"Босго давах" 35-нас
Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалт бий. Энэ хуулийн хүрээнд нийт зургаан удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад байгаа юм. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа энэхүү заалтыг өөрчилж, “УИХ-ын гишүүнээр 35 нас хүрсэн иргэнийг сонгох” талаар хөндөж эхэлжээ.
Улсын Бага хурал буюу Монголд байнгын ажиллагаатай парламент бий болсноор залуучууд улс төрд хүч түрэн орж ирсэн. Энэ бол нэг талаас Монголд Ардчилсан хувьсгал өрнөсөнтэй салшгүй холбоотой үйл явдал. Ардчилсанхувьсгалыг эхлүүлсэн хүмуүсийн олонх нь залуус байсан нь маш том нөлөө үзүүлж, Монголын улс төрийн өнго аяс, түүхийг огт өөр зүгт эргүүлэн залсан байдаг.
1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан болсон анхны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Бага хурал жинхэнэ залуусын давалгааг эхлүүлж байсан гэдэг. Үүнийг Улсын Бага хурлын гишүүдийн дотор 30 хүртэлх насны 10 гишүүн ажиллаж байснаас харж болно. Харин 1992-1996 оны УИХ-д 25-35 насны 11 гишүүн ажиллаж байсан аж. Гэвч 1996 оноос хойш 35 хүртэлх насны залуу гишүүд орж ирэх нь дараа дараагийн парламентад эрс багассан байдаг юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын босго давах гишүүдийн насны хязгаарыг өсгөх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Д.Дэмбэрэл: Улс төрийн насыг үндсэн хуульдаа хэтэрхий доогуур тогтоосон
Парламентын гишүүд сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг. Арга зүйн мэдлэг, туршлага байхгүй. Тиймээс парламентын гишүүдийн нас 25 гэж байлгах уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ерөнхийлөгчийн нас 45, Үндсэн хуулийн цэцийн гишүүн 40 хүрсэн байна гэдгийг эргэж харах ёстой.
Үндсэн хуулиар зургаан нас тогтоосон байдаг. Тэгэхээр дадлагагүй, туршлагагүй, асуудалд улс төрийн соёлгүй ханддаг, төрийн арга барил суугаагүй хүмүүс тогтворгүй байдлыг бий болгоод байж болно шүү дээ. Манайх улс төрийн насыг Үндсэн хуульдаа хэтэрхий доогуур тогтоогоод өгчихсөн нь улс төрийн савалгааг бий болгочихсон. Парламент өөрөө дотооддоо савлагаа ихтэй байна гэдэг цаашлаад гүйцэтгэх засаглалыг, улс орныг савлуулж байна.
О.Содбилэг: Залуучуудад хаалт тавих хэрэггүй
Үндсэн хуулийн өөрчлөлтийн Ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө.Миний хувьд энэхүү өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг нэмэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл алга байна. Яагаад гэвэл Ажлын хэсэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө эцэслэн гаргаагүй байгаа. Харин миний сонссоноор УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг нэмэх асуудал яригдаж магадгүй гэсэн.
Уг нь төлөвшил хүмүүжил гэдэг хувь хүнээс шалтгаана. Одоогийн парламентад байгаа 50 настай улстөрчид тухайн үедээ 25,26 настай байсан шүү дээ. Өөрсдийнх нь нас яваад ирэхээр залуучуудыг боомилж байгаа мэт зүйл ярьж болохгүй. Яагаад гэвэл, өнөөгийн залуучуудын боловсрол, мэдлэг нь илүү өргөн болсон. Тиймээс залуучуудад хаалт тавих хэрэггүй.
Д.Батцогт: Улстөрчдийн нас ахих тал руугаа явж байна
УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн заалтыг 35 болгохыг миний хувьд дэмжиж байгаа. Нэг үе улстөрчдийн нас нэлээд залуу байсан. Харин одоо бол улстөрчдийн нас ахих тал руугаа явж байна.
Төлөвшил хүмүүжил гээд олон талаа бодоход 35-аас дээш насны иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох нь зөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа иргэний насыг нэмэх нь зөв гэж үзэж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаахуулиар Ерөнхийлөгчид 45 хүртэлх насны иргэн нэр дэвших боломжтой байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийг 55 болгохоор ярьж байгаа гэсэн.
Х.Болорчулуун: Амьдралын туршлагыг их сургууль нөхөж чадахгүй
УИХ-ын гишүүнээр сон- гогдох иргэний насыг нэмэх ёстой. Монголчууд “Дөч хүрсэн эр, Дөрөө дарсан ат” хэмээн ярьдаг. Ийм л хүмүүс парламентад суух ёстой. Амьдралын туршлагыг их сургууль нөхөж чадахгүй. 25 настай залуу хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоод удах тусам эрх мэдэлдээ зууралдах өнгө аястай болно.
Үүнээс үүдэн улс эх оронд хохирол учрах хэмжээнд хүрч байна. Тийм жишээ энэ удаагийн парламентад байгаа шүү дээ. Залуу хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг улс орны эрх ашгийн төлөө гэхээс илүүтэйгээр улс төрийн амбийц хөөх нь илүүтэй байна.