Х.Тэмүүжин: Өнөөдөр шинэчлэл хийх улстөрийн нөхцөл байдал бүрдсэн
"De Facto" нэвтрүүлгийн зочноор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцлоо
-Таныг огцруулах тухай яригдаж байна. Яагаад ийм байдал хүрчихэв?
-Жам ёсны үзэгдэл байх л даа. Энэ салбарын шинэтгэлийг хийхдээ ямар бэрхшээлүүд тулгардаг талаар уншиж үзсэн. Манайх шиг шилжилт хийж байгаа улс орнуудад хамгийн их хүндрэл учруулдаг, шинэ сорилтуудыг үүсгэж байдаг тэр салбар нь хууль, хүчний байгууллагуудын шинэтгэл.
Хуучин тогтолцоонд эдгээр байгууллагууд маш их хаалттай, дотор нь юу болж байгаа талаар хэн ч мэддэггүй. Нөгөө талаасаа өөрсдийгөө үйлчилгээ үзүүлдэг талаар ямар ч ойлголтгүй байдаг. Бид тушаадаг, зандардаг, хүч хэрэглэдэг л гэж бодохоос иргэдэд үйлчилдэг, аюулгүй байдлыг нь хангадаг гэсэн ойлголт байдаггүй.
Бас иргэний бус цэрэгжсэн зохион байгуулалттай. Хууль дүрэм гэхээсээ илүү даргын тушаалаар ажилладаг. Тиймээс хууль нийцэх нийцэхгүй нь хамаагүй байдаг.
-1990 оноос хойш бид хүний эрхийг дээдэлсэн, зах зээлийн системд шилжсэн. Энэ механизм нь аюулгүй байдлын тусгай үйлчилгээ шаардаад эхэллээ. Тэгэхээр үүнд таарахгүй байгаа гэсэн үг үү?
-Энэ уламжлалт харилцаа угаасаа таарахгүй л дээ. Яагаад гэвэл хүнд үйлчилдэггүй учраас тайлагнах, хянагдахгүй гэсэн үг юм. Хэнд тайлагнаж, хянагдаж, хэнийг төлөө ажилладаг юм бэ гэхээр тухайн байгууллагад эрх мэдэлтэй байгаа хүндээ л тайлагнадаг, үйлчилдэг.
1990 онд олж авсан ардчлалын үр дүнд нийгэмд олон зүйлс өөрчлөгдөөд ирэхээр аяндаа энэ байгууллагуудаас өөрчлөлт шаардаад эхэлж байгаа юм.
-Энэ өөрчлөлтүүдийг өмнө нь шаарддаг л байсан шүү дээ. Яагаад хийгдээгүй байсан юм бэ?
-Энэ байгууллагуудыг өөрчилнө гэдэг бол доторх эрх мэдэл, хуучин арга барилтай нь тэмцэнэ гэсэн үг юм.
Маш олон эрх мэдэлтэй хүмүүсийн уурыг хүргэнэ. Тиймээс энэ хэмжээний эр зориг өмнө нь байсан үгүйг мэдэхгүй юм.
Гэхдээ өнөөдөр ямар байсан үүнийг хийх улстөрийн нөхцөл байдал бүрдсэн. Яагаад гэвэл хуульд энэ шинэчлэлийг хийнэ гэж амлалт өгсөн нам нь олонхи болсон.
Энэ нийгэмд байгаа шударга бус зүйлтэй хатуу тэмцэнэ гэсэн “шударга ёс” эвсэлтэйгээ бид нэг эвсэл болсон. Дээр нь Төрийн гурван өндөрлөг гэж ярьдаг гол гурван хүн маань энэ шинэтгэлийн төлөө хатуу зогсож байгаагаа харуулчихсан.
Харин олон нийтийн хувьд маш эртнээс хуулийн байгууллагуудын өөрчлөлтийг хүсдэг болсон. Өөрчлөхгүй бол хуулийг өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлдэг энэ үзэгдэл газар авах гээд байна.
-Өнөөдөр Та энэ байгууллагуудын чиг үүрэг, хууль эрхзүйд нь өөрчлөлт хийж байна. Тэгээд яг зохион байгуулалтаа хийгээд Дорж, Балданг солих асуудал гаргаж ирэхээр хүчтэй эсэргүүцэлтэй туулаад Таныг өөрийг тань сольё гэж байх шиг байна?
-Энэ ганц Монголд гарч байгаа үзэгдэл биш юм байна лээ. Ийм хатуу, хаалттай, хүчирхийлэл хийж болохуйц арга техниктэй, эрх мэдэлтэй байгууллагад өөрчлөлт хийх хэцүү. Сүүлдээ энэ өөрчлөлтийг хийх гэж байгаа хүн рүүгээ эргэж дайрдаг.
Үргэжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү