Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харахад арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дунджаас 2.9 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.
Хүнсний үнийн өөрчлөлтөд голлох жин дардаг махны бүлгийн үнэ бага зэрэг өссөн бөгөөд адуу болон ямааны махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад гурваас дээш хувиар өсчээ. Хамгийн эрэлттэй байдаг хонь болон үхрийн ястай махны үнэ өнгөрсөн долоо хоногт мөн өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн цул махны үнэ тогтвортой байжээ. Харин нэгдүгээр гурилын үнэ өмнөх долоо хоногоос 1.3-1.8 хувиар өссөн бол хоёрдугаар зэргийн гурил болон элсэн чихэр, будааны үнэ өнгөрсөн долоо хоногт тогтвортой байсан байна.
Үүнээс гадна нийлүүлэлтээс өндөр хамааралтай байдаг хүнсний ногооны үнэ өнгөрсөн долоо хоногт нэлээд өндөр хувиар өсчээ.