"Монголын иргэд 10.5 их наяд төгрөгийн өртэй болсон"
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.12.27

"Монголын иргэд 10.5 их наяд төгрөгийн өртэй болсон"

Монгол Улсын гадаад өрийг, ДНБ-тэй харьцах харилцааг олон янзаар тайлбарлаж байна. Зарим нь гадаад өр ДНБ-ий 50 хувьд байгаа гэж байгаа бол нөгөө хэсэг нь бүр 180 хувьд хүрлээ гэсэн тооцоог гаргаад байгаа юм. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ий 180 хувьд хүрсэн талаар зарим мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэ хэр бодитой тоо вэ?

-Мэдээж үнэн тоо. Монгол Улсын нийт гадаад өр 18.5 тэрбум ам.доллар буюу 31.4 их наяд төгрөг байгаа. Энэ нь манай улсын ДНБ-ий 180.7 хувь болж байгаа юм. Энэ тоо хаанаас гарч ирсэн гэхээр нэгдүгээрт, 2012 онд Засгийн газар 1.9 тэрбум ам.долларын гадаад өр үлдээсэн. Түүний 600 сая ам.доллар нь бэлэн мөнгөөр. Гэтэл өнөөдөр Монгол Улсын гадаад өр дөрвөн тэрбум 500 сая ам.доллар болжээ.

Үндсэндээ нэг дахин нугараад ахиад 50 хувиар нэмэгдсэн байна гэсэн үг. Мөн Монголбанкны өр өнөөдрийн байдлаар 890 сая ам.доллар байгаа. Нөгөөтэйгүүр бас нэгэн ноцтой тоо байгаа нь Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, банкуудын өр мөн 13.1 тэрбум ам.доллар болсон бол Монгол Улсын иргэд 10.5 их наяд төгрөгийн өртэй болсон байна.

 -Тэгвэл энэ өрийн эсрэг бидэнд ямар хэмжээний мөнгө байгаа вэ?

-Энэ өрийн эсрэг бидэнд юу байгаа гээд үзэхэд Монгол Улсад байгаа нийт хуримтлал буюу хадгаламж 5.7 их наяд төгрөг байгаа буюу баланс алдсан. Үндсэндээ төр нь өрөнд орсон, аж ахуйн нэгжүүд нь өрөнд орсон, иргэд нь өрөнд орсон. Гурван түвшиндээ Монгол Улс өрөнд орчихоор эдийн засаг маань өөрөө өөрийгөө авч явах чадвараа улам алдаад, өрнөөс өрийн хооронд л явж байна. Чингис болно уу, Цагаан хэрэм болно уу нэр солих нь хамаагүй. Өр л үлдээх гээд байна.

 -Эрх баригч намынхан болон Засгийн газар өрийг таны хэлснээс өөрөөр тайлбарлаад байгаа шүү дээ?

Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй гэж хэлдэг.

-Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй гэж хэлдэг. Үнэхээр өр маш богино хугацаанд өргөн хүрээнд тэлчихлээ. Үүний эсрэг бид жил болгон өрийн төлбөр л төлнө. Энэ өрийг тооцоод үзэхэд Монгол Улс жилдээ хоёр тэрбум ам.долларын өрийн үйлчилгээний төлбөр төлөх шаардлага гарч ирнэ.

Нөгөө талдаа Монгол Улсын гадаад тэнцэл, олж байгаа орлого, гаднаас худалдан авч байгаа ам.доллар хоёрын зөрүүг тооцоод үзэхэд зөвхөн энэ жилийн байдлаар бид ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын алдагдалтай байхаар байна. Энэ нь өөрөө Монгол Улсын эдийн засаг жилд дор хаяж 20 хувиас дээш хэмжээгээр өсөхгүй бол энэ их өрөөс гарч чадахгүй байдалд орно. Өнөөдрийн 10 хувийн өсөлт бол ямар ч хангалтгүй үзүүлэлт.

 -Энэ асуудалд л анхаарлаа хандуулж улсын төсвийг батлахдаа тодотгол хийсэн байх?

-Улсын төсөвт тодотгол хийгээд 1.5 их наяд төгрөгийг танасан. Гэтэл одоо энэ танаж, тодотгосон төсөв маань хүртэл дийлэхээ байж байна. Сая мөн нүүрсний томоохон уурхайнууд зогсож байгаа асуудал гараад ирлээ. Ингээд ирэхээр орлого бүрдэхээ болино, импорт ойролцоогоор бараг 700 сая ам.доллараар багасч байна. Үүнтэй холбоотойгоор гаалийн орлого эрс унаж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагууд борлуулалт байхгүй зогсоод ирэхээр НӨАТ дагаад байхгүй болчихож байгаа юм. Экспорт унаад эхэлчихсэн. Экспорт унаад ирэхээр дотоодын аж ахуйн нэгжээс авдаг орлого нь мөн дагаад уначихаж байна.

 -Нөгөө талдаа олон улсын зах зээлд байгаа Монгол Улсын томоохон төслүүдийн хувьцаа эрс унаж байгаа гэсэн мэдээлэл байна, жишээлбэл Ухаа худагийг нэрлэж болох юм?

-Дэлхийд хамгийн өндөр хувьтай уналт хийсэн төсөл нь Монгол Улсынх байгаа. Долоо хоногийн дотор 20 гаруй хувиар уналаа гэж хэвлэлээр яригдаж байсан. Энэ 20 гаруй хувиар хэмжигдэхгүй л дээ. Зөвхөн жил хагасын хугацаанд л гэхэд 1000 гаруй хувиар уначихлаа. Монголын хамгийн том Ухаа худаг л гэхэд цахилгаан станцаа бариад, дэд бүтцээ шийдээд, угаах үйлдвэрээ бариад явж байсан төсөл. Гэтэл 1000 хувийн уналтад орчихож байгаа нь юу гэсэн үг вэ.

 -Ингэж уналт хийгээд байгаа шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Төрийн оролцоо. Төр үр ашиггүй менежментийн үйл ажиллагаа явуулснаар түүний үр дүнд хувийн хэвшлийнхнийг нүүрсний салбарт хөгжих боломжгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл төр нь өөрөө хувийн хэвлийнхнийхээ замыг хааж, түрүүлж хямд үнээр нүүрс борлуулаад байгаа юм. 70 ам.долларын алдагдалтэй гэрээ хийж байсан гээд шүүмжилж байсан ч өнөөдөр бүр 40 ам.доллар дээр буучихсан байна.

 -Нөгөө талдаа өр бол өр, зээл бол өр биш гэсэн тайлбарыг Засгийг газар хийгээд байна?

-Ерөнхий сайд хичнээн өр бол өр, зээл бол өр биш гэж ярьж байгаа нь сонин биш. Адилхан л буцааж төлөх зүйл шүү дээ. Гадаадын санхүүгийн томоохон байгууллагууд хүртэл үнэлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихлаа. Бүхий л үзүүлэлтүүд уналттай байгааг бүгд л харж байна. Бүх зүйл тодорхой байгаа шүү дээ амьдрал дээр. Өндөг өөрөө тансаг бараа болтлоо амьдрал хүндэрлээ.