Д.Батцогт: Мөрдөх албыг байгуулснаар хэргийн илрүүлэлтэд дэвшил гарна
УИХ-ын гишүүн Д.Батцогтыг “VIP” ярилцлагадаа урьж, Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар болон цаг үеийн асуудлаар яриа өрнүүллээ. Тэрбээр Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хүрээнд байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.
-Мөрдөх албаны тухай хуулийн төслийг ирэх долоо хоногоос байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг баталсанаар Мөрдөх албыг шинээр байгуулна гэсэн үг үү. Прокурорын Мөрдөн байцаах газрыг татан буулгах тухай яригдаж байна?
-Мөрдөх албаны тухай хуулийг баталсанаар Мөрдөх алба гэдэг цоо шинэ бүтцийг бий болгоно. Ерөөсөө л зохион байгуулттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилготойгоор байгуулах юм. Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг олширч байгаагийн зэрэгцээ хэрэглэж байгаа залуус олноор бий болж байгаа тухай мэдээлэл түгж байна. Мөн хар тамхины худалдаа, наймаанд манайхан орооцолдож, энэ нь цаашдаа даамжран газар авч болзошгүй байгаа.
Дөнгөж өнгөн хэсгийн илрүүлчихээд цаад том хэсгийг нь илрүүлж дөнгөхгүй байгаа тухай ч яригдах л юм. Нөгөөтэйгүүр хүний наймааны асуудал аюулын харанга дэлдээд эхэллээ. Хүний наймааг зохион байгуулалттай, нууц аргаар болон бүлэглэлийн шинжтэйгээр хийдэг. Дээрээс нь терроризмын аюул сүүлийн үед нүүрлэж байна. Хотын төвд хэн дуртай нь буу, зэвсэг бариад явж байхад хууль, хяналтын байгууллага мэдэхгүй байх жишээтэй.
Мөн албан тушаалтан, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гарсаар байна.
Мөн албан тушаалтан, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гарсаар байна. Нөгөөтэйгүүр цахим гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Энэ мэтээр дандаа бүлэглэлийн шинж чанартай, мафийн шинжтэй, сүлжээгээр ил, далд аргаар хийгддэг гэмт хэргүүдийг Мөрдөх алба хариуцан ажилллана. Өндөр зохион байгуулалттай, өндөр мэдлэг, боловсрол, санхүүгийн чадавхтай Мөрдөх алба гэсэн агентлаг байх ёстой гэж үзэж байгаа.
-Гадаадын улсууд тусдаа Мөрдөх албатай байх нь бий. Харин манайд бол мөрдөх газар нь тухайн нэг байгууллагын дэргэд байдаг. Үүнийг нэг зохион байгуулалтад оруулснаар ямар ахиц гарна гэж үзэж байгаа вэ?
-АНУ-д гэхэд Мөрдөх албатай. Тайваньд Мөрдөх алба нь 70 жил ажиллаж, сүүлийн 20 жил тасралтгүй хөөцөлдөж байгаад нэг том гэмт хэргийн сүлжээг илрүүлсэн байх жишээтэй. Манай хойд хөрш Мөрдөх албатай. Урд хөрш Мөрдөх албатай болох үйл явц нь үргэлжилж байна. Барууны олон оронд энэ чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай байдаг. Манайд цагдаагийн байгууллагад энэ бүтэц байдаг.
Цагдаа нийт 182 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Хулгай, хүн амь, ахуйн гэмт хэргээс гадна зохион байгуулалтай бүх зүйлийг шалгаж байна. Гэхдээ одоо гэмт хэргүүдийн арга нарийсч, хил дамнасан маягтай болж хүрээгээ тэлж байгаа учраас одоогийн байгаа бүтэц нь хүчрэхгүй байна. Тэгэхээр улс орон хөгжиж, глобалчлал явагдан гадныхан Монголд чөлөөтэй ирж, бид ч ялгаагүй гадагшаа чөлөөтэй явж байгаагийн хэрээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай зохион байгуулалт хийхгүй бол болохгүй.
Тийм учраас би Мөрдөх албаны тухай хууль зөв зүйтэй, үүнийг дэмжинэ гэж бодож анх ажлын хэсгийн ахлагч болохыг зөвшөөрсөн. Ингээд хуулийн төсөл дээрээ ажилласан.
-Хуулийн төслийн хувьд хэр чамбай бичигдсэн бол. Тагнуул, АТГ гээд одоогийн байгаа бүтцүүдэд хэр их хөдөлгөөнд орох вэ?
-Энэ хуулийн төсөл их сайн бичигдсэн. Хүмүүсийн бодоод байгаа шиг хардаж, сэрдэх зүйл байхгүй. Ер нь болзошгүй аюулаас, мөн ард иргэдийг амгалан тайван амьдруулахад энэ бүгдийг хийх шаардлагатай. Мөрдөх албыг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргийг дагнан хөөцөлддөг болох юм. Цагдаагийн байгууллагад мөрдөх газар нь үлдэнэ. Хүн амины болон хулгай, дээрмийн хэргээ зохицуулаад явна. Авлигатай тэмцэх газар бол авлигынхаа асуудлыг шалгаад одоо байгаа үйл ажиллагаа явуулна.
Цагдаагийн байгууллагад мөрдөх газар нь үлдэнэ.
Тагнуулын байгууллага улс орны аюулгүй байдлын чиг үүргийнхээ хүрээнд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулдгаараа явуулна. Тэгэхээр Мөрдөх албыг байгуулснаар хэргийн илрүүлэлтэд ахиц, дэвшил гарна гэж ойлгох хэрэгтэй. Гэм хийгээгүй, хуулийн дагуу ажиллаж чадаж байгаа хүнд айж, ичих юм байхгүй. Гэм хийсэн, янз бүрийн асуудалд орооцолдсон хүмүүст ийм төрлийн шинэ байгууллага байгуулж байгаа нь айдсыг төрүүлж байгаа байх гэж бодож байна.
