Хорих 411 ангид болсон нээлттэй хаалганы өдөрлөг
2014.06.03

Насанд хүрээгүйчүүдийн хориход Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид өнөөдрийн байдлаар 16-18 насны 30 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Тус хорих ангид Хүүхдийн баярт зориулсан Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Хорих ангийн зүгээс хүмүүжигч хүүхдүүдийн хөгжилд анхаарч төрөл бүрийн сургалтыг явуулдаг. Тухайлбал Хан-Уул дүүргийн 110 дугаар сургуульд хүмүүжигч хүүхдүүд сурдаг. Удахгүй 10 гаруй хүмүүжигч хүүхэд бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авна. Хорих ангиас Хүүхдийн баяр, Төгсөлтийн баярыг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудал байдаг ч нөгөө талаасаа гэнэн томоогүй зангаасаа болж насан туршдаа харамсах үйл явдалд хүүхдүүд орооцолддог.  Гэхдээ амьдралдаа дахин алдахгүйн тулд хүүхдүүд сэтгэл зүй, зан төлөвийн хувьд эерэгээр төлөвшдөг гэж сэтгэл зүйч ярьж байна. Гэвч хүүхэд хүмүүжих хугацаандаа засарч төлөвшсөн ч суллагдаад гарахаар нийгэм хүлээж авдаггүй. Энэ нь тэднийг улам ганцаардуулж дахин гэмт хэрэг хийхэд хүргэдэг байна.

ХТҮГ-ын дарга И.Нарантуяа:

Сүүлийн хоёр жилд манай байгууллага хорих 411 дүгээр ангитай хамтарч ажиллаж байна. Шинээр хэдэн хүүхэд нэмэгдэж ирсэн, хэд нь суллагдсан, хичнээн нь насанд хүрэгчдийн хориход шилжиж буй зэрэг бүх тохиолдлыг бид бүртгэж явдаг.

Хорих 411 дүгээр ангийн 70 гаруй хувь нь гэр бүлийн тогтворгүй байдлаас үүдэж өргөст торны цаана оржээ. Хүүхдүүд буруу замаар орж, гэмт хэрэгт холбогддог нь эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Түүнлчэн өнөөдөр хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байна. Энэ нь хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог бас нэг шалтгаан юм.