Гэмт хэргийн хуульд хүүхдийг “Хаалттай сургалтын байгууллага”-д байлгана гэж зааж өгчээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Гишүүийн асуусан асуултыг хүргье
С.Ганбаатар:Энэ дэндүү харгис хуулийн төсөл болсон юм бишүү.
Гэмт хэргийн тухай хуулийг уншиж танилцлаа. Энэ хуулийн төсөлд 14 наснаас эхэлж ял эдлэнэ гэж заасан байна. Энэ дэндүү харгис хуулийн төсөл болсон юм бишүү. Гэмт хэргийн ноцтой хохирол, гудамжинд зодуулсан тохиолдолд гэмт хэрэг биш гэж үздэг одоо мөрдөгдөж байгаа хуулийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Х.Тэмүүжин хариулав Одоо үйлчилж байгаа хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн доод насыг 16 гэж заасан зарим ноцтой хэрэгт 14 нас гэж заасан байгаа. Хамгийн гол нь одоо мөрдөгдөж байгаа хуульд хүүхдэд ял оноох зарчим нь насанд хүрсэн хүнтэй адил ял оноодог байсан. Бид харин энэ хуулийн төсөлд асыг 14 гэж заасан ч оноох ял нь тусгайлан үйлчлэхээр заасан. Дэлхийн улс орнуудад ч ингэж үздэг. Хуулийн байгууллагууд 14 наснаас хүүхэдтэй ажиллаж, хууль сахиулах ажиллагаа явуулж, оноох ялыг өөрчилсөн. Хүүхдэд оноох ял насанд хүрсэн хүнтэй адил ял оноодог байсан бол одоо хүүхдийг “Хаалттай сургалтын байгууллага”-д байлгана гэж зааж өгч байгаа.
Ажлын хэсгийн гишүүн н.Эрдэнэбат: Гэмт хэргийн хохирол, ноцтой хор уршиг гэдэг ойлголтуудад багтаан гэмт хэргийн 4 төрлийн хохирлыг тооцож гаргасан. Тухайлбал, өмнө нь эд хөрөнгө залилсан гэдэг нь яах аргагүй үнэлгээ шаарддаж, хохирлыг тооцуулдаг байсан. Гэтэл сэтгэл санааны хохиролыг барагдуулах гэж байгаагүй үүнд зориулан “хор уршиг” гэдэг заалт оруулж ирсэн. Иргэснээр иргэдийн сэттэл санааны хохирлыг тооцох боломжтой болно. Одоогийн Эрүүгийн хуульд зодох гэдэг заалт байхгүй. Гэхдээ “хүний биед ноцтой гэмтэл учруулсан, тарчлаах” гэсэн заалтууд байгаа. Гэтэл шүүх эмнэлгээр яваад “хөхөрсөн байна, гэмтэл байна, гэхдээ гэмтлийн хөнгөн зэрэгт ч хүрэхгүй байна” гээд хэргийг хэргэсэхгүй болгох асуудал цөөнгүй гардаг. Тийм учраас энэ бүгдийг хүний биед хохирол учруулсан л бол гэмт хэрэг гэж үзэхээр заасан.
Ц.Даваасүрэн: Төрийн албан хаагчид ажлаа хийхэд хэцүү болох юм биш үү
Энэ хуулийг баталсанаар хүний эрхийг дэдэлдэг болно гэж байна. Өмнөх хуулиас илүү болсон уу, хүнийг гэмт хэрэгтэн гэж нотлоогүй байж гэмт хэрэгт буруутгадаг асуудлууд арилсан уу. Мөн төрийн албан хаагчид бусдыг гүтгэсэн тохиолдлыг хэрхэн шийдвэрлэхээр заасан бэ? Сонгуулийн явцад үүссэн асуудлуудыг тодорхой болгоход хэрхэн анхаарсан бэ? Ял өгөхдөө торгуулиар мөнгөөр, сар жилээр гэж заасан байна. Энэ мөнгөөр ялыг эдлэх гэдэг танилтай мөнгөтэй нэгэнд үйлчлээд, мөнгөгүй нь ялаа аваад хуучнаасаа ялгарахгүй байгаа юм биш үү? Компани үйл ажиллагаанд хохирол учруулсан бол хариуцлага хүлээдэг болно гэсэн заалт байна. Энэ шинээр орж ирж байгаа заалт уу? Энэ заалтыг хэвээр нь баталбал төрийн албан хаагчид ажлаа хийхэд хэцүү болох юм биш үү
Х.Тэмүүжин хариулав “Оргон зайлахаас урьдчилан сэргийлж цагдан хорьдог. Харин энэ хууль гарснаар цахим гав хэрэглэж эхэлнэ. Энэ нь хүнийг заавал албадан саатуулалгүйгээр гэрт нь хорих боломжийг бий болгох юм. Тухайн иргэн ажлаа хийх эрх нь ч нээлттэй болно. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуй нэгжид хохирол учирсан бол хариуцлага тооцдог болно. Энэ өмнө нь байгаагүй шинэ орж ирж байгаа заалт.
Д.Оюунхорол: Хууль бусаар олсон хөрөнгийг хураахгүй байх нь хэр зөв вэ?
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эд хөрөнгийг нь хураахгүй байх заалт орсон байна. Хууль бусаар олсон хөрөнгийг хураахгүй байх нь хэр зөв вэ?
Х.Тэмүүжин хариулав “хууль бусаар олон болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийг угаасаа хураадаг. Энэ хуульд ч ингэж заасан. Харин тухайн гэмт хэрэгтэй нь ямар ч хамааралгүй эд хөрөнгийг нь хураадаг байсаныг болих тухай заалт оруулсан.