Төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов
УИХ-ын гишүүн Г.Батхүү Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович
2013.12.27

Төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Дамжин өнгөрөх тээвэр логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтой Төрийн ордонд уулзав.

Элчин сайд Азизов Искандер Кубарович УИХ-ын гишүүн Г.Батхүүд хандан хэлэхдээ, өөрийг нь үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байхад нь чухал ажил хэргийн талаар санал бодлоо солилцохоор ийнхүү уулзаж байгаад талархаж байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш багахан хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч тодорхой ажлууд эхлүүлж амжсанаа дуулгалаа.

Тэрээр ОХУ Монгол Улстай олон салбарт өргөн хүрээгээрхамтран ажиллаж ирсэн, найрсаг хөршийн олон жилийн түүхэн харилцаатай улсууд гээд энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар төмөр замын шинэчлэл болон төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр логистикийн асуудлаар хоёр талын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа талаархи мэдээлэл солилцохыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүү Элчин сайдад хандан өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд хоёр орон өнө удаан жилийн ах дүүгийн найрсаг харилцаатай улсууд гэдгийг мөн ярианыхаа эхэнд тодотгон тэмдэглэсэн юм.

Тэрээр Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байхаасаа өнөөг хүртэл ОХУ-тай цахилгаан эрчим хүч, нефтийн хангамжийн асуудлаас эхлээд бусад асуудлаар хоёр орны дэд бүтцийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой үүрэг оролцоотой явсаар байна гээд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Дамжин өнгөрөх тээвэр логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн байр сууринаас Монгол Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагаанд энэ асуудлаархи ажлын явц ямар байгаа талаар эрхэм Элчин сайдтай харилцан ярилцлаа.

Монгол Улс төмөр замаа хөгжүүлэх бодлогодоо хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа хамгийн таатай нөхцөлөөр харилцан ашигтай хамтран ажиллахад анхаарах болно гэдгийг Г.Батхүү онцлоод хоёр орны харилцаа парламентын түвшинд тогтвортой өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм