Сонгуулийн системийн Солбио ярилцлага (егөө)
Хэтрүү Дөш
2015.04.20

Сонгуулийн системийн Солбио ярилцлага (егөө)

Хэтрүү Дөш гуай бол таван сонгууль дараалан босоо байж, Их хурлын суудалд хачиг шиг бөх шигдсэн хашир чоно. Сонгуульд чухам аль систем нь таарах вэ, пропорциональ уу, мажоритар уу гэдгийг хэнээс ч илүү ялгаж салгаж, үнэн зөв хариулт өгч чадах нэгэн бөлгөө. Ингээд түүнтэй сонгуулийн системийн тухай солби бүлт хөөрөлдсөнөө уншигч танаа толилуулж байна.   

-Хэтрүү Даш гуай. Та хэтрүүлэггүй хариулаарай. Маш чухал сэдвэр ярилцах гэж байна шүү!

-Тэгэлгүй яах вэ. Сонгуулийн систем гэдгийн талаар буруу зөрүү үг хэлээд сууж байх хүн энэ чухал үед байж болох уу даа? Ах нь чин үнэн үгээ л өчнө гэж амлая.     

-Баярлалаа. Хуучин цагт наадамд тав түрүүлж дархан аварга болдог байсан. УИХ-д тав сонгогдохоор дархан гишүүн болох уу?

-Ай даа, хүү минь чи загатнасан газар маажих шиг л сайхан асуулаа. Тав дараалан сонгогдоно оо гэдэг чинь ард түмэн тэр хүнийг бусдаас гойд илүү хайрладаг гэсэн үг, мөн үү. Тэр гишүүнд өрсөлдөгч байхгүй гэдэг батлагдаж байна, мөн үү. Ийм батлагдсан лидерийг дархлах ёстой, мөн үү. Мөн.

-Дархлана гэхээр яана гэж? Адуу мал сэтэрлэдэг шиг сэтэрлэнэ гэсэн үг үү?

-Ээ дээ, мөн шүү. Сэтэрлэх ёстой. Манай нагац ахын адуунд нэг хөгшин шарга морь байж билээ. Тэр морь сэтэртэй. Унаж эдлэхгүй. Идшинд хэрэглэж болохгүй. Зөнгөөрөө идэж уугаад л, сайхан таргалаад л, үүрэглээд л зогсож байдаг сан. Хөгшин шаргыг хэн ч “Чүү!” гэж цочоохгүй. Хэнбугай ч “Хаая!” гэж хорих эрхгүй, мөн ч гоё. 

-Арай ч хэтрэх юм биш үү?

-Хэтрэхгүй. Харин ч багадна. Хойд насандаа ч бас Их хуралд автоматаар суух эрхийг үргэлжлүүлэн олгож, сэтэрлэвэл зохилтой. Миний бие эрхэм гишүүнд дархан цол олгож, сэтэрлэх тухай хуулийн төсөл бичиж эхэлсэн. Уул нь Германы ч юм уу, Швейцарийн ч юм уу бэлэн хууль хуулчих санаатай “google”-ээс хайсан чинь ердөө олдохгүй байгаа л даа. Бэлэн хууль олдчихвол амар байдгийм. Орчуулгын товчоонд өгөөд л болоо.     

-Үндсэн сэдэв рүүгээ орцгооё. Сонгуулийн систем гэж ер нь юу юм бэ?

-Монголоор сисчээм, оросоор систем гэдэг зүйл чинь дотроо их олон янз. Услалтын систем, үйлдлийн систем, мэдээллийн систем, цусны эргэлтийн систем, Менделеевийн үелэх систем гээд тоочвол өнөөдөр дуусахгүй. Дээр үед социалист сисчээм байснаа нурсан. Социалист сисчээм гэж байгаа юм чинь, ардчилсан сисчээм гэж бас байж таарах гээд байгаа юм. Ер нь сайтар судлаж ангилах хэрэгтэй л дээ.

-Дөш гишүүн ээ, та хадуураад явчихлаа бололтой. Сонгуулийн системийн тухай ярьж өгөөч гэсэн шүү дээ.

