Ерөнхийлөгч  УИХ-д тайлангаа тавилаа
Улсын Их Хурал
2015.04.13

Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавилаа

-ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛСОН ХУУЛЬД ХОРИГ ТАВИНА ГЭВ-

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Монгол Улсын газар нутгийн 12 хувийг ой эзэлдэг байсан ч сүүлийн 20 жилд ой модны хулгайн хэрэг буурахгүй, мөн талхлагдсанаар ой 11.7 хувийг эзэлж байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ойн тодорхой хувьд ойжуулалт хийдэг ч эдийн засгийн хямралаас болж, энэ жилийн төсөв танагдсан байна. Ер нь энэ чиглэлийн хөрөнгө оруулалт хангалалттай сууж чаддаггүй аж.

Нөгөө талдаа ойг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. Энэ дагуу хулгайгаар мод бэлтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл өгсөн хүнийг 50 мянган төгрөгөөр урамшуулах. Мөн хулгай хийхдээ ашигласан техник хэрэгсэл, авто машин, огтолсон модыг нь хураан авч улсынх болгох төдийгүй тэдгээрийг нь буцаан зарж, иргэнийг урамшуулахаар заалт тусгасан нь маргаан дагууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төр хууль бус модны хулгайтай тэмцэх нь зүйн хэрэг. Гэхдээ матаасыг урамшуулсан, захиргаадалтын хэлбэрээр тэмцэж болохгүй. Төр өөрөө хулгайг дэмжээд өөгшүүлж байгаа. Гарал үүслийн гэрчилгээ нь дамын наймааны сүлжээ үүсгэчихлээ. Хулгайгаар мод бэлтгэж байгаа иргэдийн талаар мэдээлэл өгвөл урамшуулна гэхийн оронд энэ мэт хуулийн цоорхойг хааж, тэмцэх ёстой. Мөн иргэддээ итгэж байж модны хулгайг зогсооно. Иргэн, төр хоёрын дунд асар том ангал үүсч байна. Модны хулгайтай тэмцье гэж байгаа бол нутгийн иргэдэд эзэмшүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг давхар оруулж ирэх ёстой. Эдийн засгийн хөшүүргэд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх юм бол хулгайг зогсооно” гэсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ хуулиар төрөөс цалин авдаг байцаагч нь хүртэл өөрийгөө шагнах нь. Хэн модны хулгай хийж байгаа юм. Хамгийн орлогогүй, ядуу хэсэг аргагүйдээд мод руу орж байгаа. Өвлийн хүйтэн улиралд өөр яах юм. Мод нь үнэтэй юу, хүн нь үнэтэй юу. Тэрийг торгоно, шийтгэнэ, яллана гэж ажилд ханддагийг боль. Ард түмэн ядуу байгааг өөрөөр шийдэх ёстой байтал хуулиар дарангуйлдаг байж болохгүй. Үүнийг чинь дүр эсгэсэн эх орончид ашиглаж нэр хүндээ өсгөдөг боллоо. Нью-Йорк, Японд ямар байна, сакура цэцэглэх цагаар хичнээн мянган жуулчин тус улсыг зорьж байна. Гэтэл говийн загийг үзэхийн төлөө жуулчин ирдэг бил үү, асуудалд өөрөөр ханд. Говийн загийг хамгаалах асуудал багтаж байгаа юм уу, цогцоор ханд” гэсэн юм.

Энэ мэтчилэн гишүүд өөрсдийн саналыг хэлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд хуульд тусгах ёстой заалтууд олон байгаа тул энэ бүхнийг оруулах ёстой” гэсэн юм.Хуулийн төслийг олонхийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Түүний дараа олны анхаарлын төвд байгаа Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд олон улсын жишигт ойртуулсан хоёр казино байгуулахаар тусгасан.

Тэгвэл казиног хаана байгуулах вэ гэдгийг Засгийн газар тогтоох юм. Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөг төлж 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн орж тоглоно, Монгол Улсын иргэн тоглохгүй гэх заалтыг тусгаад байгаа гэнэ. Казино байгуулснаар татвараар дамжиж жилд 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх боломжтой гэнэ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн “Казиногийн тухай хууль нь ахмадуудын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын өмнө, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн өмнө очерь дайран орж ирж байна. МАН-ын бүлгийн дэмжлэгтэйгээр уул уурхайн орон байсныг казиногийн орон болгох гээд байгаа юм уу. 1998 онд би энэ зааланд сууж байсан. Р.Гончигдорж дарга тэр дээр сууж байсан.

Засгийн газар унаж, Казиногийн тухай хуулийг оруулж ирсэн бурууг нь АН-д тохоод, зөвхөн АН-ын гишүүдийг барьж хорьсон ч тэр нь нотлогдоогүй. Нийгэм тогтворгүй болж, С.Зоригийн аллага гэж аймшигт хэрэг гарсан. Засаг төр бужигнаж, Монгол Улс хүнд хэцүү байдал руу явсан. Энэ түүх өнөөдөр мартагдаагүй. Тэтгэвэр цалин хангамжийн асуудал, байгалийн баялгаа хэрхэх вэ гэдэг дээр ард түмэн үгээ хэлж байгаа шүү.

Хоёр казино байгуулаад улс орноо хөгжүүлнэ гэж нэг ч иргэн ярихгүй байгаа. Энэ бидний хүсэн хүлээдэг аялал жуулчлал мөн үү гэдэг дээр эргэлзэж байна. Казиногийн асуудлыг Их хурлын танхимд ярьдаггүй гэдгийг бид 1998 онд харсан. Засгийн газар үүнийгээ зохион байгуулаад явж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Молиго үмхүүлж байгаа юм шиг 100 тэрбум төгрөг орж ирнэ. Тэгээд эдийн засаг сайхан болно гэж байхгүй. Казиног дагаж бүх муу муухай юм бүхэн орж ирдэг.

Чуулганыг телевизээр бүх хүн үздэг. Гэтэл гишүүд нь бүгд казиночин болчихсон, би ч Макаод нь очсон, би ч Солонгост очсон гэж байнгын хороон дээр ярьж байсан. Одоо тэгээд бүгд тоглоомчин юм шиг үүнийгээ ярихаа боль. Эдийн засгийн хүндрэл, цалин, тэтгэврээ ярь. Энэ асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцэж байна” гэсэн юм. Харин Д.Оюунхорол гишүүний зүгээс “Л.Болд гишүүнийг гадаад дотоодоор явсан мэдлэгтэй хүн гэж боддог байсан. Харамсалтай нь миний ойлголт буруу юм шиг байна.

Энэ хуулийг таны ажиллаж байсан Засгийн газрын хурлын үед ярьж эхэлсэн. Та байнгын хорооны хурал дээр "Би Засгийн газарт байхдаа энэ хуулийг дэмжиж байсан. Одоо сайд биш болсон учраас дэмжихгүй" гэж хэлсэн чинь бичигдсэн байгаа. Энэ бол миний эсвэл МАН-ын оруулж ирсэн хууль биш. Тиймээс ийм жижиг зүйлээр улс төр хийж тоглолт хийх нь утгагүй. Та улс төрд олон жил явсан хүн. Эдийн засгийг хүн болгон солонгоруулахыг хүсч байна. Энд хэн нэгэн улстөрч нам, бүлгийн тухай яриагүй байна шүү.

Тэгж яривал Монголын төрд Засгийн газрын гишүүн байсан хүн та цалин тэтгэврээ нэмэхгүй яасан юм бэ. Та ажлаа хийхгүй гадуур дотуур явж аялж, арал дээр очиж хэвтдэг байсан байх. Бидний Засгийн газар хүнд бүхэнтэй нүүр тулгарч хийх гэж хичээж байна. Эдийн засгаа сайжруулахын тулд иргэддээ нөлөөлөхгүй, хаалттай байдлаар казиног байгуулах гэж хичээж байна" гэв. Харин Л.Болд гишүүний зүгээс “Байнгын хорооны хурал дээр хэлсэн үгийг та ичгүүргүйгээр гуйвууллаа. Энэ үгээ буцааж авахгүй бол шүүхэд өгнө.

Би энэ асуудлыг дэмжиж байсан юм. Ард түмэн хэцүү байна. Өөр зүйлийг ярих ёстой. Казино гэдэг хар өнгө. Таны яриад байгаа эдийн засгийн солонго гэдэг зүйлд чинь хар өнгө гэж байдаггүй юм. Дээр нь та намайг гадаад явснаар нь гадаад явж хэвтдэгээр нь доромжиллоо. Үүнийг чинь зүгээр орхихгүй” хэмээн бухимдав. Хоёр гишүүнийг ийнхүү маргалдсаны дараа О.Баасанхүү гишүүн үг хэлэхийнхээ өмнө “Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэгчээр, битгий та нар ингэж ярьцгаа. Танай хоёр бол тэртэй тэргүй МАНАН-гийн Засгийн газар.

