
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан хуулийн төслийг танилцууллаа.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог. Иймээс Засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 1 дүгээр зүйл “Боомтын сэргэлт” хэсгийн 1.3-т “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ” гэж тусгайлан заасан.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлж, Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.
Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байгаас 2024 оны байдлаар нийт нислэгийн тоо 91,781 болж өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар, олон улсын хөөрөлт, буултын тоо 12,990 болж 34.5 хувиар, орон нутгийн хөөрөлт, буултын тоо 10,967 болж өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өссөн бөгөөд нийт 2,167,300 зорчигч тээвэрлэснээс олон улсад 1,746,900 зорчигч, орон нутагт 420,400 зорчигч тус тус зорчсон байгаа нь 2023 онтой харьцуулахад олон улсын чиглэл 25 хувь буюу 435 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 0,25 хувь буюу 1000 зорчигчоор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ачаа тээврийн хувьд 2024 оны байдлаар 10,365 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад ачаа 21 хувиар тус тус өссөн байна.
Аялал жуулчлал, эдийн засгийн идэвхи нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2,2 саяд хүрсэн бол 2028 онд 2,55 сая хүрэх төлөвтэй байгаа гэлээ.
Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: 2021 онд 27,879 тонн, 2022 онд 38,492 тонн, 2023 онд 61,719 тонн, 2024 онд 69,984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үнэ буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой хэмээн Ц.Туваан сайд танилцуулав.
Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатахууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус тус шууд хамаардаг байна.
Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй гэв. Мөн БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй хэмээлээ.
Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсэж болзошгүй хэмээн Ц.Туваан сайд танилцуулсан.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд хуулийн төслийн ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn