500 метрийн дотор тамхи худалдаална гэсэн заалт бодит амьдралд хэрэгжихгүй байна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.04.23/ хуралдааН
2014.04.23

500 метрийн дотор тамхи худалдаална гэсэн заалт бодит амьдралд хэрэгжихгүй байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2014.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлаас Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталсан. Энэхүү хуулиар тамхины хяналтын буюу тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хэрэглээ, хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд энэ талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүргийг тодорхойлсон байна.

Түүнчлэн Монгол Улсад тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлага болон тэдгээр үйл ажиллагаа эрхлэхэд хориглох зүйлийг тус тус хуульчилсан юм. Тухайлбал, эрүүл мэндийн дүгнэлтгүй, “Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор бусад улсад үйлдвэрлэсэн, эсхүл тамхи худалдах автомат машин ажиллуулах, түүгээр тамхи худалдах зэрэг зүйлийг хориглосон билээ. Мөн утаат тамхийг агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, үзвэр, үйлчилгээний, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт, зочид буудлын нийтийн танхим, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хоригложээ.

Гэвч энэхүү зохицуулалт нь хүн амын эрүүл мэндийг урьдчилан сэргийлж хамгаалах, дам тахимдалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах зорилтыг агуулсан боловч нийгмийн сэтгэл зүйг механикаар өөрчлөх, тамхийг дамлаж зардаг, тамхи татдаг нууц өрөө бий болгох зэрэг сөрөг үр дагавартай болж амьдралд хэрэгжихэд хүндрэл үүсгэсэн зохицуулалт болсон хэмээн хууль санаачлагч үзэж байгаа ажээ.

Түүнчлэн одоо дагаж мөрдөж буй хуульд заасанчлан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалт нь орон нутаг үүний дотор сумын төвийн дэлгүүр, худалдааны цэгт биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа учраас 500 алхамын зайнд тамхи худалдахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс Тамхины хяналтын тухай хууль цаг үеэ олсон, эерэг хууль болсон ч төгс хууль болж чадаагүй. Тамхи татахыг багасгах зорилго нь зөв зүйтэй ч ихэвчлэн хориглох, торгох, хаах зэрэг үйлдлүүдээр асуудлыг шийдвэрлэж, шаардах нь буруу. Тодорхой газрууд дээр тамхи таталт буурсан сайн талууд гарсан. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийн эрх ашгийг мөн давхар харах хэрэгтэй.

Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулж чадаагүй байхад тамхины утаанаас хүний уушиг хордож хорт хавдар тусах эрсдэлд орж байна гэж ярих нь учир дутагдалтай. Манай улсын нисэх онгоцны буудал тамхи татах цэггүй.Энэ нь олон улсын стандартыг зөрчиж байна. Хэтэрхий хатуу хууль хэрэгждэггүй.

Өнөөдөр дотор тамхидалт гудамжинд шилжсэн. Ингэснээр гудамж, талбайд хэтэрхий замбараагүй, бохирдлыг бий болгож ил задгай нус, шүлсээ хаях, хүмүүс бөөгнөрч тамхи татах зэрэг зохисгүй байдал үүсч байна. 500 метрийн дотор тамхи худалдаална гэсэн заалт ч бодит амьдралд хэрэгжихгүй байгаа. Иймд хэтэрхий туйлшралгүй, амьдралд нийцсэн, бодит байдлын төлөө явах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа. Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор явуулсан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулах