Ч.Улаан: Өрнөөс айгаад зээл авахгүй бол улс хөгжихгүй
Төсөв, макро эдийн засгийн төлөв байдал, ам.долларын ханшийн өсөлтийн асуудлаар эдийн засгийн шинжээч, судлаач, бизнес эрхлэгчид, иргэдээс ирсэн асуултыг Сангийн сайд Ч.Улаанд тавилаа.
Өөрөөр хэлбэл, “Монголын эдийн засгийн хямрал хаалга тогшиж байна, ам.долларын ханш алдуурлаа, бизнес эрхлэгчид хүнд байдалд орж байна гэх бараан мэдээллүүд давамгайлж байгаа энэ үед эргэлзээг тайлах бодитой мэдээллийг хүргэхийг зорьсон юм. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, цаашдын хандлагад илүү бодитой дүгнэлт өгч чадах хүмүүсийн асуултад Ч.Улаан сайд хэрхэн хариулсныг хүргэж байна.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
-Монгол Улсын эдийн засаг өсч тэр хэрээр төсөв тэлж байгаа ч иргэдийн амьжиргаа нийгмийн чанарын үзүүлэлтүүд төдийлөн сайжрахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Ард иргэдийн амьжиргаа амаргүй байгааг ойлгож байгаа. Инфляци хоёр оронтой тоонд орж, ханшийн тогтворгүй байдал иргэдийн нуруунд ачаалал болж очиж байгааг ойлгож байна. Гэхдээ сүүлийн ганцхан жилийн бодлогоос болж ийм байдал үүсээгүй. Үүнээс өмнө явуулж байсан бодлогын үр дагаврын ачаалал ч хадгалагдсаар байна. Тиймээс зөв голдиролд нь оруулахын тулд эдийн засаг, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл үзүүлж байгаа гажуудлыг засахад анхаарч байна. Өмнө нь эрэлтийг урамшуулж ард иргэдэд бэлэн мөнгө тараасан, нийгмийн халамжийг голлосон бодлого барьж байсан.
Өнөөдөр эдийн засгаа өөд нь татаж нийлүүлэлт үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, орлого зарлагыг хооронд нь уялдуулж, тухайн иргэн өөрийнхөө орлогын төвшингөөр амьдралаа зохицуулдаг зөв горимд оруулах бодлогын өөрчлөлтийг хийж байна. Гэхдээ дөнгөж бодлого хэрэгжиж эхлээд л иргэдийн амьдрал сайжирч, мэдэгдэхүйц өөрчлөлт гарч чадахгүй нь ойлгомжтой. Алсдаа бодлогоо зөв чиглүүлж, тууштай хэрэгжүүлбэл өөрчлөлт гарна. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа ч энэ нь ард иргэдийн амьдрал дээрх наалдаагүй хөөсөн өсөлт байсан.
-Цаашид эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэзээ мэдэгдэхүйц нөлөөгөө өгөх юм бэ?
2013 онд эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
-Шууд оноож хэлэх ид шидтэй хүн байхгүй. Ер нь анх ярьж тохирсон төсөл арга хэмжээгээ хугацаандаа үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Аливаа төслийг өндөр өгөөжтэй, хугацаандаа хэрэгжүүлнэ гэдэг ч явцын дундаас нь хаяж хугацаа алддаг. Жишээ нь, УИХ дээр хөрөнгө оруулалтыг нь зогсоосон төслүүдэд аудитын дүгнэлт хийсэн байгаа.
Эдгээр объектыг анх 1-2 жилдээ багтаан ашиглалтад оруулна гэж тухайн жилийнхээ төсөвт багтааж суулгаад дундаас нь больж төсвийн зардлыг нэмэгдүүлж, ашиг орлого дундаас нь хайдаг гажуудал гарснаас ийм байдал үүсч байна. Үүнийг арилгаж байж иргэдэд эдийн засгийн үр өгөөж мэдрэгдэнэ. 2013 онд эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ үүднээс нэлээд хэмжээний төсөл хөтөлбөрийг сонгож хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөр бодитойгоор хэрэгжиж үр дүнгээ өгсөн цагт ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлнө.
-Бондын мөнгийг бүтээн байгуулалт болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулж байгаагаас болж эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр хийх нь асуудал дагуулж байна. Төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн вэ?
-Бондын мөнгийг эдийн засгийн өндөр үр ашигтай төсөлд зарцуулж байгаа. Өнөөдрийн ашигласан мөнгөний гуравны нэгийг эдийн засагт шууд үр ашгаа өгөх төсөлд зарцуулсан байна. Гуравны хоёр нь цаашдын эдийн засгийн өсөлтийг дэмжих дэд бүтцийн төсөлд зарцуулагдсан. Хариуцлагатайгаар хэлье, бондын мөнгөнөөс Үнэ тогтворжуулах хөтөлбөрт ганц ч төгрөг зарцуулаагүй. Энэ бол маш буруу ойлголт.
-2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тус- гасан. Ам.долларын ханш энэ төвшинд хүрэх боломж байна уу. Хэрвээ энэ төвшинд хүрэхгүй тохиолдолд гарах үр дагаврыг шийдвэрлэх хувилбар нь юу байх вэ?
