Д.Байгальмаа:Хууль зөрчсөн иргэнийг 50 мянгаар торгоно
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Байгальмаатай ярилцлаа.
-Тамхины хяналтын тухай хууль саяхан батлагдаж, ирэх оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөх болсон. Хуульд ямар ямар дорвитой өөрчлөлт орсон бэ?
-Тамхины хяналтын тухай хуулийн гурав дахь удаагийн шинэчилсэн хувилбар л даа. Тамхийг манай улсын хүн амын эрэгтэйчүүдийн 47 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь хэрэглэж байна. Тамхинд дандаа зарцуулалт хийдэг. Тамхи авна. Тамхитай холбоотой өвчнөө эмчлүүлнэ. Гэр бүлийнхнээ эмчлүүлнэ. Тийм байхад тамхины үйлдвэр тав, импортлогч 17-18 компани байна. Зөвхөн тэдний халаасанд л ашиг нь орж байдаг. Үүнд төрөөс анхаарахгүй бол болохгүй. Тиймээс маш олон газарт бид утаат тамхи татахыг хориглолоо. Хэрвээ хууль зөрчиж, тэр газруудад тамхи татвал тухайн иргэнийг 50 мянган төгрөгөөр шууд торгоно.
-Тамхины онцгой албан татварыг нэмсэн байх аа?
-Онцгой албан татварт өнгөрсөн есдүгээр сард өөрчлөлт оруулж, хоёр дахин нэмсэн. Өмнө нь 100 ширхэг янжуур тамхи буюу таван хайрцаг тамхинд ердөө л нэг доллар 20 центийн татвар авдаг байсан. Одоо хоёр доллар 40 цент авч байна. Гэсэн ч дэлхийн орнуудтай харьцуулахад татварын хэмжээ маш бага хэвээрээ. Ер нь тамхинд ногдуулж буй татварын хэмжээгээр Монгол Улс Азийн хэмжээнд дороосоо хоёр, гуравт л явдаг. Тийм бага татвартай оронд ордог. Хятад улс дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлдэг.
Орос 20, Казахстан мөн 20 хувийг нь үйлдвэрлэдэг. Томоохон тамхи үйлдвэрлэгчдийн дунд Монгол Улс оршин тогтнож байгаа.
Тэд үйлдвэрлэсэн тамхиа бушуухан борлуулахын тулд Зүүн Өмнөд Ази, манайхыг зорьж байна. Манай улс тамхины хэрэглээгээрээ бүсийн хэмжээнд өндөрт ордог. Ялангуяа тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо буурахгүй, улам л нэмэгдээд байна. Жирэмсэн эхчүүд хүртэл татах болсон. Тамхины гол үйлдвэрлэгч гурван орны дунд байгаа Монгол Улс аюулын харанган дор амьдарч байна. Өсвөр насны хүүхдүүдийн тамхи татах нас улам залуужиж байгаа. 12-13, найм, естэй хүүхдүүд татаж эхэллээ.
-Хуульд орж буй өөр ямар шинэ заалтууд байгаа вэ?
-Сургууль соёлын байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад тамхи татахыг хорилоо. Бүх шатны сургууль, дотуур байранд татуулахгүй боллоо. Ялангуяа өсвөр насныхан сурч, амьдарч байгаа орчноос 500 метрийн дотор тамхи заруулахгүй байхаар хуульчилсан. ТҮЦ-нд тамхи ширхэглэж зардгийг бүгдийг нь хорилоо. Яагаад гэвэл хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар гүйж гараад ширхгийн тамхи авдаг. Мөн янжуур тамхины хайрцаг дээрх зурагт анхааруулгын хэмжээг томсгож, ар өвөр нүүрний 50 хувьд нь зурагт анхааруулга наах гэж байна.
-Шинэ хуулиар өндөр торгууль ногдуулах болсон гэлээ. Үүнийг жаахан тодруулахгүй юу?
-Хууль зөрчсөн иргэн 50 мянган төгрөгөөр торгуулах бол аж ахуйн нэгж, байгууллагын эзэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 хүртэлх хувиар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу доод тал нь гурван сая төгрөг төлнө. Хуулийг удаа дараа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хураана. Олсон орлогыг нь мөн хураана. Радио телевизээр сурталчилгаа цацсан бол орлогыг нь хурааж, сурталчилгаа явуулах эрхийг нь хасна гэж хуульд заасан.
-Хууль нэгэнт батлагдсан. Хэрэгжүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Үр дагаврыг нь эрүүл мэндийн хэдэн ажилтнууд үүрээд байгаа мөртлөө шалтгаан нь маш олон хүчин зүйлээс хамаарч байна. Бид салбарын хэмжээнд ямар ч гэсэн удирдамжтай, стандарттай болсон. Хүмүүсээ сургачихсан. Арга барилаа одоо жаахан өөрчлөөд, хууль хэрэгж үүлэхийн тулд бусад салбарынхан, холбогдох яам, тамгын газар, гааль татварынхан хэн ямар асуудал хариуцаж байна, яг тэр үүргийнх нь дагуу, тухайн байгууллагуудтай хамтарч ажиллах тактиктай байгаа.