Хүний эрхийг хамгаалахад хуулиас гадна хөрөнгө чухал
Хүний эрхийг хамгаалахад хуулиас гадна хөрөнгө чухал
2014.05.22

Хүний эрхийг хамгаалахад хуулиас гадна хөрөнгө чухал

Хүний эрхийн үндэсний комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг танилцуулах уулзалтыг Төрийн ордны Иргэний танхимд өчигдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хүний эрхийн зөрчилгүй улс орон гэж байдаггүй. Хаа ч гэсэн хүний эрхийг их, бага хэмжээгээр зөрчиж байдаг. Гагцхүү хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалах механизм байна уу, үгүй юу гэдэг нь чухал байдаг гэнэ. Энэ механизм нь сайн байвал хүний эрх нь зөрчигдлөө ч хамгаалагдаад явах бүрэн боломжтой байдаг байна. Харамсалтай нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо нь жинхэнэ утгаараа хэрэгжиж, бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байгааг иргэний нийгмийн төлөөллүүд санал нэгтэйгээр хэлсэн юм. Үүнийгээ манай улс хүний эрхийн асуудалд зарим талаараа урагштай бас ухралттай байгаагаар тайлбарлаж байв.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсад эрүүдэн шүүх механизмыг үгүй болгох зорилгоор Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол болон галт зэвсгийг худалдаалах асуудлаар хийсэн гэрээнд нэгдэж чадсан нь чамгүй амжилттай байгаагийн илрэл гэнэ. Мөн зарим талаараа ухарсан байна. Үүний нэг жишээ нь Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан явдал аж.

Төрийн албан хаагчийн зүгээс хүчирхийлэл үйлдэж хэн нэгэнд эрүү шүүлт тулгах, зүй бус харьцсан хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг байгууллагагүй болсон байна. Уг нь энэ байгууллага хамгийн хараат бус байгууллага байжээ. Эрүүдэн шүүх элементүүдийг таслан зогсоох үйл ажиллагаа явуулдаг, жинхэнэ утгаараа ажиллаж байсан институт байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, хараат, ашиг сонирхлын зөрчилтэй цагдаагийн байгууллага эсвэл Авлигатай тэмцэх газарт буцаад хуваарилж өгсөн нь эргээд ухралт болсон хэмээн Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагууд санал нэгтэй байсан юм. Чухам энэ ахиц, амжилт бас учир дутагдалтай асуудлаас үүдэн дөрвөн бүлэг асуудлыг хөндөж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зургаан зөвлөмж гарган УИХ-д хүргүүлж байгаа юм байна.

Тухайлбал, Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Хорих болон цэргийн анги дахь албадан хөдөлмөр, Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй, эмэгтэйчүүдийн эрх, Эрүү шүүлтээс ангид байж эрхийн хэрэгжилт, хохирол нөхөн төлүүлэх эрх, Хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлхийн дарамт гэсэн сэдвийн хүрээнд илтгэлийг боловсруулжээ.

Хүний эрхийн талаарх илтгэлүүдийг УИХ хууль, тогтоомждоо хэдий сайн тусгана төдий чинээ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн бодит хууль дүрэм гарах юм.

Үүн дундаас манайд барилга, худалдаа болон төрийн байгууллагын салбарт хүний эрх түгээмэл зөрчигдөж байгаа судалгааны дүн ч гарч. Мөн хууль зүйн салбарт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан харамсалтайгаар нас барсан жишээг хэлсэн юм. Энэ нь хүний эрхийн маш том зөрчил гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцолсон.

“Монголын Эмнести Интернэшнл”-ийн захирал Б.Алтантуяа:

-Нэг эрх зөрчигдөхөд бусад эрх нь ар араасаа зөрчигддөг жамтай. Тиймээс төр засаг Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг анхааралтай сонсч байгаасай. Хүний эрхийн талаарх илтгэлүүдийг УИХ хууль, тогтоомждоо хэдий сайн тусгана төдий чинээ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн бодит хууль дүрэм гарах юм. УИХ, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагууд салшгүй уялдаа холбоотой ажиллах ёстой.