АНУ-ын "хармаа өрөө"
Өнгөрсөн долоо хоног олон улсын харилцааны хамгийн хурц асуудлуудаар өрнөсөн хэлэлцээрээр дүүрэн байлаа.
2015.04.13

АНУ-ын "хармаа өрөө"

Өнгөрсөн долоо хоног олон улсын харилцааны хамгийн хурц асуудлуудаар өрнөсөн хэлэлцээрээр дүүрэн байлаа. Москвад Орос, Грекийн лидерүүд уулзаж Европын холбоог түгшээв.  Мөн Оросын нийслэлд албан ёсны Сири болон босогчдын төлөөлөл уулзав.  Сөүл, Токио хоёр арал булаацалдсан ээлжит маргаан өрнөлөө. Харин Америк тивийн орнуудын долдугаар дээд хэмжээний уулзалтаар Латин Америкийн орнууд цаашдаа АНУ-ын “хармаа өрөө” байхыг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ. 

Европын хагарал Орост хэрэгтэй юу?

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас өнгөрсөн долоо хоногт Москвад айлчилсан нь Европын холбоонд таалагдсангүй.  Түүнийг Оросод худалдагдаж,  ирэх зун болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар Оросын эсрэг хоригийг сунгахад саад болохыг хүсч байна гэж буруутгав.  Европын парламентын дарга Мартин Шульц: “Ципрас Европын нэгдмэл байдлыг эрсдэлд оруулж болохгүй” гэж хэлсэн байна.

Грекийн хувьд Оросоос болж Европтой муудалцах бодолгүй. Тус улс Европын холбооны санхүүжилт, зах зээлээс дэндүү хараат.  Гэхдээ Оросын эсрэг хоригийг сунгах асуудал дээр Ципрас тээг болж, ингэснээрээ Европын холбооны хагарлыг дэлхий нийтэд харуулах аюултай учраас Брюсселийнхэн зарим асуудлаар Ципраст буулт хийхээс өөр аргагүй болж байна.  Тухайлбал төсвийн зарцуулалт дээр тавих хяналтаа зөөлрүүлэх.

Москвагийн хувьд Грекийг ашиглаад Оросын эсрэг хоригийг сунгахгүй байлгах нь чухал. Энэ тохиолдолд Европын холбооны дотор хагарал үүснэ. Гэхдээ энэхүү хагарал ОХУ-д ч сайныг авчрахгүй. Яагаад гэвэл Оросын эсрэг байр суурьтай Европын улс орнуудыг АНУ-тай улам ойртуулах магадлалтай.  Тиймээс Грекийг ашиглахдаа зүгээр нэг зэвсэг болгохоос зайлсхийж, харин Оросын талаар хэтэрхий хатуу арга хэмжээ авахын эсрэг байдаг Европын орны хувиар Грекээс оруулж ирдэг зарим нэг хүнсний бүтээгдэхүүний хоригийг цуцлах маягаар Грекийн байр суурийг дэмжих нь хамгийн оновчтой гэж шинжээчид үзэж байна. Ингэвэл Европын бусад орнууд Гректэй адил алхам хийхэд хүргэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас нар

Таван жил үргэлжилж буй Арабын хавар

Сирийн мөргөлдөөн эхлээд таван жил болоход Башар Асадын дэглэм амь бөхтэй үлдэв. Одоогийн байдлаар Алеппо хэмээх Сирийн том хотын төлөө тулаан үргэлжилж байна. Уг хотын талыг Засгийн газрын хүч, талыг нь босогчид хяналтандаа авсан. Палестины дүрвэгсэд амьдарч буй Дамаскийн ойролцоох Ярмурка хотод байдал хурц хэвээр байна.  Тус районы ихэнх хэсэг Лалын бүлгийнхний мэдэлд орсон. Тиймээс Сири-Палестины хамтарсан хүчээр лалын хэт даврагсдыг дарах асуудал яригдах болов.

Дөрөвдүгээр сарын 6-9 нд Москва хотод Башар Асадын Засгийн газар, босогчдын төлөөлөл уулзсан ч ямар ч үр дүн гарсангүй. Сирийн үндэсний зөвлөл, сөрөг хүчний үндэсний эвсэл гэсэн босогчдын хоёр том бүлэг хэлэлцээр хийхээс татгалзав. Тэд Башар Асад огцорсон цагт хэлэлцээр хийх болно гэж урьдын байр сууриа илэрхийлэв. 

Фото: Ahmed Jadallah / Reuters

Хэрүүл өдөөсөн хоёр асга

Өнгөрсөн долоо хоногт Токио, Сөүл хоёр Токто нэртэй (япончууд Такэсима гэж нэрлэдэг) арлаас болж муудалцав.  Япон тэнгист байдаг энэ хоёр асга албан ёсоор Солонгост харъяалагддаг ч япон сурах бичгүүдэд Японы эзэмшилд байдаг гэж бичжээ. Японы боловсролын сайд Хукубун Симомура өмнөд солонгосчуудын эсэргүүцэлд хариу өгөхдөө “сурагчид юун түрүүнд өөрийн улс орон, ялангуяа газар нутгийн талаар зөв мэдлэгтэй байх ёстой” гэж хэлжээ.

Токто арал нь Япончуудын Солонгост хийсэн эзлэн түрэмгийлэл, Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд хэрүүлийн алим болж үлдсэн олон маргаантай арлын зөвхөн нэг нь юм. Токио, Сөүл хоёр зөвшилцөлд хүрэхэд олон жилийн хэлэлцээр хэрэгтэйгээс гадна Япон, Солонгосын ард түмнүүд ойлголцох шаардлага гарна.

Токто арал

АНУ-ын "хармаа өрөө"

Өнгөрсөн баасан гарагт Панам улсад Америк тивийн орнуудын Долдугаар дээд хэмжээний уулзалт эхлэв.  Энэ нь тус бүс нутгийн хувьд түүхэн уулзалт болов. Учир нь уг арга хэмжээнд Куб улс анх удаа оролцож байна. Кубын ерөнхийлөгч Раул Кастро, Барак Обама хоёрын уулзалтыг гол үйл явдал болно хэмээн хүлээж байлаа.  Гэтэл хоёр улсын хооронд шинэ хэрүүл дэгдэв. АНУ-ын талаас ирсэн төлөөлөгчдийн дунд Америкийн тагнуулын албаны мөрдөгч байсан “муур” хочтой Феликс Родригес Мендигутиа, Луис Посада Каррилес нар байж таарлаа. Феликс 1967 онд Кубын хувьсгалч Че Гаварыг барьж устгахад гар бие оролцсон, харин Луисийн хувьд Фидель Кастрод халдсан хэрэгт сэжиглэгдсэн этгээд юм. Дургүй нь хүрсэн Куб, Венесуэлийн төлөөлөгчид хэрэв эдгээр хүмүүс оролцвол уулзалтад ирэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Дэлхийн томоохон хэвлэлүүд тэргүүн нүүрэндээ энэ явдлыг онцолсон байна.  1823 оны Монрогийн тунхагаас хойш Латин Америк нь АНУ-ын “хармаа өрөө” шиг байсаар ирсэн. Уг томъёолол латин америкчуудын хувьд таагүй ч Умардын том хөршийн хандлагыг бүрэн илэрхийлдэг. 

Америк тивийн орнуудын Долдугаар дээд хэмжээний уулзалт

Латин америкчуудыг хармаа өрөө биш, зочны өрөөний статустай болгоход туслах гуравдагч орнууд бий. Тухайлбал Хятад улс эдийн засгийн талаар дэмжихээ амлаж байна. 2000 онд Хятад улсын Латин Америкийн гадаадын хөрөнгө оруулалт дахь хувь хэмжээ нэг хувиас хэтрэхгүй байсан бол 2013 он гэхэд 10 хувиас давж гарсан байна.  2014 онд Хятадуудын тус бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалт Дэлхийн банк, Америк тивийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас илүү гарчээ.  Барууны банкуудаас ялгаатай нь Хятад улс хөрөнгө оруулсан орноосоо элдвийн шинэчлэл хийхийг шаарддаггүй. 

ОХУ ч энэ тоглоомноос хоцролгүй цэрэг дайны салбарт хамтран ажиллахаар болж байна.  Гуравдугаар сард Карибын тэнгисийн өмнөд хэсэгт Орос, Венесуэлийн хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн сард Никарагуа улстай цэргийн салбарт хамтарч ажиллахаар тохиролцсон.

Си Цзиньпин Бразильд.

АНУ-ын хувьд бүс нутагт нь гадны тоглогчид идэвхжиж байгааг зүгээр хараад суухгүй нь мэдээж. Латин Америкт өөрийн имижийг сайжруулахын тулд Вашингтон цагаачлалын шинэчлэлийг эхлүүлж, Куб улстай хэл амаа ололцохоор шийдэв. Мөн АНУ цэргийн хүчний нөлөөгөө тэлэхээр шийджээ. Өнгөрсөн долоо хоногт Гондурас дахь америк цэргийн тоог нэмэхээр болжээ.  Түүнээс гадна Пентагон Төв Америкт хямрал гарсан тохиолдолд гол үүрэг гүйцэтгэх шуурхай отрядыг энэ оны сүүлээр байгуулах төлөвлөгөө гаргасан байна. 

Одоогоор АНУ, Латин Америкийн орнууд харилцааны шинэ хэлбэрт шилжиж байна. Эдийн засгийн талаас авч үзвэл АНУ боловсруулагч аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахад бэлэн гэж мэдэгдсэн нь экспортод түшиглэсэн бизнесийнхний сонирхлыг татаж байна. Өнөөдрөөс Латин Америкийн орнууд АНУ-ын “хармаа өрөө” байхаа больж олон улсын харилцаан дахь эрх тэгш тоглогч байна гэдгээ мэдэгдэв. Тэд АНУ-тай хамтарч ажиллахад бэлэн, гэхдээ Умардын том хөрш хуучин зуршлаараа өөрийн дүрмийг тулгах гэвэл эсэргүүцнэ гэдгээ ойлгуулав.