-Би хадуураагүй ээ. Тойруу замаар сэдэв рүүгээ дөхөж яваа ухаантай юм. Ер нь улстөр гэдэг чинь тойруулж, удаан ярьж хүний тэвчээрийг барах урлаг юм шүү дээ. Сонгуулийн систем гэдэгт нэг өгүүлбэрээр тодорхойлолт өгөхөд ярвигтай. Услалтын системээр өдөр бүр ус урсдаг бол, сонгуулийн системээр дөрвөн жилд нэг удаа хүн урсдаг.

Зарим жил илжиг, зарим жил ямаа ч урсаад ороод ирсэн тохиолдол бий. Сонгуулийн систем гишүүдийг сольж сэлгэдэг байхад Менделеевийн үелэх систем эсрэгээрээ, элементүүд нь байрандаа үүрд мөнх хадагдсан байдаг. Үелэх систем шиг ийм л сонгуулийн системтэй болоод, үүрд гишүүн суучих юмсан гэж бидний хэдэн гишүүд их чармайж, олон талаас нь бодож, өдөр шөнөгүй шийдэл хайж байна даа.

-Ийм системийг бодож олж чадах болов уу?

-Чадахаас өөр зам байхгүй. Чадахгүй бол бид хоолноосоо салчих гээд байгааг ойлгож байна уу даа, хүү минь.

-Мажоритар систем гэж ер нь юу вэ?

-Мажор гэдэг үгнээс үүсэлтэй. Ля мажор гээд хөгжмийн термин байдаг даа. Тойрогтоо хэн сайхан дуу зохиож дуулсан нь ялдаг гэсэн үг. Энэ системээс болж ах нь бүхэл бүтэн арван зургаан жил тойрогтоо дуулж, таг сөөнгө болсон.

Бас сумын сургуулийн дээврээс ус гоожсон ч, тамгын газрын жорлонгийн суултуур бөглөрсөн ч, Дорж гуай эхнэр Дулмаагаа зодсон ч, ер нь ямар л асуудал суманд гарна над руу утасдана. Нэг үгээр тойргийнхоо хүн бүртэй тулж ажиллахад мажоритар системийн учир утга оршдог юм.

-Пропорциональ систем гэдэг нь ямар учиртай вэ?

-Мэргэжлийн тамирчдыг про гэдэг дээ. Яг л түүн шиг. Жагсаалтад нэрээ оруулчихаад л санаа амар хэвтэж байна. Нэг өглөө сэртэл сонгогдчихсон байна. Нөгөө үгээр мэргэжлийн статустай про гишүүн болж байгаа л гэсэн үг.

-Энэ хоёрын аль нь Монголд тохирох юм бэ? Хүн бүр л өөрөөр тайлбарлах юм.

-Аль нь ч тохирохгүй. Алийн болгон гаднын юмыг дууриах вэ? Өөрийн гэсэн монголитар гэдэг сонгуулийн системийг бодож олмоор байна. Тэгсэн цагт л Монгол улс монголоороо үлдэнэ.

-Монголитар систем гэдгээ тайлбарлаж өгөөч?

-Одоохондоо бодож олоогүй байгаа учраас тийм гэх юм алга. Ерөнхийдөө гол хоёр зарчмыг нь хэлж өгч болно. Нэгдүгээрт: Аливаа хүн гишүүний суудалд суусан л бол зуун милийн орос хадаасаар хадчихсан юм шиг ховхордоггүй байх.

Хоёрдугаарт: Сонгогчид гишүүнээсээ ямар нэг юм шаардаж ядаргаа болдоггүй байх гэдэг үндсэн зарчимтай байх ёстой гэж тогтоосон. Энэ системийн загвар, хорин мянган хувьсагчийг тооцоолж олоход тун их ярвигтай л даа. Гэхдээ ямар ч хүндрэлтэй байлаа гэсэн загвараа бүтээнэ гэсэн эрмэлзэл дүүрэн байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Эрхэм гишүүн Хэтрүү Дөш танд суудалдаа мөнхрөхийн билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  

-Ерөөл бат оршиг ээ!   

 Егөөдсөн А.АМАРСАЙХАН