Бие даагчдын бүлэг Казиногийн хуулийг дэмжинэ
Бие даагчдын бүлэг
2015.04.13

Бие даагчдын бүлэг Казиногийн хуулийг дэмжинэ

УИХ дахь бие даагчдын зөвлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцаж байр сууриа нэгтгэжээ.  

Нэгдүгээрт  Казиногийн хуулийг бие даагчдын зөвлөл дэмжиж байгаагаа илэрхийллээ.  Ингэхдээ аялал жуулчлалтай холбож үзэх нь чухал гэж онцоллоо. Хамгийн гол нь бусад орнуудын туршлага судалгааг авч үзэх ёстой  хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.  

 Тэрбээр “Казиног байгуулахдаа аялал жуулчлалын гол, гол цэгүүдэд байгуулах ёстой.  Гэхдээ манхайханы  эрх ашиг нь зөрчилдөөд хийж буй ажлаа нураах зүйл байдаг.  Тийм зүйл болж болзошгүй.  Манайд казино байгуулвал орлогын эх үүсвэр болж чадах болов уу гэж харж байгаа.  Өмнө нь гадна, дотнын тархи угаалт явж байгаад л нураачихсан шүү дээ.  

Одоо бол цаг нь ирсэн гэж бодож байна.  Тиймээс олон улсын туршлагыг нь харж сайныг авах хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр Төсвийн тухай хуулийн талаар зарим тайлбарыг өглөө.  “Төсвийн тухай хуульд 60.2.6-гэдэг заалтыг нэмж байгаа юм.  Энэ нь ямар заалт байна гэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж буй компанитай холбоотой. Ашигт малтмал эрхэлж байгаа компани улсын чанартай төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн бол түүнийг нь нөөцийн төлбөрөөс хасна гэж байгаа.

 Үүн дээр бид нэлээн анхааралтай хандана.  Ийм хулгайн заалт орж ирсэн байна лээ гэдгийг хэлэх гэсэн юм” гэв.  Мөн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт хийж байгаа.  Энэ хуулийн өөрчлөлт нь өр, зээлийн босгыг нэмэгдүүлэхэд чиглэсэн.  Эрчим хүч, төмөр замын чиглэлээр гаднаас зээл аваад, эргүүлэн зээлдвэл төсвийн зарлага, тэнцэл талд тооцохгүй гэж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын заалтуудаас нь бултаж байна гэсэн үг.

Тэгэхээр өрийн босгыг нэмж байгаа алхамуудаа үе, шаттай хийж байгаа нь тийм сайн зүйл биш гэж бодож байна” гэлээ.  Малчны тэтгэврийн дааталын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн төсөл орж ирж байгаа аж.  Энэ нь Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгаа   1995-2015 оны хооронд малчнаар ажиллаж байсан хүмүүст хамаарах заалт аж.  15-60 насны иргэд хамаарна.  Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй бол нөхөн төлөгдөнө гэсэн үг.

Боловсрол, эрүүл мэндийн байгууллагыг хувьчлахыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

2015-2016 оны Төрийн өмчийг хувьчлах асуудал яригдаж байна.  Үүнд та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна.  Өнгөрсөн 25 жилийн турш  төрийн оролцоог багасгана гэх нэрийдлээр төр өмчгүй байх гэдэг асуудлыг сурталчилж ирсэн.  Төрийн өмчийг хувьчлах асуудалд бидний барьж буй зарчим бол өмнөх төрийн өмчийг хувьчилсан гэрээний заалт зорилт биелэсэн үү.  Энэ талд Төрийн өмчийн хороо хэр ажиллаж байгаа вэ.  Тухайлбал, гутлын үйлдвэр хувьчилсан гэрээнийхээ дагуу ажлаа хийж байгаа юу гэдэг дээр Төрийн өмчийн хороо хэр дүгнэлт гаргасан бэ гэдгийг тодруулах хэрэгтэй.  

Уг нь Төрийн өмчийн хороо бус ард түмний хороо юм шүү дээ.  Бусад оронд Төрийн өмчийн талаарх  бодлогын баримт бичиг гарсан байдаг.  Харин манайд энэ талаар анхаарахгүй байна. Тухайлбал, Хятад, Норвеги зэрэг орнууд уул уурхайгаа төр 100 хувь  эзэмшинэ гэж заасан байдаг.  Харин менежментийг гадаадын компаниуд хийж болно гэж заасан байдаг.  Ер нь бие даагчдын бүлэг боловсрол, эрүүл мэндийн байгууллагыг хувьчлахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  

Шинэчлэлийн Засгийн газар хангалтгүй ажилласан 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

 Энэ долоо хоногт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн  2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэнэ.  Бид Засгийн газар амалсан ажлаа хэрхэн биелүүлсэн эсэхэд анхаарал тавих ёстой.  2014 онд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил 60 хувийн биелэлттэй гарсан.  Энэ бол хангалтгүй гэсэн үг.  90-ээс дээш байж хангалттай гэж үзнэ.  Ганцхан салбарын ажлыг нэрлье.  Зам дээр үнэхээр хангалтгүй муу дүн тавихаар байна.  Зүүн чиглэлийн Дорнод хүрэх зам нэг жил хүрэхгүй эвдэрч байна. Зарим газар нь шороон замаар явах хэмжээнд очиж байна.  Төсвийн мөнгө ингэж урсах ёсгүй.  Үүнд дээр хийсэн компаниудад нь хариуцлага тооцох хэрэгтэй.  Зам тээврийн яамтай хариуцлага ярих хэрэгтэй.  Шинчлэлийн Засгийн газар өөрсдийнхөө намын хүмүүст л замын тендерийн хуваагаад өгчихсөн.