Эдийн засгийн эрсдэлээс хамгаалагдах эрх зүйн зохицуулалт хийж байна
Олон улсын Economist байгууллагаас 2014 онд эдийн засаг хамгийн хурдацтай таван улсыг нэрлэсэн байна.
Тус байгууллагын таамаглаж байгаагаар манай улсын эдийн засаг хурдацтай өсөлттэй улс орнуудын хоёрдугаарт жагссан байна. Монгол улсын эдийн засгийн хувьд 2014 онд 15,3 хувиар өсөх таамаг байгаа бөгөөд манай улсын эдийн засгийг Хятад улс дэмжинэ гэж тооцоолж байна. Манай улсын хувьд Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт Хятад улс руу чиглэж байгаа. Иймээс Хятад улс манай улсын эдийн засгийг дэмжиж Монгол улсын эдийн засаг өсөлттэй байхаар гарчээ.
Монгол улсын эдийн засаг хурдацтай өсч байгаа шалтгаан нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд нийт экспортын 90 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж байна. мэдээж монгол улсын зүгээс хөрөнгө оруулалтыг татах оновчтой төрийн бодлого, зөв шийдвэр хамгийн чухал гэж эдийн засагчид зөвлөлөө. Гэхдээ эдийн засагт голлон нөлөөлж байгаа уул уурхай тэр дундаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нь чухал ч 2012 оноос хойш нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээсээ давжээ. Энэ оны хувьд энэ салбар тийм ч таатай ахиц гарахгүй гэж “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярилцлагадаа дурьджээ.
Сангийн сайд Ч.Улаан:
Эдийн засгийн хямралаас сэргийлэх, өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх нь зайлшгүй шаардлагатай. Тиймээс төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар эдгээд асуудлыг зохицуулсан байгаа. Үүнд дутагдаж байгаа зохицуулалтыг өрийн удирдлагын тухай хуульд оруулахаар ажиллаж байна. Ингэснээр монгол улс эрсдэлээс хамгаалагдах эрх зүйн зохицуулалт бий болно.