О.Баасанхүүд албан тушаал зохижээ
Өргөдлийн байнгын хорооны даргын ажил түүнд зохижээ. Байсхийгээд л тус Байнгын хорооноос мэдээлэл хийж, ажлаа танилцуулна.Хамгийн сүүлд төрийн албанд халаа, сэлгээ их байгаа тухай олон гомдол ирснийг танилцуулж, Засгийн газарт холбогдох чиглэл өгснөө тэр дуулгасан.
Санал гомдлыг шийдуүлж, учрыг нь олохын тулд хил даваад “мөрдөж” оддогоо ярьж байсан эрхэм өөрийгөө энэ ажилд яг тохирно гэж үзсэн. Бас “Шударга ёс” эвслээс давхар дээлгүй, сайд, дарга хийж яваагүй ганц хүн нь тэр байсан учраас уг албан тушаалд нэр дэвшүүлсэн билээ. Гурван ч удаа санал хураагаад гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Гэвч шантраагүй, нэрээ татаагүй, өөрийгөө голоогүй.
Ингээд улс төрийн тохиролцоо нэгэнт хийсэн учраас л Байнгын хорооны дарга болсон. Бөөн юм болж дарга болсон ч зөв хүнийг нь томилчихсон бололтой юм. Овоо ч ажил хийж, өргөдөл гомдлыг шийдүүлэхийн төлөө хичээж буй нь анзаарагдах болов. Аливаад хүртээлтэй зан чанартай, хөөцөлдөлгөөтэй байдал нь одоо түүнд их тус болж буй бололтой шүү.