О.Баасанхүү гишүүний 250 алхам
2014.04.24
О.Баасанхүү гишүүний 250 алхам
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал гаргасан. Түүний дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор асуудлыг хэлэлцсэн.
О.Баасанхүү гишүүний үзэж байгаагаар дэндүү хатуу хууль гаргах нь сүүлдээ хууль бус наймаа, далд тамхидалтыг нэмэгдүүлж байгаа аж. Тиймээс хуулийн зарим заалтыг сулруулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчимд тамхи зарах хязгаарлалтын 500 метрийг багасгаж болох юм гэв.
Үүнийг байнгын хорооны гишүүд тоглоом болгон хүлээж авсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Тамхи татах хязгаарлалтын зайг О.Баасанхүүгийн алхаагаар тооцъя. О.Баасанхүүгийн алхаагаар 250 метр гэж тогтоож болно шүү” хэмээн тэнд байсан хүмүүсийг хэсэгхэн хугацаанд хөгжөөлөө.