Тиймээс нэгийнхээ муу, муухайг ингэж олон түмэнд битгий зарла” гэв. Гишүүд “Танай нам ч бас энэ Засгийн газарт байгаа учир адилхан “хар хэрээ”. Тэгж яривал хоёр биш гурван “хар хэрээтэй шүү” хэмээн инээлдэв. Мөн О.Баасанхүү гишүүн үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд “Баасанхүү гишүүний хэлж байгаагаар АН, МАН хоёр нэг засагт орчихсон, адилхан “хар хэрээнүүд” юм байна. Тэгвэл МАХН-ынхан бас энэ Засгийн газарт 2012 оноос хойш ажиллаж байгаа. Тэгэхээр 2012 оноос хойш “хар хэрээ” болсон гэсэн үг. Тиймээс цаашид хар хэрээ гэж ярья гэвэл хоёр биш гурван “хар хэрээтэй” гэх хэрэгтэй” гэсэн юм.

О.Баасанхүү гишүүн “Бусад орнууд хөгжчихөөд казино байгуулдаг бол манайх хөгжихийн тулд казино байгуулна гэж байна. Энэ хэний лобби яваад байгааг хэлээд өгөөч” гэхэд Д.Оюунхорол сайд “Манай оронд буудал болгоны доор автомат тоглоомын газар байдаг байсан. Одоо тухайн үеийн алдаагаа давтахгүйн тулд ажиллана. 35 тэрбумаар зөвшөөрөл өгөх эсэхийг УИХ-аар ярилцаж болно. Хэн нэгний лоббигоор энэ асуудал яваагүй.

Сингапур улс эдийн засгийн уналтад орчихоод байхдаа казиногийн хуулиа батлан, казино ажиллуулснаар эдийн засаг нь сэргэсэн байдаг. Казино өндөр хэмжээнд зохион байгуулалттай байдаг тул гэмт хэрэг гарах нөхцөл боломж байхгүй” гэв. Я.Содбаатар гишүүний зүгээс “Хоёрхон казино байгуулахын тулд төрийн байгууллагын тоог нэмэх шаардлага байгаа юм уу” гэхэд Д.Оюунхорол гишүүн “Олон хүнтэй байгууллага байгуулахгүй. Олон улсын стандартын дагуу явна” гэлээ. Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл “Одоогоор ямар ч автомат тоглоомын газар зөвшөөрөл олгоогүй. Хууль хүчнийхэн энэ тал дээр ажиллаж байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөвшөөрлийн хураамж болох 70 тэрбум төгрөгөөр 70 цэцэрлэг, 70 сургууль барих боломжтой. Казиногийн орлогын 50 хувийг зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулна гэж хуулиндаа тодорхой заалт тусгах ёстой. Тоглоомонд донтдог хүмүүс байдаг. Тэд ч гэсэн хүн. Эрхийг нь хэрхэн хамгаалах вэ” гэсэн бол ЦЕГ-ын дарга Р.Чингэс “Гадны хүмүүс тоглочихоод явчихдаг тул хүчний байгууллагынхан үүнд оролцох шаардлагагүй” гэдэг хариултыг өгсөн.

Энэ үед чуулганы танхимд таван гишүүн л сууж байсан юм. Харин Б.Болор гишүүн “Хоёр хөршид казино байхгүй байгаа тул манайх байгуулах нь зөв” гэдэг байр суурийг илэрхийлснээр үдээс өмнөх чуулган завсарлалаа. Үдээс хойших чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгчийн тайланг орой болтол хэлэлцэх тул үргэлжлүүлж чадсангүй.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.30 цагт эхэлж, Монгол Улсын Төрийн тэргүүний тайланг сонсов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаа УИХ-д өөрийн биеэр ажлаа тайлагнаж байгаа юм. Урьд жилүүдэд бичгээр ажлынхаа тайлангаа тавьдаг байсан уламжлалыг энэ удаадийн халлаа.

Ерөнхийлөгч УИХ-д өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Ингэхдээ “Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх”, “Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох”, “Монгол Монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого”, “Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжил”, “Монгол хүн Монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих” , “Гадаад бодлого буюу Монгол Улсын Олон улсын нэр хүндийг өсгөх”, “Олон нийтээс гарсан санал санаачилгыг хэрэгжүүлж ажиллах”, “Цаашид юу хийх вэ” гэсэн үндсэн есөн чиглэлээр тайлагналаа.

Ерөнхийлөгчийн тангараг өргөөд Төрийн тэргүүний албан өрөөг Иргэний танхим болгох санаачилгаас эхэлсэн гээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа ярив. 2009 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн Иргэний танхимд 453 арга хэмжээ, хэлэлцүүлэг болсноос Ерөнхийлөгч 17-д нь өөрийнхөө биеэр оролцжээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын сэдвээр УИХ-д гурван удаа хаалттай мэдээлэл хийсэн байна.

