“Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа
2021.01.14

“Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 14 минутад эхэллээ.

“Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсгийг үндэслэн дээрх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулахаар төсөлд тусгажээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Нээлттэй нийгэм форум ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажиллаж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохио байгуулах үүргийг хүлээх юм байна.

Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, “Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.