Г.Түмэнжаргал: Монголд орлого багатай иргэдэд зориулсан барилгын хөрөнгө оруулалт байхгүй
Орон сууцны үнэ өсч байгаад барилгын компаниуд буруутай гэж олонхи хүмүүс үздэг. Харин салбарын мэргэжилтнүүд барилгын компаний үнийн хөөрөгдөлтөөс гадна олон зүйл үүнд нөлөөлдөг гэдгийг хэлж байна.
Орон сууцны үнэ өсч байгааг барилгын салбарынхан хэд хэдэн үндэслэлтэй тайлбарлаж байна. Үүнд төрийн хуурамч амлалт, төр хувийн хэвшлийнхний буруу шийдвэр, мөн мөнгөтэй хэсэг бүлэг хүмүүс барилгын материалын үнийг хөөрөгдөн нийлүүлдэг зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Мөн энэ оны найман хувийн хүүтэй зээл ч нөлөөлсөн гэж үэзж байна.
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал:
Орон сууцны үнийн өсөлтөд 30 орчим хүчин зүйл нөлөөлж байна. Үүнээс чухал гэсэн 3-4 хүчин зүйлийг авч үзээд үүн дээрээ ажиллая гэсэн төлөвлөгөөг гаргалаа. Цаашдаа манай ассоциаци яамтай хамтраад “Орон сууцны үнэ ба өртөгт нөлөөлөх хүчин зүйлийг тоочих аргачлал”-ыг гаргах гэж байна. Ингэснээр жил болгон орон сууцны үнэд чухам юу нөлөөлж байгаа тухай судалгааг гаргах болно.
Үнэндээ орон сууцны үиийг барина гэсэн ойлголт бол байхгүй. Зах зээл дээр стандартын, дээд стандартын, тансаг зэрэглэлийн гэсэн гурван төрлийн орон сууц баригдаж байна. Эрэлт, нийлүүлэлт хоёр уялдах ёстой байтал монголд бага орлоготой иргэдэд зориулсан хөрөнгө оруулалт алга байна. Үүнээс болж нийгэм бухимддаг. Манайх бага орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууц барих тал дээр төртэй хамтран ажиллаж байна.
Иргэдэд үнийн дарамт гаргахгүй цөөн арга байдгийг салбарынхан хэлж байна. Тухайлбал, шинээр орон сууц авсан иргэдэд НӨАТ-ын 10 хувийг төр буцаан олгосноор орон сууцны үнэ 10 хувь буурна гэж үзэж байна.