УИХ-ын гишүүн Я.Содбаатар АНУ-д ажиллалаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатар АНУ-ын Сан Франциско хотноо
2015.04.14

УИХ-ын гишүүн Я.Содбаатар АНУ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар АНУ-ын Сан Франциско хотноо өнгөрсөн сарын 26-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр тус хотын Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хотод үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудад намрын чуулганаар батлан гарсан Төрийн боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өөрчлөгдсөн Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн талаар танилцуулж Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт хилийн чанадад суралцаж буй монгол хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байгааг энэ үеэр дуулгасан

Мөн тус хотын Боловсролын газрын Хүүхэд гэр бүл, нийгмийн дэмжлэг хэлтсийн захирал Ким Хаингтай уулзаж, тус хотын боловсролын талаар баримтлах 2015-2025 бодлогын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хяналт, хүүхдийг зөв иргэн болгон хүмүүжүүлэхэд анхаарах асуудлын талаар ярилцжээ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Волленберг ахлах сургуульд зочлон, дэд захирал Заиа Вира, хүүхдийн сэтгэлзүйн ажилтан Дивон Рат, эрүүл мэндийн ажилтан Данни Милони нартай уулзаж, хичээлийн үндсэн болон нэмэлт сургалтууд, эрүүл мэндийн боловсрол, хүүхдийн сэтгэлзүй зэрэг асуудлаар санал солилцлоо. АНУ дахь монгол сургуулиудын зөвлөлийн тэргүүн У.Сувданцэцэгтэй видео хурал зохион байгуулж, тэдний санал бодлыг сонссон байна. Мөн Станфордын их сургуулийн Олон улс, соёлын боловсролын хөтөлбөрөөс дэлхийн улс орнуудын түүхийн сурах бичгийг зохиож, АНУ-ын дунд, ахлах сургуулийн түүхийн багш нарт цуврал сургалт зохион байгуулдаг бөгөөд Японы тухай энэ удаагийн хичээлийн явцтай очиж танилцжээ.

Үүний дараа Оакланд хотод үйл ажиллагаа явуулж буй Гэр төвийн би монгол сургууль болон Сан Франциско хотын Монгол мэдлэг сургуулын үйл ажиллагаатай таниллаа. Энэ үеэр тус сургуулийн удирдлагын зүгээс монгол сурагчдад сурах бичиг хэрэгтэй байгааг дуулгаад, өөрсдийн бэлдсэн сурах бичгийг эхийг хэвлүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа гэв. Я.Содбаатар гишүүн тус саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр боллоо.

Айлчлалын төгсгөлд Калифорни мужийн Дэйвисийн их сургуулийн Стратегийн технологи, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Томас Нэсбитт, Бизнесийн хөгжил, гадаад харилцаа хариуцсан орлогч захирал Тод Столтз, Судалгаа хариуцсан захирал Ларс Бэрглунд, Анагаахын сургалт хариуцсан дэд захирал Гурмийт Рой, судлаач доктор Б.Энхмаа, судлаач доктор Э.Ануурад нартай уулзаж, тус сургуулийн шинэ технологи, сургалтын тоног төхөөрөмжүүд, алсын зайн оношлогоо, сургалтын төхөөрөмжүүдтэй танилцан, АШУҮИС-тай хамтран ажиллах санал тавив. Тус сургуулийн зүгээс дээрх саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.

Дашрамд дурдахад, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаарНийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Я.Содбаатар ажилласан  байна.