Б.Гарамгайбаатар: Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана
УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Тавантолгойн гэрээний төсөл дээр ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч Л .Эрдэнэчимэг нар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд өчигдөр мэдээлэл хийсэн байна.
УИХ-ын дарга ажлын хэсгийг дүгнэлтээ 7-14 хоногийн дотор оруулж ирэх үүрэг өгсөн аж.Ажлын хэсгээс эхний хоёроос гурав хоногт авсан мэдээллээ АН-ын бүлэгт танилцуулжээ. Өмнө нь бүлгийн хуралдаанаар Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, “Энержи Ресурс” компанийн удирдлагууд, төслийг ахлан ажиллаж байгаа М.Энхсайхан сайд зэрэг бүх талын мэдээллийг тэнцвэртэй байдлаар сонссон. Үүний дараа ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан юм. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болох юм байна. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Иймд богино хугацаанд энэ асуудлын шийдлийг гаргах ёстой. Үүн дээр бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа гэдгээ албан ёсоор хэлье” гэв. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Танай намаас ажлын хэсэгт орсон зарим гишүүн гарах хүсэлтээ өгсөн байсан. Энэ талаар тодруулна уу?
Бид УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн эхний өдрүүдийн ажлын талаар бага зэрэг мэдээлэл авсан. Ер нь сэтгүүлчдэд нэг зүйлийг анхааруулмаар байна. Иймэрхүү төвөгтэй асуудлыг бүлгийн хурлаас шийдвэрийг нь сонссон нь дээр. Учир нь ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд тусдаа мэдээлэл хийж байсан. Үүний оронд бүлгийн хурал дээрээ сууж байгаад хамтдаа мэдээлэл хийсэн нь илүү оновчтой болов уу. Ер нь Тавантолгойн асуудал өнөөдөр ямар төвшинд, яаж шийдэж байгааг ажлын хэсгийн ахлагчаас мэдээлэл төдий зүйлийг сонссон.
-АН-ын генсек Л.Эрхэмбаяр Таван- толгойн асуудлаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Түүний хийсэн мэдээлэлтэй АН-ын бүлэг ижил байр суурьтай байгаа юу?
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан тухайд АН-ын генсек Л.Эрхэмбаяр мэдээлэл өгсөн. УИХ дахь АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна.
-Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани төслийн 51хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг танай намын Гүйцэтгэх зөвлөл гаргасан. Энэ компани үнэхээр “Энержи ресурс” шиг санхүүгийн хувьд чадамжтай юу. “Эрдэнэс Тавантолгой” компаниас болж гэрээний явц гацвал хариуцлагыг нь хэн хүлээх юм?
АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт тодорхой заасан байгаа. Төрийн болоод төсвөөс санхүүжигдэж хийсэн стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгана гэсэн заалтаа мөрдөж, манай нам мөрийн хөтөлбөрийнхөө заалтыг биелүүлэх ажлыг хийж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой УИХ-ын даргын шийдвэрээр-ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг энэ асуудлыг судалж үзэж байна. Ер нь АН-ын бүлэг нэгдмэл санаатай байгаа. Эрх барьж байгаа нам хариуцлагаа хүлээх болно гэв.
Тодруулахад УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордондоо хуралдсан мэдээлэл байна. Тэд одоогоор Тавантолгойг албан ёсоор хэлэлцэж эхлээгүй байгаа юм. Учир нь гишүүдэд тайлбар өгөх холбогдох хүмүүс АН-ын бүлгийн хуралд оролцсоор байна. Мөн МАН-ынхан энэ талаар байр сууриа ч илэрхийлээгүй юм. Харин өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн гэрээний төслийн талаар байр. сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргасан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг даваа гаригийн ээлжит хуралдаанаа хийсэнгүй.