Р.Бурмаа: Орон нутгийн сонгуульд жагсаалтаар сонгодгийг болиулж байгаа
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.04.21

Р.Бурмаа: Орон нутгийн сонгуульд жагсаалтаар сонгодгийг болиулж байгаа

Сонгуулийн тухай хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барина. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ажиллаж байгаа юм. Өчигдөр Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд мэдээлэл өгсөн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-СОНГУУЛИЙН СИСТЕМ ДЭЭР АЖЛЫН ХЭСЭГ, БҮЛГҮҮДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА-
-Cонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд мэдээлэл өглөө. Хуулийн төслийн явц ямар байна. УИХ-д өргөн барихад бэлэн болсон уу?

Сонгуулийн хуулийн ажлын хэсэг долоон удаа хуралдаж, таван удаа хэлэлцүүлэг хийсэн. Санал авах ажиллагаа 40-өөд удаа зохион байгуулагдсан. Хамгийн сүүлд 680 хүнийг хамруулсан онлайн хэлбэрээр санал авах хэлэлцүүлгийг хийсэн. Санал солилцох уулзалтад ирүүлсэн саналыг нэгтгээд ажлын хэсгүүдэд өгсөн. Өнөөдөр /өчигдөр/ бүлгүүд дээр тайлангаа тавилаа.

Хоёрдугаарт, сонгуулийн хуулийн эхний хувилбарыг танилцууллаа. Орон нутгийн Их хурлын, Ерөнхийлөгчийн, Нийслэлийн гэсэн дөрвөн тусдаа байсан хуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулж байгаа. Үүнд, ерөнхий ангилалд нь сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зохицуулалтууд орж байгаа.

-Тухайлбал?

Нэрийн жагсаалтыг хэрхэн гаргах, сонгууль зохион байгуулах байгууллагын эрх үүрэг, харилцаа, сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшихэд бүрдүүлэх материал, сонгуулийн санхүүжилттэй холбоотой тайлан хэрхэн гаргах, сонгуулийн маргаан зэрэг зүйл заалтууд нь ерөнхий ангилалдаа нэлээн нарийвчилж орсон. Түүний дараа Их хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн хугацаа, нэр дэвшүүлэх, субъект, нэр дэвшигчдэд тавих шаардлага, сонгуулийн систем тусдаа зохицуулалтаар явагдаж байгаа.

Сонгуулийг нэг хуулиар явуулснаараа сонгуулийн нэр томьёо ойлгомжтой, сонгуулийг зохион байгуулахтай холбоотой, харилцаанд орж байгаа субъектуудын ажил үүргийн хуваарь тодорхой болж байгаа. Тухайлбал, нэрийн жагсаалтыг хэн гаргах вэ, нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг хэрхэн барагдуулах вэ гэх мэтчилэн энэ зохицуулалтууд нарийвчлагдсан.

-Сонгуулийн хуулийн эхний хувилбарыг танилцуулсан гэлээ. Тэгэхээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах эхний хувилбар нь гарсан гэсэн үг үү?

Орон нутгийн сонгуулийн хууль дээр хуучин 3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос нэр дэвшсэн хүмүүс сонгогддог байсан бол одоо намын нэрийн жагсаалтаар сонгодгийг нь болиулж байгаа. Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нэгээс олон мандаттай тойрогоос мажоратор буюу хүнийг нь сонгодог тэр тогтолцоогоор сонгогдоно. Бие даан нэр дэвшиж болно, мөн нам нэр дэвшүүлж болно.

Орон нутгийн сонгуулийн тогтолцооны хувьд санал зөрөхгүй байгаа. Харин Их хурлын сонгуулийн систем дээр нэлээд санал зөрөлдөөнтэй байна. Энэ сонгуулийн системийг бүлгүүд дээр ярьж байна. Мөн улстөр судлаачид, парламентад суудалгүй намуудаас ирсэн саналууд байгаа. Эдгээр саналыг дахиж ажлын хэсэг дээр нягталж ярьсны дараа, олонхиороо тогтсон системээ оруулаад энэ хуулийг өргөн барина.

-МАН-ын бүлэг мажоратор системээр явуулна гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Тиймдээ ч сонгуулийн тогтолцоог ард нийтийн санал асуулгаар шийдэх санал гаргаж, тогтоолын төсөл өргөн бариад байгаа. Энэ саналыг харгалзаж үзэх үү?

Ард түмний санал асуулгын дүн хүлээгээд байвал дараагийн сонгууль бараг болчих гээд байна. Тийм учраас Сонгуулийнхаа хуулийг өргөн барья. Сонгуулийн систем дээр ажлын хэсэг бүлгүүдээс санал авч байна. Цаг хугацаа давчуу учраас сонгуулийн системээ оруулаад сонгуулийн хуулиа даруй өргөн бариад хэлэлцүүлгээ эхлүүлэх нь зүйтэй гэж харж байна. Энэ үед ард түмний саналыг  асуух уу гэдэг шийдэгдэх байх.

-ХУВЬ ХҮН ХОЁР САЯ, ХУУЛИЙН ЭТГЭЭД 10 ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГ ИХ ХУРАЛД ХАНДИВЛАЖ БОЛНО-
-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль хоёрыг нэг өдөр хийхээр хуулийн төсөлд тусгаж байгаа юу. Тусдаа хийхээр иргэдийн идэвхи сул байдаг. Дахин сонгууль явуулахаас эхлээд зардал, мөнгө их гардаг гэх шүүмжлэл байдаг?

Ирц 50 хувьд хүрэхгүй байна. Дахин сонгууль явахад бүр ирц нь дорддог. Тэгэхээр нийт иргэдийн 50 хувь нь хүрээгүй, түүнээс бага санал авсан нам Орон нутгийн сонгуульд олонхи болоод байна. Аль болох ирцтэй байлгах, санхүү, эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй байх үүднээс Их хурал, Орон нутгийн сонгуулийг хамт хийх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр байна гэсэн заалт тусгагдаад  явж байгаа.

-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн зохицуулж байгаа вэ. Сонгуулийн зардалд дээд хэмжээ тогтоож өгөх үү. Хуулийн төсөлд санхүүжилтийн хэмжээг бууруулж оруулсан уу, эсвэл өсгөх үү?

Өмнө нь 800 сая төгрөг гаргаж болно гэсэн зохицуулалт хийж байсан бол энэ удаад ингэж их зардал гаргана гэж хөөрөгдөх нь буруу гэж үзэж байгаа. Тэгэхээр аль болох сонгуулийн зардлыг багасгаж байгаа. Хяналттай байх үүднээс шалгууруудыг нь тодорхой зааж өгсөн. Шалгуурууд дээр үндэслээд Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгнө. Тухайлбал, дээд хэмжээг тогтоохдоо тухайн тойргийн газар нутгийн хэмжээ, сонгогчдын тоог үндэслэнэ.

-Хандиваар мөнгө босгох зохицуулалт байгаа юу?

Хандиваар мөнгө босгож болно. Нам эвслүүд сонгууль болохоос жилийн өмнө хандивын дансаа нээж болно. Гагцхүү тэр данснаас зарцуулах эрхгүй байна. Өмнө нь нэр дэвших эрхээ авсны дараа хандивын асуудал, зарцуулах хоёр нь зэрэг яригддаг байсан. Сар хүрэхгүй хугацаанд сонгуулийн зардлаа босгоод, сонгуульд оролцоод явна гэдэг бол ялангуяа шинэ нэр дэвшигчдэд хүндрэлтэй. Тийм учраас сонгуулийн хандивын дансыг эрт нээх нь зүйтэй гэж үзсэн байгаа.

-Хандивын хэмжээний хувьд?

Хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэл Их хуралд хандив өргөж болно. Хандив өгч байгаа болон хандивын зарцуулалт ил тод байна.