-1384 гэдэг ханш бол жилийн дундаж ханш. 2014 он гараад дөнгөж хоёр сар болж байна. Үлдсэн 10 сард эдийн засагт ямар өөрчлөлт орохыг тааж хэлэхэд хэцүү. Эдийн засгийн хөгжлийн яам тухайн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтаа, өнгөрсөн онд эдийн засагт оруулсан нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тооцож ханш 1384 байна гэж төлөвлөсөн хэрэг. Тэгэхээр оны эцэст эргээд дүгнэе.
-Төлөвлөлт муу байгаагаас шалтгаалж төсвийг байнга тодотгодог. Энэ нь улс орны хэмжээний төсөл хөтөлбөрүүд, бизнесийн байгууллагууд, иргэдэд, цаашилбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. Цаашид төсвийн төлөвлөлтийг хэрхэн сайжруулж энэ сөрөг байдлыг засах боломжтой гэж үзэж байна вэ?
-Төсөв бол бодлогын баримт бичиг. Тиймээс бодитой, дайчин, давшингуй байх ёстой. Учир нь төсвөөр дамжуулж хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг. Энэ үүднээс нь төсвийн төлөвлөлтөд анхаарал хандуулж, сайжруулан ажиллах шаардлагыг байнга тавьдаг. Нөгөөтэйгүүр төсөв нь улс төрийн бодлогыг шууд илэрхийлж байх ёстой. Тиймээс бодлогодоо тохирсон байх учиртай. Улсын төсвийг үр ашигтай, илүү зардалгүй байлгахад анхаарч ажиллаж байна.
Төр захиргааны байгууллагын үр ашиггүй зардлыг хэмнэх, зардлын өсөлтийг хязгаарлах бодлогыг байнга барьж ажилладаг. Энэ хоёр бодлогын уялдаан дээр улсын төсөв тодорхойлогдож байна. Цаашид төсвийг аль болох иргэдийн амьдралд ойр, бодитой болгохын тулд төсвийн ерөнхийлөн захирагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. 2013 оноос төсвийн тухай шинэ хууль батлагдаж хэрэгжиж байгаа. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэ тогтолцоонд шилжсэн.
Энэ хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайд, засаг дарга төсвийг боловсруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай байлгах, оновчтой зөв захиран зарцуулах ажиллагаанд оролцох, үр дүнгийнх нь талаар шууд хариуцлага хүлээх тогтолцоонд орсон. Тиймээс бүх төвшинд төсвийн боловсруулалтыг сайжруулах асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа гэж хэлмээр байна.
Эдийн засагч Б.Лхагважав
-Эдийн засгийг мөнгөний бодлого, сангийн бодлогоор удирддаг. Гэхдээ өнгөрсөн онд эдийн засагт мөнгөний бодлогоор удирдах процесс нэлээд давамгай явагдлаа. Үүний үр дүнд ам.доллар 1800 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр сангийн бодлогоор энэ алдаагаа засах бололцоо байгаа юу?
-Мөнгөний бодлогыг Сангийн яам явуулдаггүй. Төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хариуцдаг. Бэлэн мөнгө хэвлэх, гүйлгээнд оруулах асуудлыг мөнгөний бодлого гэдгийн хүрээнд ярьж байх шиг байна. Хуулиар манайд оногдуулаагүй ажил учир хариулт өгөх боломжгүй.
-Татварын хуулиудыг 2007 онд өөрчилснөөр ямар үр дүн гарсан бэ. Ер нь татварын орчныг сайжруулж, тодорхой болгоход хэрхэн анхаарч байна вэ?
-2007 онд татварын шинэчлэл хийсэн. Энэ шинэчлэлийн гол зорилго нь татварын хувь хэмжээг бууруулж, элдэв төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг арилгаж, татвар төлөгчдөд нэн тааламжтай, тэгш орчин бүрдүүлэхийн явдал байсан. Өнөөдөр Монгол Улс дэлхийд татварын орчноор нэн тааламжтай улсын тоонд орж чадсан. Дөрвөн арвын тогтолцоотой буюу бүх татвар арван хувиас бага байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд 240 орчим төрлийн татварын хөнгөлөлт эдэлж байгаа мөртлөө татвараа нуудаг, хаадаг, зугтдаг байдал арилаагүй л байна.
Тэгэхээр бид энэ бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж чадсангүй. Татварын хувь хэмжээг буулгаад байвал аж ахуйн нэгжүүд ил тодоор ажиллана гэдэг ч тийм биш гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хуулиар тогтоосон татварыг авахаас өөр аргагүй. Тиймээс энэ тааламжтай орчноо цаашид хадгалж, татварын хүрээгээ нэмэгдүүлье гэсэн бодлого барьж байгаа юм. Дээр нь ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарна. Жишээлбэл, өнөөдөр манайд машин унадаг хүн бүр шатахуун авахдаа шатахуун түгээх станцаас НӨАТ-ын баримт авдаггүй.
Харин энэ иргэдийн паданыг хураагаад нэг аж ахуйн нэгж дээр бичээд сүүлд нь улсын төсвөөс тэр хэмжээгээр татварын хөнгөлөлт эдэлж байх жишээтэй. Тэгэхээр иргэн нь эрхээ эдэлж чадахгүй, нөгөө талд нь татвараас зугатаж, зальдах ажил явагдаж байгаа юм. Тэгэхээр иргэн өөрөө татвар төлсөн бол паданаа аваад хадгалж, жилийн эцэст нэг сая төгрөгийн шатахуун хэрэглэсэн бол үүнийхээ хариуд татварын хөнгөлөлт болгож 400 мянган төгрөгийг нь бэлнээр буцааж авах боломж бүрдэж байгаа юм. Ингэхээр иргэд тухайн аж ахуйн нэгжээ хянаад эхлэх юм. Ингэж татварын хяналтад олон нийтийн оролцоог бий болгох цаашлаад бүх татварыг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарах болно.
-Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн өршөөл үзүүлэх бололцоо байгаа юу?
Цөөн хэдэн том, зальтай магадгүй олигарх хүмүүс их хэмжээний татвар нуугаад өршөөл шаардаад байгаа юм биз дээ.
-Яагаад санхүүгийн өршөөл үзүүлэх ёстой юм бэ. Өмнө 2007 онд Татварын шинэ хууль баталж, энэ хөнгөлөлттэй хэлбэрээр төлж байх боломж олгосон. Дээр нь өмнөх бүх алдааг уучилж, тайлан баланс, татварын өрийг авахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл одоо яагаад өршөөлийн тухай яриад эхлэв ээ гэсэн асуулт ирж гарч байгаа юм. Магадгүй ийм асуудал гаргаж байгаа хүмүүс тааламжтай нөхцөлөөр ч гэсэн татвар төлөхөөсөө зайлсхийгээд үлдчихсэн цаанаа энэ нэрийн доор татвараас чөлөөлөгдчих санаатай байгаа юм биз гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Тэгэхээр ингэж ярих нь буруу. Харин аль болохоор үйл ажиллагаагаа, далд эдийн засгаа ил болгох чиглэлд анхаарч байгаа хүмүүсийг бид дэмжих нь зүйтэй. Гэхдээ хуулийн дагуу татвараа төлөөгүй ямар ч компанийг татвараас чөлөөлөх асуудал гарч ирэхгүй. Энэ асуултыг асуусан хүн нь өөрөө компанитай хүн байгаа нь эрх ашгийн сонирхол ч байж болзошгүй гэсэн хардлагыг ард иргэд тавина шүү дээ. Цөөн хэдэн том, зальтай магадгүй олигарх хүмүүс их хэмжээний татвар нуугаад өршөөл шаардаад байгаа юм биз дээ. Авлигаар авсан орлогоо өршөөл нэрийн доор чөлөөлж авах гэж байна гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр сонин дээр гарсан байсан.
Судлаач Б.Бямбаа
-Улсын өр ДНБ-тэй харьцуулахад бараг 50 хувьд хүрсэн. Нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгцээ шаардлага өндөр байна, нөгөө талаар өрийн дарамт нэмэгдлээ. Цаашид энэ асуудалд ямар бодлого баримтлах юм бэ?
-Би танаас асууя. Эдийн засгаа хөгжүүлэх үү, эсвэл өрөнд орохоос айгаад юу ч хийхгүй суух уу. Алийг нь сонгох вэ?
-Би иргэнийхээ хувьд эдийн засгаа хөгжүүлэхийг л сонгоно.
-Яг зөв. Гэхдээ хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгийг яаж олох вэ гэхээр манайд бол хоёр л арга байдаг. Нэгд, хурааж авч байгаа зардлаа нэмэгдүүлэх. Татвар нэмэхээр аж ахуйн нэгжүүдэд дарамт очиж, эргээд ард иргэдийн ачаа хүндэрнэ. Энэ замыг сонгож болно. Гэхдээ бид энэ замыг сонгоогүй. Нэг ч татвар нэмэхгүй, нэг ч татвар шинээр бий болгохгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. Гэтэл энэ арга замаар мөнгө олох гэж хичээсэнгүй.
Тэгвэл дараагийн арга мөнгө зээлэх. Аль болох хямд үнээр дэлхийн зэх зээл дээрээс мөнгө зээлж байгаа. Зээлийн харь- цааны хувьд эдийн засагт хэвийн. Харин авсан зээлээ үр дүнтэй зарцуулж байж л бид өрөнд орохгүй. Түүнээс биш өрөнд орно гэж айгаад мөнгө зээлэхгүй, зээлсэн мөнгө өр болчихно гэж айгаад зарцуулахгүй байвал улс орон хөгжихгүй, өрөө ч дарж чадахгүй байдалд орно шүү дээ. Тиймээс гадаад зах зээлээс авсан зээлээ аль болох үр ашигтай төсөлд зарцуулахад бодлогоо чиглүүлнэ. Манай улс 2008-2010 онд мөнгө байхгүй, хүнээс урьдчилж аваад иддэг л байсан ш дээ. Оюутолгой, Таван толгойгоос мөнгийг нь аваад идсэн.
Одоо үүнийгээ төлж байна шүү дээ. Ийм байдалд орохгүйн тулд авсан зээлээ үр ашигтай зарцуулж, үүнийхээ өгөөжөөр зээлээ төлж, эдийн засгаа ч хөгжүүлэх арга замыг сонгосон. Хуучны арга барилдаа дассан хүмүүст энэ нь өр болох юм шиг харагдаж байж магадгүй. Тиймээс өрнөөс айх хэрэггүй. Зээлээд аваад ирсэн энэ мөнгөө үр дүнтэй ашиглахад бүгдээрээ хамтарч зүтгэе. Ер нь Монгол Улс дааж давшгүй өрөнд ороод иргэддээ хувааж төлүүлж байсан тохиолдол байхгүй. Төр засаг нь шийддэг шүү дээ. Тиймээс үүнийг хүн болгоны нуруун дээр наах хэрэггүй. Энэ нь өөрөө иргэдэд айдас төрүүлж байгаа юм шүү дээ.
-Улсын өр 50 хувьд хүрэхээрээ хар дансанд орж, гаднын хөрөнгө оруулагчид зээл өгөхөөс болгоомжилж эхэлдэг гэсэн жишиг тоо дэлхий нийтэд байдаг юм билээ. Энэ том эрсдэл дагуулах юм биш үү?
-Энэ худал мэдээлэл. Их хэмжээний өртэй байвал зээл өгч, хамтарч ажиллахыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ манай улсын өрийн үзүүлэлт Валютын сан, Дэлхийн банкны гаргасан мэдээллээр болгоомжлох төвшинд хүрэх эсэхийг нь зургаан үзүүлэлтээр тооцдог. Манай улсын хувьд дээрх зургаан үзүүлэлтийн аль нь ч болгоомжлох төвшинд хүрээгүй байгаа.
-Төсвийн алдагдлыг бууруулахыг тулд татварын орлогыг нэмэгдүүлэх шаардлага үүсдэг. Уул уурхай, эдийн засгийн эргэлт буурч байгаа орчинд татварын бүрдүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ. Үүнтэй холбоотойгоор урсгал зардлыг бууруулах, төрийн албаны үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Гэтэл сүүлийн үед эсрэгээр төрийн албан хаагчдын тоо, цалин нэмэгдэж байгаад та ямар тайлбар өгөх вэ?
-Нэг ч татварыг нэмээгүйг дахин сануулъя. Гэтэл татварын орлого яагаад нэмэгдээд байна вэ гэж асуугаад байх шиг байна. Татварын орлого нэмэгдэнэ. Учир нь татвараас зугтааж байсан хүмүүсээс хуулийн хүрээнд татвараа жигд авч байгаа. Татвараа төлдөггүй байсан хүмүүсээс татвар авч байгаа учраас татварын орлого нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэг хүнд очих ачааллыг нэмээгүй, татварт хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж орлого өсч байна гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад 110 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг.
Эдгээрээс 80 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлан гаргадаг. Тайлан гаргадаг аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь ашиггүй ажиллаж байгаа гэж “X” тайлан гаргадаг. Ингээд тооцвол нийт бүртгэлтэй ах ахуйн нэгжийн тал орчим хувь нь татвар төлөхгүй байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр үйл ажиллагаа явуулахгүй байна уу, эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ татвараас зугтаж байгаа эсэхийг шалгах нь манай яамны хийх ажил.
Эдийн засагч Б.Эрдэнэбат
-Самурай бондыг үйлдвэрлэлийн бонд гэж нэрлэсэн байгаа. Импортыг орлох, экспортын чиг баримжаатай төслүүдийг шалгаруулаад эхэлсэн. Энэ төслүүд нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд чухал түлхэц болж өгч чадах уу?
-Экспортын бүтээгдэхүүнийг нэмэх, импортыг орлох чиглэлийн 888 төслийг эхний ээлжид шалгаруулаад байгаа. Цаашдаа үүнээсээ нэн тэргүүнд ам.доллар оруулж ирэх төслийг нь шүүж дэмжинэ. Ямар хэлбэрээр төслүүдийг дэмжих вэ гэхээр, санхүүгийн шууд эх үүсвэр болгож тухайн компанид өгөх, техник, тоног төхөөрөмж худалдаж авахад дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зам байгаа.
Самурай бондын төсөлд хамрагдаад, тоног төхөөрөмжөө авах гээд гэрээ хийсэн бол тоног, төхөөрөмжөө авах үйлдвэрт нь шууд мөнгийг нь шилжүүлэх юм. Ийнхүү Япон улсын зах зээлээс өөрийнх нь мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авах бололцоо үүсч байгаа нь Самурай бонд босгосны нэг онцлог байгаа. Өнөөдөр Япон улс дэлхийн зах зээлд технологиороо тэргүүлж байгаа. Дээр нь Японы өөрсдийнх нь мөнгөн тэмдэгтээр зах зээлээс нь бүтээгдэхүүн худалдаж авна гэдгээрээ их хямд эх үүсвэр болох юм.
-Японоос өөр улсаас тоног төхөөрөмж татах хүсэлтэй компани байвал яах вэ?
-Шаардлагатай бол дэмжинэ. Гэхдээ иенийг нь ам.долларт шилжүүлэх болохоор зардал нь өсөх нь мэдээж. Бид ямартай ч сонголт хийхдээ эхний ээлжид Японоос тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа компаниудыг түлхүү дэмжинэ. Валют орж ирдэг, валют хэмнэдэг төслүүдийг эхний ээлжид дэмжинэ гэсэн бодлого барьж байгаа.
-Чингис бондын эхний хэсгийн эргэн төлөлтийг 2017 онд хийнэ. Тэр үед улсын төлбөрийн ачаалал улам өсөх эрсдэлийг Сангийн яамны зүгээс хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Ийм бодлого байлгүй яах вэ. Одоогоос 40 жилийн дараа авах өрөө ч яаж төлөх вэ гэсэн тооцоолол бидэнд маш нарийн байгаа. Тэгэхгүй бол эдийн засгийн бодлогыг авч явна гэж байхгүй. Хүнээс мөнгө авахаараа зээл, ашиглаад явж байхдаа зээлийн төлбөр, зээлээ төлж чадахгүй бол өрийн төлбөр болно шүү дээ. Энэ зааг ялгааг анзаарах хэрэгтэй.
-Цаашид дэлхийн зах зээлээс хөрөнгө татах, бонд босгох төлөвлөгөө байгаа юу?
-Бололцоотой мөнгө орж ирвэл таталгүй яах вэ. Үүнийг зөв ашиглаж, үр дүнтэй зарцуулах хэрэгцээ манай улсад байсаар байна. Энэ чигээрээ ядуу байх уу, өр тавьж улсаа хөгжүүлэх үү гэсэн хоёр сонголт үлдээд байгааг дээр хэлсэн. Дэлхийд хөгжлөөрөө цойлж байгаа улсууд бүгд их хэмжээний мөнгө босгож, өр тавьж улсынхаа эдийн засгийг өөд татаж байна. Жишээ нь, АНУ ДНБ-ийхээ 200 хувь, Япон улс ДНБ-ийхээ тэнцэх хэмжээний гадаад өртэй байна шүү дээ.
Энэ өр дэндлээ гэсэн мэдээлэл бол улс төр яваад байгаа байхгүй юу. Өрнөөс их айдаг байсан бол Оюутолгой, Таван толгойд яах гэж их хэмжээний өр тавьсан юм бэ. Өнөөдөр бид энэ өрийг нь төлөх гэж үйлээ үзэж байна шүү дээ. Хэрэв энэ өр байгаагүй бол эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд арай илүү мэдэгдэж, цалин тэтгэврийг ч нэмэх боломж байх байсан.
Нээлттэй нийгэм форумын эдийн засгийн менежер Д.Оюунбадам
-2014 оны төсвийн орлогыг тооцохдоо уул уурхайн бүтээгдэхүүний үнийг харьцангуй бодитойгоор тооцсон боловч тоо хэмжээг нэлээд өөдрөгөөр төсөөлсөн. Тухайлбал, 2014 онд 31.4 сая тонн коксжих нүүрсийг экспортолж 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь уул уурхайн салбарын татварын орлогын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэхээр тооцсон. 2014 онд төсвийн орлого биелэх үү. Экспортын прогноз ямар байна вэ?
2013 онд зэсийн үнэ 7300 ам.доллар байсан. Гэтэл төсөвт зэсийн үнийг 6300 ам.доллараар тусгасан.
-Эрдэс бүтээгдэхүүний үнийг өндөр төлөвлөснөөс болж төсвийн орлого тасалдаж байгаа юм биш. 2013 онд зэсийн үнэ 7300 ам.доллар байсан. Гэтэл төсөвт зэсийн үнийг 6300 ам.доллараар тусгасан. Жилийн хугацаанд зэсийн үнэ унасан ч 6300 ам.доллар болоогүй. Харин биет хэмжээг үйлдвэрлэлийн хүчин чадал, гадаадад борлуулах чадалтайгаа уялдуулж тогтоодог. Энэ хэмжээ өндөр байгаа. Хэрэгцээ өндөр байгаа учраас тэр. Өөрөөр хэлбэл, валют олох шаардлага байна шүү дээ. Энэ зорилгынхоо төлөө өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан биет хэмжээг тогтоодог. Түүнээс биш санаандаа орсон тоогоо хэлж төлөвлөдөггүй.
Энэ жил 31 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэж байна. Зорилго тавьж болно шүү дээ. Ер нь Монгол Улс жилд 50 сая тонн нүүрс экспортлох хэрэгцээ байгаа. Энэ хэмжээний мөнгө төгрөг бидэнд хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын үеэр манай улс 20 жил тасралтгүй нүүрсээ нийлүүлэх санал тавьсан. Үүнээс өмнө дотоодынхоо үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлаа зөв зохион байгуулж байгалийн баялгаа үнэд хүргэнэ.
-Экспортын эрсдэлийг төсвийн орлогод тооцсон уу?
-Эрсдэл учирна. Гэхдээ ажлаа хэрхэн уялдуулж зохицуулж ажилласнаас шалтгаална. Зорилго тавьчихаад эрсдэл гарлаа гэж орхихгүйгээр цааш явах хэрэгтэй. Мэдээж урд хөршийн хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөх, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн ханшийн тогтворгүй байдал гээд эрсдэл бий. Хамгийн гол нь манайхан ажлаа муу зохион байгуулах нь том эрсдэл.
-2014 онд ам.долларын ханшийг барихын тулд Сангийн яамнаас ямар бодлого явуулж байна вэ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийх заалтын хэрэгжилт ямар байна вэ?
-Сангийн яам ам.долларын ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогыг явуулдаг. Гэхдээ шууд удирдан зохицуулах ажлыг хийдэггүй. Монголбанк энэ ажлыг хийнэ. Сангийн яам төсөв, санхүү, эдийн засгийн тааламжтай байдлыг бүрдүүлэх бодлогыг явуулдаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх төлбөр тооцоог төгрөгөөр явуулах хуулийн заалттай.
Гэтэл зарим татварыг ам.доллараар авах татварын заалт байдаг. Үүнийг өөрчилж бүгдийг нь төгрөгөөр хийдэг болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Тэгэхээр цаашид бүх төлбөр тооцоо төгрөгөөр хийдэг болно. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг доод төвшинд барьж, Засгийн газрын алдагдлыг бууруулж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах буюу макро эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх бодлогыг Сангийн яам явуулж байгаа. Ийм учраас төсөл хүрэлцэхгүй, санхүүжилт байхгүй байна гэдэг асуудал гарч байгаа юм.
Иргэн Н.Энхбаяр
-Та улс орны санхүүг атгаж байгаа хүн. Тэгвэл өрх гэрийнхээ төсвийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Хоёр идэхгүй хоосон хонохгүй, нүцгэн гүйхгүй төрийн албан хаагчийн цалингаар болж л байна. Дундаж төвшинд амьдраад л явж байна.
-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэж ярьдаг. Энэ нь худалдан авах чадвар минь буурч байгаагаар миний амьдралд мэдэгдэж байна. Тэгвэл таны амьдрал эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Байлгүй яах вэ. Юмыг бүрэн үгүйсгэж, эсвэл 100 хувь хүлээн зөвшөөрч аль нэг туйл руу явж болохгүй. Жишээ нь, өнөөдөр цалин нэмэгдэж байгаа учир гар дээр авч байгаа цалин гэхэд өсч л байгаа шүү дээ. Танд ч гэсэн амьдрал дээр мэдэгдэж байгаа биз дээ. Сүүлийн жишээ гэхэд тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь хэдий бага байна гэж шүүмжилж байгаа ч тодорхой хэмжээний өсөлт бол мөн. Тиймээс эдийн засгийн өсөлт огт өгөөжгүй байна гэж хэлж болохгүй.
Ер нь бол эдийн засаг, санхүүгийнхээ бодит боломж буюу чадавхитай эдийн засгийн өсөлтийг уялдуулах ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, адууныхаа хэрээр исгэр гэдэгтэй яг адил. Энэ боломжоо бий болгохын төлөө ажиллаж байна. Түүнээс биш өнгөрсөн Засгийн газрын үе шиг эх орны хишиг гээд л зээл авч иргэдэд өгөөд байвал тухайн үедээ мэдэгдэхгүйгээр барахгүй дараагийн үедээ мэдэгдэхгүй байдалд орохоор зүйл болж байгаа юм. Жишээ нь, одоо Таван толгойн уурхайгаас нүүрс ачиж, экспортод гаргаад л байна. Гэтэл орлого манай улсад орж ирэхгүй байна шүү дээ.
Харин ажилласан иргэдэд нь бид мөнгө төлж байгаа. Ингэж эдийн засгийн өсөлтийг иргэдээс нь холдуулсан буруу бодлого явуулсан гэсэн үг. Одоо энэ бодлогыг зөв голдиролд нь оруулахаар ажиллаж байна. Өөр нэг зүйл нь тэтгэврийг өндөр нэмье гээд байгаа. Гэтэл тэтгэврээ гэнэт их хэмжээгээр нэмбэл юу болохыг бид мэдэж байгаа. Үнийн өсөлт эргээд иднэ шүү. Өмнөх Засгийн газар цалинг 70 хувиар нэмсэн. Гэтэл энэнийх нь үр шим мэдэгдэхгүй өнгөрсөн. Эдийн засгийн бодлого нь буруу учир цалингийн өсөлтийг нь хүнд хүрэхээс өмнө идчихдэг байхгүй. Тэгэхээр бид ийм байдлаас зайлсхийж, бодит өсөлтийг бий болгоход анхаарч байгаа.
“Айсокон” компанийн захирал П.Мөнхтогт
-Ханшийн өөрчлөлтөөс болж монголчууд бараа, үйлчилгээг бодит үнээс нь 30 хувиар өндөр үнээр авч байна. Валютын ханш ер нь буурах уу?
-Ханшийн өсөлтөд бүх бурууг өгөх гээд байгаа. Ханшийн өсөлт чинь бас эерэг нөлөө авч ирдэг шүү дээ. Дандаа гаднаас бүтээгдэхүүн авдаг хүнд бол дарамт болно. Харин өөрөө үйлдвэрлээд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа хүнд олз болно. Тэгвэл бид энэ нөхцөлд үйлдвэрлэж гаргах бүтээгдэхүүнээ л нэмье л дээ. Монголчууд өнөөдөр 45 сая толгой малтай мөртлөө жилд хэрэглэдэг сүүнийхээ 70 хувийг импортоор гаднаас авч байна шүү дээ.
Ядаж үүнийгээ л больчих хэрэгтэй байна. Сүүгээ дотооддоо хангадаг болчихвол энэ гадагш урсаад байгаа валют дотооддоо үлдэх боломж гарна биз дээ. Тэгэхээр ханшийн өөрчлөлтийг айдас болгож ярих нь өрөөсгөл. Ханш ханш гээд бүгдийг ханш руу чихээд байвал буруу. Өмнө гаргасан буруу бодлогын үр дүн өнөөдөр ингэж гарч байгаа байхгүй юу. Хэрэв бид бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргадаг байсан бол өнөөдөр ам.долларын ханш өсөхөөр баярлаад сууж байхгүй юу. Ханшнаас л болоод бүх зүйл баларчихлаа гэж ярих нь хэрэггүй. Ингэхийн оронд өчнөөн мал байж байхад гаднаас таавчиг авдаг, ноос ноолуур хангалттай байхад ноосон цамцаа ч импортолдог байдлаа зогсоох бодлогын өөрчлөлт хэрэг- тэй байгаа юм.
-Ухаалаг төр ажлын хүрээнд төрийн байгууллага, засаг даргын тамгын газар, үйлчилгээний байгууллагын зардал бууруулахад ямар менежментийн загвар ашиглаж байна вэ?
-Үйл ажиллагаагаа оновчтой явуулж, зайлшгүй хэрэгцээтэй зардлаа бүртгэл тооцоотой зарж, илүү шат дамжлагаа багасгаж, ажлын давхардлаа арилгахад анхаарч байгаа юм.
“СЛБ” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Лхагвабаатар
-Ам.долларын ханш хамгийн гол асуудал болоод байгаа. Энэ үед гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь төгрөгийн ханшид эерэг нөлөөтэй. Гэтэл албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж байгаа компани иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байна. Энэ байдлыг иргэдэд зөвөөр ойлгуулах, зохицуулах талаар төрөөс ямар бодлого явуулж байна вэ?
-Монголд байгаа валютын хэмжээ багассан учраас ам.долларын ханш өсч байгаа. Валютын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд экспортод бүтээгдэхүүн гаргах эсвэл гаднын хөрөнгө оруулагчдыг дуудаж оруулж ирэх хоёр арга байна. Тэгвэл гаднын хөрөнгө оруулагчид яагаад хаалгаа бариад, манайхаас гарч яваад байна вэ гэвэл өмнө нь Монголд ашиггүй гэрээ олныг байгуулж байсан жишээ байсантай нэг талаараа холбоотой. Гаднынхан ашгийн төлөө л уралдаж орж ирсэн байна. Одоо Оюутолгой, Чалькогийн гэрээг үүний жишээгээр дурдаж болохоор байна. Харин Шинэ Засгийн газар гарч ирснээс хойш хөрөнгө оруулагчдыг бид урьж байна. Гэхдээ харилцан ашигтай байя, хуулийнхаа Хүрээнд ажиллая гэсэн хоёр шаардлага л тавьж байгаа юм.
Нэг хэсэг нь дайжиж байгаа бол тэдэнд харилцан ашигтай байх санал таалагдахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдын дураар нь хүссэн нөхцөлийг нь тавих уу, Монгол Улсаа бодоод харилцан ашигтай санал тавих уу гэсэн асуулт тулгарч байгаа юм. Тэгэхээр бид бүх бололцоог нээж, хөрөнгө оруулалтын болон сангийн хууль гаргасан, татварын орчноо шинэчилж өгсөн билээ. Ингэхээр хөрөнгө оруулагчдад сон- голт л үлдэж байгаа юм. Бидний шаардлагыг хүлээж авахгүй байгаа хүмүүст мөргөж, сөгдөөд гуйгаад байх зүйл байхгүй.
Харин гаднын хөрөнгө оруулагчид дайжчихлаа гэж их чанга дуугарч байгаа хүмүүс манайд хэт ашиг хөөж орж ирсэн улсуудтай ямар нэг хэлбэрээр эдийн засгийн ашиг сонирхлоор холбогдчихсон байхыг үгүйсгэхгүй. Оюутолгой, Тавантолгойн гэрээг хар л даа. Ийм л байдалтай байна шүү дээ. Ядаж Тавантолгойн нүүрсийг таван жил тогтвортой үнээр өгнө гэж гэрээ хийхийн оронд дэлхийн зах зээлийн үнэд нийцүүлнэ гэсэн бол өнөөдөр асуудал өөр байх байсан.
-Манайхаас гарч явж байгаа компаниудын лицензийн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?
-Улсын өмч учраас хурааж авч байгаа.
“ТАСО" компанийн захирал Т.Отгонбаяр
-НӨАТ, уг нь хяналтын татвар гэж ярьдаг. Гэтэл манайд НӨАТ-ыг төсөв бүрдүүлдэг татвар болгож хувиргаж байгаа нь бизнес эрхлэгчдэд хүнд дарамт болж байна. Жишээлбэл, манай компанийн хувьд өнгөрсөн хагас жилд л гэхэд гааль, НӨАТ зэрэгт 150 сая төгрөг төлсөн байх жишээтэй. Мөн гаалийн татварыг сар, сараар нь авдаг нь худалдан авалт хийхэд томоохон саад болдог. Тэгэхээр Сангийн яамны зүгээс шинээр эрхэлж байгаа үндэсний үйлдвэрүүдэд НӨАТ дээр хөнгөлөлт үзүүлэх чиглэлд бодлого барих уу?
-НӨАТ нь хяналтын татвар мөн. Яагаад гэвэл, би чамаас бүтээгдэхүүн авлаа түүнийгээ хянах ёстой. Гэтэл энэ татвар өнөөдөр утгаа алдсан. Татварын орлого бүрдүүлэх биш татвараас зугтдаг механизм болчихсон байгаа юм. Хуулиар тогтоосон хугацаандаа татвараа төлөөд явбал хэнд ч дарамт үүсэхгүй. Тэгэхээр хуримтлуулж, хуримтлуулчихаад их хэмжээний мөнгө төлөх болохоор л хүнд байдалд орж, дарамт болдог байхгүй юу.
Хуулиар бол гааль дээр тав, НӨАТ дээр 10 хувийн л татвар төлж байгаа шүү дээ. Тиймээс энэ нь эдийн засгийн зөв хувилбар биш. НӨАТ татвар эргээд хяналтын татвар болох чиглэлд явна. Дэлгүүрээс талх авсан ч, бензин авсан ч НӨАТ-ын баримт авчихаад жилийн дараа төлсөн татварынхаа 40 хувийг ч юм уу эргүүлээд авах боломж бүрдэх юм. Ингэхээр иргэд эргээд аж, ахуйн нэгжүүдийг хянаад явах боломж аяндаа гарч ирэх юм.
-Манай компанийн хувьд хэв хашмалыг дотооддоо үйлдвэрлэж, гадагш экспортод гаргадаг учир ханшийн өөрчлөлт нь харин ч сайнаар нөлөөлж байгаа юм. Дээр нь тоног, төхөөрөмжөө ч болом- жийн үнээр заримыг нь татаж авсан. Харин энэ жилээс эхэлж жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн гаднаас оруулж ирдэг тоног, төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлдөг байснаа больчихсон нь багагүй дарамт учруулахаар байна. Үүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортлоход НӨАТ-аас чөлөөлдөг байсан нь дууссан. Бид одоо аж ахуйн нэгжүүдэд Чингис, Самурай бондоос хөнгөлөлттэй зээл өгч байгаа учир НӨАТ-ыг буцаагаад авдаг болж байгаа юм. Хэрэв хөнгөлөлттэй зээл авахгүй гэвэл буцаагаад татварын хөнгөлөлтийг нь үзүүлж болно шүү дээ.
-Валютын ханшийн зөрүүнээс болж үйлдвэрлэгчид их хэмжээний хохирол амсч байгаа. Энэ тал дээр танай яамнаас эрсдэлийг багасгах чиглэлд барьж бодлого байгаа юу?
-Хүнийг усанд сэлүүлж сургахын тулд яадаг билээ. Шууд ус руу шиддэг биз дээ. Яг үүнтэй адил валютын ханш чинь сорилт болоод байна шүү дээ. Хэрэв танай компани дотоодынхоо түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол “ТАСО" компани шиг ашиг олно. Харин танайх үйлдвэрлэл эрхэлж байгаа нэртэй бүх түүхий эдээ Хятадаас авч Монголдоо эвлүүлж, нийлүүлэх ажил хийж байгаа бол ам.долларын ханшийн өөрчлөлт хүнд тусах нь мэдээж. Жишээлбэл, хувцас үйлдвэрлэдэг дотоодын компани байлаа гэхэд давуугаа Хятадаас аваад, тэндээ эсгэж янзлаад, оёулаад Монголд авч ирээд товчийг нь хадаад гаргаж байгаа бол танд ашиггүй.
Тэгэхээр бид эдийн засгийн зөв бодлого руу компаниудыг түлхэж байгаа юм. Тодруулбал, дотоодын түүхий эдээ ашиглаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд экспортод гаргах хэрэгтэй гэсэн сорилтыг компаниудад өгч байгаа гэсэн үг. Энгийнээр хэлбэл, компаниудыг зөв чиглэл рүү түлхэж байгаа сорилт байхгүй юу.
Хэрэв үүнийг даваад гарчихвал энэ жишээн дээрх “ТАСО” компани шиг үнэхээр хурдан томорно. Энэ компанийн хувьд үнэхээр тоног, төхөөрөмж оруулж ирж байгаа бол дэмжлэг үзүүлэх хуулийн боломж нь байгаа. Эцэст нь хэлэхэд, усанд сэлж чаддаггүй хүнийг сургадаг дээрх жишээгээр компаниудыг энэ зах зээлд нь дасан зохицуулахын тулд л түлхэц өгөөд байгаа байхгүй юу.