Б.Гарамгайбаатар: Бодлогын яамдууд аж ахуйн ажлыг их хөөцөлдөж байна
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.01.10

Б.Гарамгайбаатар: Бодлогын яамдууд аж ахуйн ажлыг их хөөцөлдөж байна

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Эдийн засаг өнгөрсөн 2013 онд ямар байсан гэж та дүгнэх вэ. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлээч. Энэ онд эдийн засгийг өөд нь татахын тулд ямар бодлого гаргах вэ?

-Өнгөрсөн онд эдийн засаг ямар байсан бэ гэдгийг олон гишүүд, эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн дүгнэлтээ хийчихсэн байгаа шүү дээ. Үндсэндээ нэлээд хүнд жил байсан. Гэхдээ боломжийн ажлууд хийгдсэн гэж би дүгнэж байгаа. 2013 онд эдийн засагт хэрэгтэй гол хэд хэдэн хууль баталсан. Тиймээс УИХ ажлаа боломжийн хэмжээнд хийсэн. Үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэх мэтийн гол үндсэн хуулиудыг баталж гаргасан.

Энэ оны эдийн засагт судлаачид, эрдэмтдийн ярьж байгаа шиг төлөв байдал ажиглагдаж байгаа. Яагаад гэхээр гаднах зах зээл дээр эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв байдал ажиглагдаж байна гэж олон улсын байгууллага дүгнээд хэлсэн байна. Дотоодын эдийн засгийг сайжруулахад мэдээж Тавантолгой, Оюутолгой хуваарийн дагуу ашиглалтад орох ёстой. Ингэснээр эдийн засгаа сайжруулах гарц гарч ирнэ. Хоёрдугаарт, үйлдвэрийн гол, гол паркуудыг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Ингэснээр дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого сайжирч, Монгол Улсын эдийн засаг дээшилнэ л гэсэн бодолтой явдаг.

-МАН-ын зүгээс Засгийн газар муу ажилласан гэдэг асуудлыг байнга ярьж байгаа. Энэ үүднээс хоёр сайдыг огцруулах асуудлыг ч тавьсан. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах тухай ч ярьж байна?

Эдийн засаг өнгөрсөн онд гадна, дотно аль аль талдаа хүнд байсан үе шүү дээ.

-Ямар өнцгөөс харж тавьсан бэ гэдэг нь тэр хүмүүсийн асуудал. Мэдээж өөрсдийнхөө өнцгөөс харж огцруулах асуудлаа тавьсан байх. Эдийн засаг өнгөрсөн онд гадна, дотно аль аль талдаа хүнд байсан үе шүү дээ. Гэхдээ бас хоёр сайдыг огцруулах нь ямар үр дүнтэй вэ гэдгийг бодох ёстой байсан. Тэгээд бид нэлээд олон талаас нь бодож байгаад АН-ын бүлэг авч үлдсэн шүү дээ. Хүлээгдэж байгаа ажлууд, хийж байгаа ажлууд хараахан болоогүй байна гэдэг дээр гол дүгнэлтээ хийсэн.

Хариуцлага үнэхээр алдаад Монголын эдийн засагт хохирол учруулсан гэх нотлогдсон зүйл байхгүй байгаа шүү дээ. Олон жилийн Монголын эдийн засагт ужгирсан нөхцөл байдал үргэлжилж байгаа. Үргэлжлэл нь яваад байгаа учраас тэр хүмүүсийг огцруулах хараахан болоогүй шүү дээ.

-Ер нь хариуцлага ярих ёстой биз дээ?

-Тийм. Хариуцлага ярих ёстой гэвэл ярих ёстой. Засгийн газрын гишүүдийг давхар ажиллах асуудлыг бид ярьж байгаа. Тэр бол зөв асуудал. Одоо бол бид 2014 онд бүтээн байгуулалтын гол ажлуудаа хийнэ. Ямар нэгэн улс төр, сонгуулийн шоу байхгүй учраас бүтээн байгуулалтын гол ажлууд явагдана. Үүгээр Засгийн газар ямар ажиллах вэ гэдэг нь харагдах ёстой. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үндсэн гол салбарын сайдуудын ажил сайн  байсан уу гэвэл хэлэх боломжгүй байгаа.

Тэр нь юугаар илэрч байна вэ гэдэл Оюутолгой, Тавантолгойн ажлын явц. Дээр нь хүнд үйлдвэрийн салбарын явцыг харахад маш удаашралтай байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл бодлогын яамдууд ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Нэг ёсондоо аж ахуй ажлыг их хөөцөлдөж байна. Бодлогын асуудал хойш нь хаягдсан байна гэдэг нь харагдаж байна. Шинэчлэлийн Засгийн газрын байгуулагдсан хугацаанд боловсон хүчний доголдол гарсан гэдэгтэй улбаатай.

-Ерөнхий сайд 2014 онд үйлдвэржилтийг дэмжинэ гэж хэлж байна. Таны бодлоор ямар бодлого явуулбал эдийн засаг хурдацтай өсөх вэ?

Дэд бүтэц байхгүйгээр бид хичнээн сайхан юм яриад үр дүнгүй гэдэг нь харагдаж байна.

-Эдийн засгийг сайжруулахын тулд үндсэн гол макро төвшиний үйлвэрлэлээ сайжруулах хэрэгтэй. Оюутолгой,Тавантолгой, Эрдэнэт байна. Дээр нь төмөр замын асуудал. Дэд бүтэц байхгүйгээр бид хичнээн сайхан юм яриад үр дүнгүй гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл газар дорх баялагаа боловсруулсан боловч гадагшаа гаргаж чадахгүй байна. Тээврийн зардал нь асар өндөр болчихож байгаа юм. Тэгэхээр төмөр зам бол нэн чухал асуудлын нэг болоод байна. Түүн дээр нэмээд Оюутолгойн үйлвэрлэлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.

Тавантолгойн нүүрсийг бусад хувийн хэвшлийнхэнтэй хамжиж хурдан ажиллуулах ёстой. Дээр нь тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засагт асар их боломж авч ирнэ. Яагаад гэвэл эдийн засгийг экспортлох асуудал эндээс гарна. Тэгэхээр энэ хэдэн үйлдвэрийг зөв бариад үүнийгээ 2014 онд хэрэгжүүлж чадвал дагалдах жижиг, дунд үйлдвэр хөгжинө.

-“Чингис” бондын асуудал мөнхийн сэдэв боллоо. Монгол Улсад асар их өр авчирч магадгүй гэдгийг сөрөг хүчин анхааруулж байна. Одоо “Самурай” бонд оруулж ирэх гэж байна. Ер  нь ингэж их бонд босгох нь хэр зөв юм бэ?

-Бонд оруулж ирэхийг нь буруу гэж хэлэхгүй байгаа. Хамгийн гол нь зөв цаг хугацаанд оруулж ирсэн юм уу, төлбөрийн хүүгийн асуудал ямар байгаа вэ гэдэг дээр санаа зовсон байдлаар ярьж байгаа. “Чингис” бондын хувьд цаг үеэ олсон асуудал байсан. “Самурай” бондын хувьд Засгийн газар ажлаа явуулахын тулд санхүүгийн эх үүсвэрээ олох үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу асуудлыг шийдэж байгаа. УИХ анхнаасаа Засгийн газарт бонд олж ирэх үүрэг өгчихсөн байсан учраас тэр ажил явагдаж байгаа.

Гэхдээ бондыг дагасан улс төр хэтэрвэл үр дүн нь эвгүй байдал руу шилжинэ гэдгийг бидний амьдрал харуулаад байна шүү дээ. Тиймээс бид нар аль аль нь улс орны ирээдүйг бодож байгаа бол дээр миний хэлсэн үндсэн таван ажлаа хийчихвэл бондын өрнөөс гарна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг татах асуудал байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нийт хүмүүст ойлгож таниулах ажил дутагдаж байна. Тайлбаруудыг сайн өгвөл маш хурдтайгаар өсөх боломж байна. Хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх үүд хаалгыг нээх шаардлагатай байна шүү дээ.