-МАН-ын бүлгийн зүгээс төрийн албаны орон тоо нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүтэц данхайж байна гэж үзэж байгаа. Мөрдөх албыг байгуулахаар шинээр орон тоо бий болно гэсэн үг үү?
-Улсын мөрдөн байцаах газар гэж бий. Тэгэхээр энэ чиг үүргээр үйл ажиллагаа явуулдаг тасаг, хэлтэс байгаа. Мөн Эрүүгийн цагдаагийн газар байгаа байдаг. Тиймээс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцдэг чиг үүрэг бүхий бүтэц төсөвтэйгээ хамт Мөрдөх албанд ирнэ. Мэдээж шинэ ажилтан авах асуудал гарах л байх.
Энэ жилийн хувьд бол тухайн төсөв дээр шаардлагатай бол Засгийн газрын нөөц хөрөнгөөс бага зэргийн мөнгө шилжүүлэх бололцоотой. Цаашдаа энэ байгууллага улам бэхжиж, үр дүнгээ өгөхийн бол УИХ-аар тусгайлан төсвөө батлуулдаг болох юм.
-Ингэхэд та Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын талаар ямар байр суурьтай байна вэ. “Шударга ёс” эвслийн бүлэг зарчмын зөрүүтэй саналтай байгаа гэдэг?
-Эрдэс баялгийн бодлогын асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт Г.Уянга, Ц.Цолмон нарын гишүүд манай бүлгээс орсон. Г.Уянга гишүүн зарчмын өөр байр суурь барьж байна билээ. Гэхдээ “Шударга ёс” эвслээс 11 хуудас бүхий саналыг бодлогын баримт бичигт тусгаж өгөөч гэж өгсөн. Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа гишүүний хувьд дийлэнхийг нь тусгасан гэж байгаа. Ер нь 2020 он хүртэл эрдэс баялгийн салбартаа монгол төр ямар бодлого барих юм гэдэг асуудлыг шийдэж байгаа.
Энэ бодлоготой холбогдуулж Ашигт малтмалын хууль боловсруулна. Тийм учраас үүн дээр анхааралтай хандаж зөв шийдлүүдийг харж тусгах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Миний зүгээс бодлогод ороосой гэж бодож байсан зүйлүүд маань тусгагдсан байна лээ. Тухайлбал, бүх ашигт малтмалын ордоо одоо ухаж, төнхөөд дуусгах уу, заримыг нь үр хойч, ирээдүйд үлдээх үү гэдэг асуултад энэ төрөөс гарах баримт бичгээр хариулт өгөн нэг чигтэй болох ёстой гэж боддог.
Үүнийг оруулсан байна лээ. Байгалийн үзэсгэлэнтэй газар болох Сэлэнгэ, Хөвсгөлийн хангайн бүсэд ашигт малтмал ашиглахыг цааргалах хэрэгтэй. Ирээдүйд техник, технологи хөгжиж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болохын цагт ашиглаж боломж бий.
-Эрдэс баялгийн бодлоготой зэрэгцээд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс энэ хуулийн төслийн эсрэг байгаа. Таны хувьд энэ хуулийг төслийн талаар ямар бодолтой байна?
-Эдийн засгийн үр өгөөжийг харах хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд Монгол Улс алтны хяналтаа бүрэн алдсан. Үүн дээр монгол төр хяналтаа тавих нь чухал. Гадныхан орж ирээд Монголд дураар алт худалдаж, хууль бусаар хилээр гаргадаг явдал хэрээс хэтэрлээ. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засаг алдаатай байгаа. Алтыг эргэж хумъя гэдэгтэй санал нэг байна.
Нөөц ашигласны татварыг буулгах гэж байгаа нь зөв үү, буруу юу гэдэгт харин эдийн засгийн маш нарийн үндэслэлтэй тооцоо хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Үнэхээр 2,5 хувь болгож нэг дахин буулгаад үр ашиг нь тав байснаасаа илүү олж чадвал зөв л болох байх. Алтны олборлолт хийж байгаа компаниуд ингэвэл алтаа тушаана гэсэн мухар сүсэг, итгэл үнэмшлээр буулгаж байгаа бол буруу. Энэ асуудлыг олон талаас нь харж ёстой л нөгөө долоо хэмжиж нэг огтлох гэх зарчмаар хийхгүй бол болохгүй. 2,5 хувь болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэхийн бол тэр хэрээр гадаад валютын нөөц өсөж, мөнгөний бодлогоо явуулах бололцоо нэмэгдэнэ л гээд байгаа.
Гэхдээ тооцоо, судалгаагаа Засгийн газар УИХ-ын гишүүдэд нарийн нягт тайлбарлаад гаргаад ирж чадахгүй байгаад гайхаж байна. Монголбанкинд алт тушаахыг хуульчилж өгөх хэрэгтэй. Мөн Монгол Улсын хэмжээнд олборлож байгаа бүх алтыг Монголбанк цуглуулахын тулд ажиллах нь чухал.
Гадны улс орнууд манай алтыг аваад болоод байхад Монголбанк алтны нөөцөө яагаад бүрдүүлж чадахгүй байна. Энэ бол тухайн байгууллага, төр чадавхигүй байгааг харуулж байгаа хэрэг. Ямар ч байсан алтныг Монголбанкинд цуглуулах тал дээр бүх хууль, эрх зүйн орчныг бүрэн гаргаж өгөх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.