“Саналын хуудсыг солих зэргээр сонгууль будлиантуулсан этгээд төрийн албанд ажиллах эрхгүй”
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцсон юм. Түүнээс Сонгуулийн тухай хуульд орсон шинэ заалтуудын талаар тодрууллаа.
-“Шударга ёс” эвслийн бүлгээс Сонгуулийн тухай хуультай холбогдуулан ямар санал гаргасан бэ?
Автомат машинаар санал асуулга явуулсны дараа хяналтын тооллого явуулах үе шатыг илүү нарийвчлах санал гаргаж байна. Одоо мөрдөж буй хуульд зааснаар орон нутгийн сонгуульд 18 нас хүрсэн иргэн өрсөлдөх боломжтой. Үүнийг 25 болгон өөрчлөх саналыг Г.Уянга гишүүн гаргасан.
Шаардлагатай бичиг баримтаа Сонгуулийн хороонд ирүүлээгүй эсвэл худлаа мэдүүлсэн бол тэр намыг дараагийн сонгуульд бүртгэхгүй.
-Намуудын зөрчилдөж байгаа гол заалт нь сонгуулийн систем. Энэ тал дээр шийдэлд хүрсэн үү?
Сонгуулийн системийн тухайд хэд хэдэн хувилбар яригдаж байна. АН-аас 38 суудал нь мажоритар, үлдсэн 38 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдох гэсэн холимог хувилбарыг хамгаалж байна. Одоогоор төсөлд 48 нь мажоритар хэлбэрээр, 28 нь намын нэрсийн жагсаалтаас сонгогдоно гэсэн хувилбарыг тусгасан байгаа. Мөн эдгээр 28 хүний нэрс саналын хуудсан дээр байж, иргэд сонголтоо хийх боломжтой байх ёстой гэсэн санал ч гарсан.
-Орон нутгийн сонгуультай холбоотой ямар өөрчлөлтүүд туссан бэ?
Орон нутгийн болон парламентын сонгуулийг хамтатган хийх нь зүйтэй гэж манай ажлын хэсэг үзсэн. Ингэснээр сонгуулийн зардлыг бууруулах боломжтой. Орон нутгийн сонгуульд улс төрийн намын нэрсийн жагсаалтаар иргэдийн хурлын нийт гишүүдийн 1/3 нь сонгогддог байсан. Энэ нь ихээхэн шүүмжлэлд өртдөг. Иймд иргэдийн төлөөлөгчдийг сонгохдоо намыг нь бус, хувь хүнийг нь чухалчлах ёстой гэж үзэн, энэ хувилбараар тусгасан. Гэхдээ нам нэр дэвшүүлж болохын сацуу иргэд бие даан нэр дэвших боломжтой.
-Сонгууль бүрийн дараа маргаан гардаг.
Шинэ хуулийн төсөлд сонгуулийн маргааныг шийдвэрлэх асуудал жигдэрсэн. Ямар маргааныг хэдий хугацаанд, хэн хэрхэн зохицуулах вэ гэдгийг нарийвчлан заасан. Тойргийн хороонд өргөдөл ирсэн байхад шийдэлгүй дарсан байдаг. Сонгуулийн маргаан дээд тал нь 60 хоногт шийдвэрлэгдэнэ. Мөн сонгуулийн хэсэг, хороонд ажиллагсад саналын хуудсыг солих гэх зэргээр сонгуулийг будлиантуулсан бол төрийн албанд ажиллах эрхгүй болно.
Улс төрийн намуудад хүлээлгэх шинэ хариуцлага нь санхүүжилтийн болон зардлын тайлантай холбоотой. Шаардлагатай бичиг баримтаа Сонгуулийн хороонд ирүүлээгүй эсвэл худлаа мэдүүлсэн бол тэр намыг дараагийн сонгуульд бүртгэхгүй. Сонгуулийн зардлыг бууруулах зорилгоор иргэдэд үнэ төлбөргүй тараах зурагт хуудсуудыг хаана байршуулахыг ч нэг бүрчлэн заасан. Энэ нь бүх нэр дэвшигчид тэгш боломж олгох юм. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг ч зохицуулсан.
Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн үеэр гарах зардлын дээд хэмжээг 500 сая төгрөг гэх мэтээр их өндөр тогтоодог байсан. Харин одоо ямар тооцоонд үндэслэн сонгуулийн зардлыг батлах аргачлалыг нь зааж өглөө. Үүнийг Аудитын газраас хянана. Хувь хүн 2 хүртэл, хуулийн этгээд 10 хүртэл сая төгрөгийг нэр дэвшигчид хандивлах боломжтой. Мөн эдгээр мэдээлэл шилэн дансны хэлбэрээр олон нийтэд ил тод байх ёстой. Сонгуулийн сурталчилгааны заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ч өндөрсгөсөн.
Мөн өмнө нь тухайн нэр дэвшигч тангараг өргөчихсөн л бол УИХ-ын бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг хаалт тавин, тухайн хүнийг түдгэлзүүлэх боломж хомс байсан. Хэдий шүүхийн шийдвэр гарч, сонгууль будлиантуулсан нь батлагдсан ч тухайн хүнийг эргүүлэн татаж чаддаггүй байсан. Шинэ хуульд энэ байдлыг хаасан. Тангараг өргөсний дараа хууль зөрчсөн нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгох юм. Энэ нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах гэдгээр биш энэ хүнийг ард түмэн сонгоогүй гэдэг үндэслэлтэй байна.
-МАН бүх ард түмний санал асуулга явуулахаар бэлтгэж байна.
Санал асуулга явуулан, дүн гарах хүртэл хугацаа шаардлагатай. Дараагийн сонгууль ойртсон учир хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулах боломжгүй. Хэлэлцээд явж байтал үнэхээр ард түмний санал асуулгын дүн гарч, тэр дагуу сонгуулийн системээ өөрчлөхөөр болвол тухайн үед нь хуульд өөрчлөлт оруулах боломжтой.
Тангараг өргөсний дараа хууль зөрчсөн нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгоно. Энэ нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах гэдгээр биш энэ хүнийг ард түмэн сонгоогүй гэдэг үндэслэлтэй байна.
-Намын жагсаалтаар өндөр дээд албан тушаалд очдог хүмүүсийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?
Дан, давхар дээлний асуудлыг шийдсэн. УИХ-ын гишүүн энэ ажлаа л хийнэ. Зөвхөн Ерөнхий сайд л давхар дээлтэй байж болно. Хэрэв сайд болвол намын жагсаалт дахь түүний дараагийн хүн УИХ-ын гишүүн болно.
-Тэр хооронд Засгийн газар нь унавал яах вэ?
Сонгосон бол сонгосноороо л явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сайдаасаа огцорч, дахин УИХ-ын гишүүн болох боломжгүй.
УИХ дахь АН-ын бүлэг ирэх долоо хоногт Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаас мэдээлэл сонсох юм. Ингэж намын бүлгүүдээр хэлэлцсэний дараа сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг хуралдсан, төслөө байнгын хороонд шилжүүлэх аж.