Төрийн цэргийн бодлогын хүрээнд Цэргийн их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” сургуулийг нээсэн аж. Хүүхэд, залуучууд цэргийн эрдмийг багаасаа сурдаг байх боломж бий болгох зорилгоор. Аймгийн төв бүрт барилга инженерийн ангийг байгуулъя, цэргийн албан хаагчийг мэргэшүүлье. энхийн бүтээн байгуулалтад оролцох чиглэлээр санал санаачилга гаргасан нь амжилттай хэрэгжиж буй юм байна. Зэвсэгт хүчнийг түшиглээд морин сумангууд байгуулан ажиллаж байна. Монгол төрийн бодлого уялдаатай байх ёстой гэж үзэн ҮАБЗ-ийн хууль тогтоомж, үзэл баримтлалын хүрээнд 2009 оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл 200 гаруй тодорхой чиглэл, удирдамж зөвлөмж гаргажээ.

“Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар 2010 оны дөрөвдүгээр 14-нд баталж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат хуульч асан Б.Чимэд, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин нар их ажил нугалжээ. Ерөнхийлөгч энэ тухай “Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр бидний төлөвлөсөн төлөвлөгөө талдаа ч ороогүй, маш их ажил хүлээж байна.

Ер нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хөтөлбөрөөр бидний төлөвлөсөн ажил талдаа ч ороогүй байгаа. Цаашид маш их ажил хийгдэнэ. Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон. Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтоход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой. Ийм сорилттой Монголын ард түмэн байнга тулгарах болно” гэж Ерөнхийлөгч дурдлаа.

Монголд албан тушаалтны биш хуулийн засаглал тогтооход оршиж байгаа юм. Энэ чиглэлээр хийж байгаа ажил бол Шилэн дансны тухай хуулийг баталж, хэрэгжүүлж буй явдал гэдгийг Төрийн тэргүүн онцлов. Тэрбээр цааш нь “Хуулийн хүрээнд гарч байгаа эерэг өөрчлөлт бол хуулиас дээгүүр байсан этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдсэн. Хуулиас ядарсан иргэдбиш задарсан албан тушаалтнууд зугтдаг. Хуулийн дагуу явж байгаа ажлыг дэмжих ёстой. Хууль завхруулж байгаа ажил дээр хариуцлага тооцдог байх ёстой.

Энэ чиглэлээр ажилладаг байгууллагын үйл ажиллагааны талаар Их хурал дээр хариуцсан байнгын хороо нь сонсоосой. Янз бүрийн яриа гараад байгаа. Нэг бүрчлэн тайлбар авах хэрэгтэй. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хэргийн үйл ажиллагаан дээр гарч байгаа нэг ойлголт бол хорхойтсон баавгай шиг мөнгө рүү дайрдгийг зогсоох ёстой” гэв.Ерөнхийлөгчийн танилцуулснаар олон улсын хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр сүүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигажсан байдал авлигын түвшин 40 орноор доошоо буужээ.

Олон улсын Транс прэнси байгууллагын мэдээллээр Монгол Улс авлигын индексээр 120 дугаар байранд байсан бол 80 дээр очсон байна. Энэ бол хангалттай биш. Иймд үүнийг урагшлуулах ёстой, Ерөнхийлөгч хэлэв. Улмаар “Ард түмэн авлигын асуудал хамгийн их тулгамдсан гэдэг байсан. Одоо хамгийн их тулгамдсан асуудал нь албан тушаалтнуудын амаар АТГ боллоо гээд байна. Тиймээс энэ газрын үйл ажиллагааны талаар УИХ сонсох хэрэгтэй” гэж захисан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын шинэ төрх, шинэ имижийг бүрдүүлэхэд анхаарах”-ыг хүслээ. Монгол Улс нээлттэй, ардчилсан гэдэг имижээр 20 жил явсан, одоо хариуцлагатай улс гэдэг имиж бүрдүүлэх цаг нь болсон гэж санал дэвшүүллээ. Мөн үндэсний үйлдвэрлэл, үндэсний аж ахуйгаа дэмжих ёстойг дурдсан. Мөн аливаа үндэстэн бүхэн өөрийнхөө гадаадорон дахь судлалыг дэмждэг.

Иймээс аливаа улс оронд айлчлахдаа Монгол судлалыг дэмжиж, тэтгэлэг олгож, эрдэмтдийг нь эхорондоо урьдаг тухайгаа хийсэн ажлынхаа тайланд багтаажээ. Мөн тэрбээр “Аливаа улс орны гадаад бодлого гэдэг бол дотоод амьдралынх нь үргэлжлэл байдаг юм. Гаднаа мянга сайхан яриад дотроо асуудлаа шийдэж чадахгүй бол бидний нэр хүнд өсөхгүй.