-Сонгуулийн дараа маргаантай асуудлууд гардаг. Маргааныг зохицуулах эрхзүйн орчин  тодорхойгүйгээс олон сар жилээр маргаан сунжрах тохиолдол гарч байсан. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Сонгуулийн маргаантай холбоотой асуудлууд нэлээд шинэчлэгдсэн. Их хурлын маргаан хоёр, гурван жил үргэлжлээд шийдэгдэхгүй явдаг. Үүнийг дээд тал нь 60 хоногт шийдэхээр зохицуулж байна. Нэр дэвшигч түр үнэмлэхээ авсан ч юм уу, тангараг өргөснийх нь дараа нэр дэвшигчийг жагсаалтаас хасах хэмжээний зөрчил гаргасан нь тогтоогдвол хэдийгээр УИХ-ын гишүүний, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсонд тооцсон гэсэн үнэмлэхээ авсан байсан ч тэр нь хүчингүй болох зохицуулалтыг хийж өгсөн байгаа. Мөн Сонгуулийн үеэр гаргасан зөрчлийн хариуцлага нэлээд өндөр болсон байгаа. Сонгуулийн үеэр гарсан маргааныг хэн, хэрхэн яаж шийдэх вэ гэдэг заалтыг нарийвчилж оруулсан. Тойргийн хорооны нарийн бичгийн дарга нар хаалгаа түгжчихээд, нэг бол тамгаа аваад зугтчихаад асуудал шийдэгдэхгүй явж, явж хууль зөрчсөн хүмүүс нь тангаргаа өргөчихдөг ийм байдал өмнө нь байсан бол одоо энэ хуулинд байхгүй.

-ХУУЛЬ ЗӨРЧИЖ СОНГОГДСОН НЬ ТОГТООГДВОЛ ДАХИН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ТӨЛҮҮЛНЭ-
 -Саналыг мэдээж автомат машинаар тоолох байх. Гараар давхар тоолох ёстой гэсэн саналуудыг улс төрийн жижиг намууд хэлж байсан?

Саналыг автомат машинаар тоолно. Гар аргаар саналын хуудсыг тоолох зохицуулалт бүх сонгуульд орохоор байгаа. Өмнө нь Их хурлын сонгуульд байхгүй, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд байсан бол одоо бүх сонгуульд гар аргаар тоолох зохицуулалт орж байгаа. Сонгуулийн эцсийн дүн бол автомат машины дүн байна.

-Хууль зөрчиж гишүүн болоод тангаргаа өргөчихсөн хүнийг эгүүлэн татлаа гэж бодоход дахин сонгууль явуулах уу?

Хууль зөрчөөд сонгогдсон гэдэг нь дараа нь тогтоогдоод үнэмлэхийг нь хүчингүй болголоо гэхэд дахин сонгууль явуулах үеийнх нь зардлыг тухайн хүнээр нөхөн төлүүлнэ гэсэн эдийн засгийн хөшүүргүүд орсон.

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, доромжилсон нь тогтоогдсон тохиолдолд?

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, доромжилсон нь тогтоогдвол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөхөн төлбөр төлнө гэдэг зохицуулалтууд байгаа.

-Нэг удаа жагсаалтаар Их хуралд орсон бол дараагийн удаа тойргоос нэр дэвших талаар Ардчилсан намын бүлэг дээр яригдсан уу?

Нэг удаа жагсаалтаар сонгогдсон бол дахин сонгогдох уу, үгүй юу гэдгийг нам өөрөө шийднэ. Намын өөрийн журам зохицуулалтаараа зохицуулж болно.

-Сонгуулийн тухай хууль дээр бүлгүүд ямар саналыг дэмжиж, ямар саналыг эсэргүүцэж байна вэ?

Сонгуулийн зардлыг буулгах тал дээр намын бүлгүүд нэг саналтай байна. Сонгуулийн үеэр гардаг маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх дээр мөн санал нэг байна. Сонгуулийн систем дээр хэд, хэдэн хувилбар яригдаж байгаа ч арай эцэслэн шийдээгүй байна.

-Хуулийн төслийг яг хэзээ УИХ-д өргөн барих вэ?

Ирэх долоо хоногт ажлын хэсэг хуралдана. Тэгээд өргөн барих асуудлаа ярина. Миний хувьд ирэх долоо хоногт өргөн барихад бэлэн байна.

-Сонгуулийн сурталчилгааны зардлыг хязгаарлаж байгаа юу?

Сонгуулийн үеийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг хязгаарлахаас гадна нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бодитоор багасгасан. Сонгуулийн сурталчилгааны самбарыг нийтийн эзэмшлийн газруудад үнэ төлбөргүй тавих, гэрлийн шон, замын хажуугийн  самбар дээр үнэ төлбөргүй байршуулна. Дээрээс нь нөгөө нэр дэвшигчийн сурталчилгааг адил тоогоор байршуулна. Мөн сонгуулийн үеэр МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнэ нь сүүлийн зургаан сарын дундаж үнээс хэтрэхгүй байхаар зохицуулсан.