Д.Дэмбэрэл: Улс төрчдийн хувийн ашиг сонирхлоос болж төмөр замын салбар хөгжихгүй байна
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
2014.05.02

Д.Дэмбэрэл: Улс төрчдийн хувийн ашиг сонирхлоос болж төмөр замын салбар хөгжихгүй байна

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

- Монголын авто замын салбарын ирээдүйг яаж харж байна вэ?

Өргөн уудам нутагтай манай улсын хувьд авто зам барих ажлыг замын салбарын бодлогодоо тэргүүлэх байранд тавих ёстой. Өмнө нь Монголын төр “Мянганы зам” гэсэн том бодлогын баримт бичиг гаргасан. Энэ нь 21 дүгээр зуунд авто замыг хөгжүүлэх том алхам болсон. Ингээд хоёр хөршийг холбосон босоо тэнхлэгийн, зүүнээс баруун тийш хэвтээ тэнхлэгийн зам тавихаар болсон. Дараа нь бүх аймгуудаа хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гарсан. Шинэ Засгийн газар уг ажлыг үргэлжлүүлж байгаа. Түлхүүр гардуулж, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр замын ажлыг хийе гэсэн төлөвлөгөөний дагуу одоогийн Засгийн Газар ажиллаж байна гэж би бодож байна.

Авто зам их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс нэг удаа чанартай зам тавих л чухал. Дэлхийн хэмжээний стандартыг мөрдөх хэрэгтэй. Хуучин стандартаар тависан замаар орчин үеийн хүнд даацтай машинууд явдаг учраас замын эвдрэл их гардаг. Технологийн алдаа гаргалгүй, суурь шахалт, суурь байгууламжуудыг чанартай хийж, хучилтыг хийхдээ жигдхэн тавих хэрэгтэй.

Одоо тавигдаж буй замуудаас Ховд аймгийн замууд чанартай, гүйцэтгэл сайтай байгаа. Би санаачлагчийн хувиар бус хөндлөнгийн хүний нүдээр харахад ийм байна. Хол болохоор тэр болгон сайн мэдэхгүй байж магадгүй. Гэтэл урагшаа чиглэсэн замыг харахад 10 жилийн настай болов уу гэмээр харагддаг.

- Хоёр хөршийг холбосон транзит замын талаар их ярьдаг. Та үүнийг хэр боломжтой гэж бодож байна вэ?

Энэ бол боломжтой зүйл. Тухайлбал баруун бүсийн 2023 онд тавигдаж дуусах замаар Орос, Хятадыг холбох бүрэн боломжтой. Түүнчлэн Замын-Үүд, Алтанбулагаар дамжуулж хоёр хөршийн зах зээлийг холбосон зам тавих ажлыг хөөцөлдөж буй нь зөв эхлэл. Дэлхийн стандартад нийцсэн хоёр урсгалтай хурдны зам тавьчихвал тээврийн зардал хэмнэхээс эхлээд аялал жуулчлалыг хөгжүүлэх хүртэл олон талын ашиг тустай.  Мөн Говь-Алтай, Завханыг холбосон босоо тэнхлэгийн зам бий. Гэхдээ тээврийн шаардлага бага учир одоохондоо хойшлогдоод байна.

- Төмөр замын салбар хөгжихгүй байгаан шалтгааныг та юу гэж бодож байна вэ?  

Манай улс олон жилийн туршид зөвхөн Москва, Бээжинг холбосон төмөр замтай байсаар ирсэн. Нэмж зам тавихгүй байгаад их харамсаж байна. Төмөр замын талаар УИХ томоохон баримт бичгийг баталсан. Засгийн Газар ямар төмөр зам бариулахаа шийдээд УИХ-аар хурдан батлуул гэсэн чиг өгсөн ч ажил хэрэгжилгүй гурван жилийн нүүрийг үзлээ. Бодлогын зөрчил байгаа учраас ажил урагшлахгүй байгаа мэтээр ярьдаг ч зөрчил огт байхгүй. Зөвхөн санаачлага байна уу үгүй юу гэдэгт л асуудал байгаа.

УИХ-аас гаргасан бодлогын баримт бичигт “Монгол улс Орос, Хятадыг холбосон өргөн царигтай замтай байна” гээд заачихсан. Замын-Үүдээс Чойбалсангаар дайруулан Сибирийн төмөр замтай өргөн царигаар холбогдож, харин дотоодын хэрэгцээндээ нарийн царигийг ашиглах боломж нээлттэй байгаа. Нарийн, өргөн царигийн тухай маргаан бол зүгээр л хоосон дүр эсгэж байгаа явдал. Засгийн газрын сайд нар хувийн эрх ашиг харж өөр өөр төмөр замын компаниар бариулах гэж маргаад буй учир тодорхой алхам хийхгүй байна. Түүнээс биш хөрөнгө оруулалт хийе гэсэн гадны компаниуд байгаа.

Ер нь улс төрчид ашиг сонирхол хөөснөөс болж олон хөрөнгө оруулалт гацдаг.
- Оросууд төмөр замын ажилд оролцуулаагүй гэж гомдоллодог. Та ямар байр суурьтай байна?

Оросуудтай учраа ололцохгүй байгаа юм байхгүй. Тухайлбал Замын-Үүдээс Чойбалсан хүртэл зам тавъя гэхэд тавиулахгүй гэж тэд хэлдэггүй. Харин хувь нийлүүлсэн төмөр замын хувьд шинэчлэл хийнэ гэсэн гэрээгээ Оросууд биелүүлэхгүй байна. Энэ нь манайхны бодлого, үйл ажиллагаа арчаа муутай байгаатай холбоотой.