Гадаад бодлогодхэрэгжүүлжирсэн үндсэн хоёр ажлаа Ерөнхийлөгч танилцууллаа. Монголын олон улс дахь байр суурийг бэхжүүлэх, Монгол Улсын нэрийг сайнаар гаргах чиглэлд ажилласан. Гадаад бодлого хаяанаасаа эхэлдэг. Тиймээс хөрштэйгээ сайн харилцдаг улс бусадтайгаа сайн харилцдаг” гэв. Иймд хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, олон жил хүлээсэн ажлуудыг шийдвэрлэж чадсан тухай онцолсон юм.

Олон нийтээс гарсан санал санаачилгын тухайд Ерөнхийлөгч нэг бүрчлэн танилцуулсан. Тэдгээрээс онцлоход, олимпод медаль хүртсэн тамирчдад насан туршид нь мөнгөн урамшуулал олгодог ажил сайн явсан байна. Эцэг, эх, багш, сурагчдаас ирсэн санаачилгын дагуу жил бүрийн есдүгээр сарын 1-ний эхний цагийн хичээлийг Ерөнхийлөгч заадаг болсон.

Энэ уламжлалыг тогтоогоод зургаа дахь жилдээ явж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн хичээлийг бүх дундсургуулиудадзаадаг болгосон байна. Төрийн тэргүүн архигүй Монголын төлөө гаргасан санаачилгаа цохон тэмдэглэхдээ “Монголчууд архийг биш сүүг дээдлэх хөдөлгөөн өрнүүлсэн. 2010 он “Бөртэ чоно” гардуулах ёслолын ажиллагааны үеэр архигүй Монголын төлөө гэсэн уриалгыг гаргасан юм.

“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн над руу утасдаж “Та архигүй Монголын төлөө гэдэг уриалга гаргавал яасан юм бэ. Архины асуудал аюул боллоо” гэж хэлсэн. Энэ чиглэлээр олон жил идэвхтэй ажилласан Цогтсугар гэж идэвхтэй иргэн надад хандаж санал тавьж байсан. Ингээд би энэ санаачилгыг хэрэгжүүлсэн. Ингээд аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг болсон” гэлээ. Болдсайхан эмчийн “Олуулаа байх” санаачилгыг хэрэгжүүлж, уриалга гаргаснаа Ерөнхийлөгч бас дурдав.

Мөн боловсролын байгууллага, оюутнуудын зүгээс цалинтай оюутан, хариуцлагатай оюутан санаачилга гаргасан. Энэ дагуу хууль гаргаж батлуулсан байна. Монголоос гарсан оюуны өмч Монголд буцаж ирдэг болсон нь Ц.Оюунгэрэл гишүүний санаачлага гэлээ.АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байсан Батаарыг эх орондоо авчирснаар Монголын төр бол хилээр гарсан үнэт олдворынхоо хойноос хөөцөлддөг юм байна гэдгийг олон улсад ойлгуулж чадсан гэж тодотгов.

Түүнчлэн УИХ-ын гишүүдээс гарсан санаачилгуудыг дэмжиж зарилаг гаргаснаа ч дурдсан. Ерөнхийлөгч хар тамхины аюулын тухай бодлогод хатуу байр суурьтай байж, энэ хорыг хаяандаа ойртуулахгүй байхыг сануулав. Мөн хүчирхийллийн эсрэг хуулийг ойрын үед УИХ-д өргөн барина гэдгээ ч гишүүдэд танилцууллаа.

Төрийн тэргүүн дотоод, гадаадын 1200 орчим арга хэмжээнд оролцож, 40 хууль санаачилжээ. Үүнээс23 хууль нь батлагдсан бол найман хуулийн төсөл буцаагдсан, бас татагдсан байна. Харин одоо нэр бүхий есөн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа тул яаралтай батлах хүсэлтийг тавилаа. Мөн энэ хугацаанд УИХ-аас баталсан шийдвэрт таван удаа хориг тавьсан нь эхний бүрэн эрхийн хугацаанд тавьсан хориг юм байна. Засгийн газарт чиглэл өгсөн 30 гаруй зарлиг гаргажээ.

Дээрээс нь цаашид таван чиглэлд хийх ажлаа танилцуулав. Иргэний оролцоог хангах аюулгүй байдлын чиглэлээр, хуулийн засаглалыг бэхжүүлэх төрийг хариуцлагатай болгох чиглэлээр, бүтээгчдийг байгальд ээлтэй хөгжлийг, монгол бахархлыг дэмжих чиглэлээр, гадаад бодлого, Монголын Олон улсын үйл ажиллагааг улам идэвхжүүлэх болон бусад чиглэлээр ажлаа төлөвлөсөн байна.

