолох, төлөөллийг хангах асуудал. Өөрөөр хэлбэл, олонхийн буюу харьцангуй олонхийн, хувь тэнцүүлэх, холимог гэсэн гурван хувилбарын сонголтын асуудал. 

Аль нэг хувилбар нь илүү сайн гэх юм хаана ч үгүй. Гэтэл намуудын төлөвшил сайнгүй, дотроо олон фракцтай, бас улс төр, бизнесийн ил далд бүлэглэлүүд байгаа нөхцөлд олон сөрөг үр дагавар гаргах магадлалтай. Энэ мэт олон зүйлийг хэлж болно. Би намынхаа байр суурийг дэмжиж байгаа.

-Ямар байр суурь билээ?

МАН сонгуулийг зуун хувь хувь тэнцүүлэх зарчмаар явуулъя. “Хар хайрцаг” гээд байгаа цахим төхөөрөмжөө ашиглая . Гэхдээ маргаангүй байх үүднээс бүх тойрогт давхар гараар тоолж баталгаажуулъя гэж байгаа. Харин саналын төлөөлөх чадварыг дээшлүүлэх үүднээс босгыг өндөржүүлэхээс эхлээд хуулийн тодорхой зохицуулалтууд хийж өгөх шаардлагатай.

-Сүүлийн үед УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиудыг нэг хуулиар, бараг нэгэн зэрэг явуулах тухай яриа чих дэлсэх боллоо? 

Зардал хэмнэх, олон нийтэд таалагдах утгаар бол ярьж болох асуудал байх. Таны яриад байгаа санааг хуулийн төсөл хэмжээнд ярьж байгаа юм билээ. Eр нь Үндсэн хуульд тус тусдаа байхаар, бас тус тусгай хуулиар явуулах зохицуулалт бий. Тэгээд ч энэ гурван институци чинь эрх мэдэл, үүрэг, эрх мэдэл авах эх сурвалж зэргээрээ өөр шүү дээ. Нэг caванд чихээд нэг өдөр шахаад хийчихдэг ажил биш болов уу.

-Оюу толгой Таван Толгой гээд төслүүд нэг л явах шинжгүй болчихлоо. Та ямар ирээдүй харж байна вэ? 

Уг нь хамтарч 3асаг байгуулахдаа эдийн засгийн хүндрэлтэй үед том төслүүдээ хөдөлгөж хөрөнгийн эргэлт болгоё, хүндрэлээс болох хохирол багатай гарах арга замыг хамтдаа хайж хэрэгжүүлье. Сонгуулиа түр мартаад улстөржих, амбицлахаа түр азнаад улс ор ард түмнээ бодъё л гэж ярилцаж тохиролцсон шүү дээ. Эхлээд сүрхий явчих янзтай байсан.  Энэ хаврын чуулган эхэлснээс хойш байдал төвөгтэй болчихлоо. Ялангуяа Таван Толгойн хувьд бүр ойлгомжгүй болох төлөвтэй.

-Ер нь ямар хувилбараар гэрээ байгуулах ёстой юм бол? 

Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар биш Монгол Улсын иргэн, эдийн засагчийнхаа хувьд бодлоо хэлж болох юм.Миний ойлгож байгаагаар хувь төрийн МЭДЭ-лиценз нь байгаа Таван Толгойн орд газарт Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалт тэнцсэн хамтарсан концерциум хөрөнгө оруулалт хийж ажиллах гэрээг Засгийн газартай байгуулах тухай л асуудал.

УИХ тийм зөвшөөрлийг нь өгчихсөн. Гэрээ нь ерөнхий агуулгын хувьд бол 30 жилий хугацаатай, лицензийн сунгалтаар 20 жилээр хоёр удаа сунгах боломжтой, бүх татвар хураамжаа хуулийн дагуу төлөөд явах тийм л гэрээ гэж ойлгогдож байгаа. Нарийн тооцоо, нөхцлүүдийг нь мэргэжлийн хүмүүс ажиллаад хийсэн байх ёстой. Бүх хариуцлагыг Засгийн газар ард түмний өмнө, УИХ-ын өмнө, УИХ-ын хариуцах үүрэгтэй. 

Харин одоо нэгэнт УИХ-аар ярих болчихсон учраас УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхдээ УИХ хэдхэн гол зарчмыг баримаар санагдаж байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд улстөржихөөс аль болох зайлсхиймээр байна. 

-Иргэдийн 1,072 хувьцааны тухайд?

Тэр бол “Эрдэнэс Таван Толгой” гэдэг 100 хувийн төрийн өмчийн компанийн иргэддээ олгосон, нэг ёсондоо Засгийн газрын хувьцаа. Энэ компанид хөрөнгө оруулалт хийгдээд компани мөнгөтэй болоод ирвэл аяндаа үнэ цэнэтэй болоод эргэлтэд ороод явчих ёстой зүйл.