Р.Бурмаа: Сонгуулийн хуулийг - УИХ-д өргөн барихад бэлэн болсон
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.04.21

Р.Бурмаа: Сонгуулийн хуулийг - УИХ-д өргөн барихад бэлэн болсон

Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ. Энэ талаар тус хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дууссан байна. УИХ-д хэзээ өргөн барих вэ?

Хуулийн төслийг өргөн барихад ерөнхийдөө бэлэн болсон гэж хэлж болно. Одоо намын бүлгүүдэд танилцуулаад саналыг нь авна. Үүний дараа Ажлын хэсэг дахин нэг хуралдаад УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

-Төсөлд сонгуулийн системийг хэрхэн тусгасан бол?

Хуулийн төслийн эхний хувилбар болох 28:48 буюу 48 нь нэг мандаттай тойргоос сонгогддог, 28 нь намын нэрийн жагсаалтаар сонгогдох хувилбар явж байгаа. Гэхдээ намын бүлгүүдээс санал аваад Ажлын хэсэг дээр дахиж ярина. Тэгэхээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь эцэслэгдээгүй гэсэн үг. Харин орон нутгийн сонгуулийг өмнө нь гуравны нэг нь жагсаалтаар, гуравны хоёр нь тойргоос сонгогддог байсан бол одоо бүгд мажоритар буюу тойргоос нэр дэвшин өрсөлдөнө.

Ингэхдээ улс төрийн нам нэр дэвшүүлж болно, бие даан нэр дэвшиж болно гэсэн зохицуулалт орсон. Орон нутгийн сонгууль, УИХ- ын сонгууль хоёр хамт буюу сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр байна гэсэн заалт орсон. УИХ-аас тухай бүрт нь сонгуулийг зарлана. Өмнө нь сонгууль зарласан өдрөөс хойш гэж байсныг сонгууль явуулах өдрөөс хойш гэж өөрчилж байгаа.

-Санал тоолох аргачлал дээр өөрчлөлт орсон уу?

Саналыг автомат машинаар тоолно. Хяналтын тооллого дээр хоёр хувилбар яригдаж байна. МАН-ын зүгээс нэр дэвшигч хүсэлт гаргасан тохиолдолд гараар тоолох, Ажлын хэсэг дээр хяналтын тооллогыг сугалаагаар тоолно гэж ярьж байгаа. Хэрэв зөрүүтэй гарвал бүх саналыг гараар тоолох хувилбар яригдсан. Ялж ялагдсан нэр дэвшигчдийн тооны зөрүү саналаа өгсөн сонгогчдын нэг хувиас бага байвал заавал гараар тоолно гэж тусгасан.