Мөн нийт 30 гаруй хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Тодруулбал, Иргэний орол­цооны тухай хуулийг са­наачилна, Орон нутгийн хөгж­лийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үр дүнг нь дээшлүүлнэ. Хүний эрхийн, Өмчийн эрхийн, Гэрээний эр­хийн чиглэлээр хуулийн төслүүд са­наачлах нь ээ. Төрийн ажил үйлчилгээг бусдаар гүйцэт­гүүлэх чиглэлээр хийх ажил их аж.

Аюулгүй байдлыг хан­гахтай холбоотойгоор Таг­нуулын байгууллагын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж байна. Төрийн цэргийн бодлогыг өргөн барина, Дайчилгааны тухай хуулийг шинэчлэх аж. Эдгээр нь шинэчлэх шаардлагатай хуулиуд юм байна. Авлигатай тэмцэх хүрээнд авсныг нь шийтгэдэг болооч гэх санал хүсэлт олонтаа ирж байгаа тул энэ чиглэлийн харилцааг бий болгохоор ажиллах юм байна.

Ийнхүү Төрийн тэргүүн ажлынхаа тайланг сонсгосны дараа гишүүдийн асуултад хариулахаар болов. Энэ үед УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайдын горимоор явсан бол Ерөнхийлөгч 25 минутад багтаад тайлагнах байсан. Харин гишүүд өөрсдөө ердийн горимоор явсан урчаас Ерөнхийлөгч урт хувилбараар тайлангаа тавьсан байх” гээд цаг бага байгааг гишүүд анхааруулав.

УИХ-ын гишүүн Д.Саран­гэрэл: -Гэмт хэргийн тухай хуульд сэтгүүлч алдаа гаргасан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад бай­на. Хэвлэл мэдээллийн хэрэг­сэл рүү давшилна гэдэг ард­чиллын үнэт зүйл болсон хэв­лэн нийтлэх эрх чөлөө рүү халдаж байгаа хэрэг. Та бол мэргэжлийн сэтгүүлч хүн.

Энэ заалт дээр анхаарч өгөөч. Захиргааны албан тушаалтан хариуцлага алдсан бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй уучлал гуйна. Ийм ялгавартай хандаж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд телевизийнхэн болж байгаа үйл явдлыг зургаан сар хадгал гэж байгаа. Жижиг хэвлэлийн хурлыг зургаан сарын турш хадгалах боломж, телевизэд байхгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: -Хуульд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт орсон бол авах ёстой. Өмнө нь бид авч л байсан, энэ заалтыг. Хэрвээ УИХ хүний эрхийг зөрчсөн заалтыг хэвээр батлах юм бол бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина.

Үүнийг шулуухан хэлчихье. Гол нь хүн нээлттэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүрээндээбаримтлах зарчмаа тунхаглах ёстой. Ёс зүйтэй байя, сайн үйлсийн төлөө хамтарч ажилладаг байя гэдэг зөв зүйлийг дотроосоо хэрэгжүүлээд явах ёстой. Ингэвэл зөв хандлага болно. Хэрвээ гүтгэсэн, буруу ойлголт төрүүлсэн бол тайлбараа тавь.

УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэл: -Намуудын асуудлаар болон Таван толгойн талаар ямар байр суурьтай байна вэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: -Өнгөрсөн 25 жилд бидний явж ирсэн зам, сургамждаа үндэслээд улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийнх нь асуудал, ер нь цаашдаа улс төрийн сан гэж байвал ямар байдлаар байх вэ гэдэг чиглэл рүү орох хэрэгтэй болсон. Одоо шилжилт хүлээж суух хэрэггүй. Ардчилсан улс оронд улс төрийн намууд ямар байдалтай байх вэ, Монголд ямар онцлогтой байх юм бэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа.

Үүн дээр намуудын тодорхой санал санаачилга байвал Тамгын газар дээр нэгтгэж ярилцъя гэж бодож байна. Мэдээж хуулийн төслөө өргөн барихын өмнө эргээд сонирхсон нам, хүмүүст танилцуулах боломжийг гаргана. Гэхдээ сонгуулиас өмнө УИХ, Засгийн газрын бүрэн эрх эхлэхээс өмнө энэ асуудлыг нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Таван толгойтой холбогдсон асуудалд хариулахад, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжил юм.

