Д.Зоригт: Төмөр замын царигтай болно
Төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тусгахаар болсон тухай ардчилсан намын бүлэг мэдээллээ.
Гишүүд нарийн царигаар төмөр зам барих чиглэлд Засгийн газраас санал авч дэмжигдсэнээр УИХ-ын тогтоолын төсөл бэлэн болжээ. Манай уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн урд хөрш худалдан авдаг. Харин хойд хөрш эрдэс баялгаа Хятад болон бусад орон луу нийлүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ хурдан, алдагдал багатай нийлүүлэхийн тулд төмөр зам барих шаардлагатай бөгөөд цариг нь авах талтайгаа адилхан байвал илүү хямд тусна.
Хэрэв Оросын царигаар төмөр зам бариад урд хил дээр очвол нарийн цариг руу нүүрсээ шилжүүлэн ачих ёстой. Нэг тонн нуурмаг нүүрс шилжүүлэн ачихад 3 ам доллар бөгөөд жилдээ 50 сая тонн нүүрс гаргадаг манай улс 150 сая долларын нэмэлт зардал гаргана гэсэн үг. Нүүрсийг шилжүүлэн ачихад агаар, байгаль хамгийн ихээр бохирддог. Энэ ч үүднээс урд хил рүүгээ нарийн царигаар төмөр зам тавих нь зөв гэж УИХ дахь олонхын бүлэг үзжээ.
УИХ-ын гишүүн Д. Зоригт: “Бид уул уурхайн экспортын төмөр замыг нийлүүлэгч орны төмөр замтай шууд холбох нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл нарийн төмөр зам тавина.
Дэлхийн хоёр том сүлжээг уулзуулж ачаагаа хурдан сэлгэдэг боомт нь болох ёстой
Энэ чиглэлд тогтоолын төслийг засгийн газраас өргөн барихыг хүлээлгүйгээр олон чиглэлээр судалгаа хийлгэж байгаа. Дорвитой шийдвэрүүд 5,6 сард багтааж гаргах ёстой. Энэ оны эдийн засгийн идэвхжлийг богино болон дунд хугацаанд дэмжихэд би ач холбогдлоо өгөх болов уу гэж бодож байна.”
Манай улс хойд хөршийн 88 мянган км урт төмөр замын сүлжээнд өөрийнх нь өргөн царигаар урд хөршийн 70 мянган км урт төмөр замын нарийн царигаар нэгдэж, өөрийн газар нутгийн давуу байршлыг ашиглаж цаашид дэлхийн хоёр том сүлжээг уулзуулж ачаагаа хурдан сэлгэдэг боомт нь болох ёстой гэж зарим эдийн засагчид үздэг юм. Монгол Улс Оросын байгалийн баялгийг Хятад болон азийн бусад орон луу дамжуулан өнгөрүүлдэг улмаар ази, европыг холбосон дөт төмөр замын дөт суваг болсноор жинхэнэ хөгжилд хүрнэ гэж яригддаг юм. Энэ ч үүднээс цариг шилжүүлэгч төхөөрөмжийг ашиглахаар Японтой мөн ярилцаж байна.