Энэ хөгжилд хувь нэмэр болох энэ үйл ажиллагааг дэмжиж үндэсний эрх ашиг дээрээ нэгдэнэ гэдэг бол хөгжлийн асуудал дээр нэгдэж ажиллах юм. Хоёрт, цагийн юмыг цагт нь хийхгүй бол бидэнд цаг хугацаа, бусад улс орон гэсэн том өрсөлдөгч байгаа. Цагийн юмыг цагт нь хийж чадахгүй бол цаашаа улам их илүү зардал гардаг. Гуравт, УИХ асуудлыг хэлэлцэж чадна, чадахгүй гэсэн асуудал биш. УИХ-д өөрийнх нь хийх ёстой ажил байгаа, Засгийн газарт, аж ахуйн нэгжүүдэд өөр өөрийнх нь хийх ажил бий.

Миний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Аж ахуйн нэгжийнхээ хүрээнд хоорондоо гэрээ, хэлэлцээрээ хийгээд явчих боломжтой асуудал. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлаа Засгийн газар хуулийн дагуу шийдэхэд л энэ асуудал бүрэн явах боломжтой шүү дээ. Бид асуудлаа шийдчихээд өмнө нь хууль гаргаагүй юм шиг, ийм бүтэц байхгүй юм шиг харах хэрэггүй.

Ер нь муухай хэрүүл, талцал, сүйтгэл рүү бид явж ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж байгаа байдал бол Монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч шүү дээ. Ийм юмыг бид бага гаргаж, нийлж, нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Та бүхэнд ганц жишээ хэлэхэд, 39 сая тонн нүүрсийг жилдээ төмөр замаар зөөнө гэж бодоход өдөртөө 1400 вагон ачна.

Өдөртөө 1400 тэвш нүүрс явж байж 39 саяд арай гэж хүрч байгаа. Та нар суугаад 1400 тэвш зурах гээд оролд. Залхуу чинь хүрнэ. Энэ бол зураг эвлүүлэхээс шал өөр асуудал. Тийм учраас энд хөрөнгө оруулалт хийнэ, бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол үнэхээр чухал асуудал. Тэгэхээр түвшин түвшиндээ, хуулийнхаа хүрээнд л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ө.Энх­түвшин: -Та “Том төрөөс ухаалаг төр” бодлогыг дэвшүүлэхдээ төрийн мэргэшсэн албыг халж болохгүй гэсэн, намаар, үзэл бодлоор нь ялгаварлаад халаад л байсан. Таныг дуугарах нь уу гэтэл дуугараагүй. Олонхи шахаад байсан уу, хориг битгий тавиарай гээд. Тавантолгойн асуудал дээр төрийн гурван өндөрлөг ойлгомжгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг ярьж болдоггүй байсан юм уу.

Та энэ асуудалтай холбогдуулж “УИХ-аар асуудлыг хэлэлцэхээр улам мууддаг гэсэн, Ерөнхий сайд УИХ-д оруулахгүй гэсэн, УИХ-ын дарга “Та нар яасан том юм” гэсэн. Гадаадынханд уучлал үзүүллээ, Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ уучлал үзүүлсний дараа юу болох нь уу гэтэл 35 тэрбум төгрөгийг төлөхгүй гэсэн,давж заалдсан, одоо 35 тэрбумыг хэн төлөх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: -Тавантолгойн асуудал дээр бид нэгдмэл байр суурьтай байгаа. Нэгэнтээ УИХ-аар асуудлыг хэлэлцье гэсэн болохоор УИХ яаралтай шийдээд явах ёстой. Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээндээ заасанТогтворжуулалтын гэрээгээ баталгаажуулаад л явах ёстой.

Өмнө нь төрийн өмчийн Таван толгойд гадны байгууллагыг ажиллуулахдаа хоёр компанийн хооронд гэрээ байгуулаад ажиллуулж байсан. 35 тэрбум төгрөгийг одоо сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Ж.Капла нар уучлал гуйсан, тэр ялыг уучилсан. Аж ахуйн нэгж дээр тавьсан 35 тэрбум төгрөгийг уучилсан зүйл байхгүй, шат, шатны шүүхээс 35 тэрбум төгрөгийг төл гэж шийдвэр гарсан.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг: -Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан учраас тэр хүрээндээ шийдэх ёстой гэсэн асуудал хөндөж байна, та. Таван толгойд Монголын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч гэдэг бол компанийн эзэн. Хэнээр хөрөнгөө үржүүлүүлэх вэ, хэнийг тавих вэ гэдгийг шийдэх эрхтэй. Гурван сая хүнтэй хамааралтай асуудлыг М.Энхсайхан сайд ганцаараа шийдээд явж байна. Гэрээг дэмжиж байна уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: -Асуудлаа шийдэх түвшинд нь шийдээд явчихвал хэрэгтэй. Амны зугаа, муухай хэрүүл битгий болгочихоосой.Ард түмний хувьцааг мөн­­гөжүүлэх асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлнэ.

М.Энхсайхан сайдын тухайд Таван толгойн гэрээ, хэлэлцээртэй холбоотой бүхий л мэдээллийг бүгдэд нь нээлттэй мэдээлээд, хариулаад явж байгаа. Аль улсын хөрөнгө оруулалт Монголд хамгийн их байдаг юм бэ гээд зарим гишүүнээс асуувал хариулахад хүнд байх гэж бодож байна. 2014 оны дүнгээр Голланд хамгийн өндөр.

Оюу толгойд Рио Тинто хөрөнгө оруулсан гээд бүртгэгдсэн газраараа хамгийн өндөр нь тэндээ байдаг юм. Аль нэг орны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, ҮАБЗ-ийн гаргасан Үзэл баримтлалаасхэтэрчихсэн явж байгаа зүйл байхгүй. Тэрэн дээр хяналтаа тавиад дүнгээ гаргаад явдаг. Ер нь хөрөнгө оруулалт орж ирж байж энэ эдийн засаг томордог. Хөрөнгө оруулалт орж ирж байж, ажил хийгдэнэ, улс орон хөгжинө. Уг ньажил хийгээд явбал зүгээр.

УИХ-ын гишүүн Сү.Бат­болд: -Залгамж чанараа хадгалсан төр засгийн тогт­вортой бодлого, тэр дундаа тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад ямар механизм хамгийн чухал хэрэгтэй юм бэ. Ардчиллын интитуцийг яаж төлөвшүүлэх ёстой юм бэ. Төр хувийн хэвшлийн хил хязгаарыг тунгалаг, шилэн данс шиг болгох тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ. Боловсролын тогтолцоон дээр Ерөнхийлөгчийн институци манлайлах оролцоо гаргавал зүгээр юм болов уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: -Ер нь эдийн засгийн чиглэл дээр институт хоорондын харилцаа Монгол Улсын урт хугацааны хөгжил, тогтвортой байхтай холбогдсон асуудлыг бид хуулиндаа хаяад байгаа учраас энэ асуудал хэрэгжихгүй байгаа юм. Хэрвээ ийм хууль гарвал бид хариуцлагынх нь механизмыг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хамгийн сүүлд гарсан хуулиар бэлэн мөнгө намууд амлахгүй, ийм байхаас хэтрэхгүй, аудит баталгаажуулна, хэрэв зөрчил гарвал Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахгүй гэдэг болсон. Яг үүнтэй адил­хан тэр хөгжлийнхөө чиглэл хөтөлбөрөө тийм байдлаар шийдэх хэрэгтэй.

Сонгуульд орж байгаа намууд Монголынхоо урт хугацааны хөгжилд уялдуулж мөрийн хө­төлбөрөө хийнэ. Хэрэв хий­гээгүй бол Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахгүй. Олон нийтийн болон аудитын бай­гууллага хяналт тавьж дүгнэлтээ өгнө. Дээрээс нь Засгийн газар байгуулагдахад мөрийн хөтөлбөртөө улсынхаа урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаагүй байх юм бол тэр Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Ингээд энэ асуудлуудыг маш тодорхой хариуцлагатай нь уях хэрэгтэй. Үүнд би зориг гаргаж ажиллана.

УИХ-ын гишүүн А.Бакей: -Ерөнхийлөгчөөс УИХ-тай ха­рилцах харилцаа, Ерөн­хийлөгчөөс Засгийн газартай, Шүүх засаглалтай харилцах харилцаа буюу төрийн бай­гууллага хоорондын институци хоорондын харил­цаанд өнгөрсөн хугацаанд засаж сайжруулах зүйл юу байна гэж үзэж байна вэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: -Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондын харил­цааны асуудалд хүндрэлтэй, болохгүй зүйл байхгүй. Зарим нэг тулгамдаж байгаа асуудлыг шийдье гэвэл Үндсэн хуулиас гадна Үндсэн хуулийг дэлгэрүүлсэн тулгуур гол хуулиудаар энэ асуудлыг яриад явах боломжтой. Улс төрийн намын санхүүжилт, намтай холбогдсон асуудлыг хууль болгоод УИХ дээр хэлэл­цээд явбал шаардлагатай бол саналаа өгөөд явъя гэж бодож байсан.

Гэтэл бичээд гаргасан хуулийн төсөл байхгүй, цаг алдаж байгаа. Энэ асуудлыг үнэхээр шийдэх шаардлагатай байдал харагдаж байна. Иймд энэ сонгуулийн өмнө шийдье гэвэл шийдсэн шиг шийдэх хэрэгтэй. Одоогоор хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах шатанд байна.