Л.Энх-Амгалан: Засгийн газар валютын ханшийг тогтворжуулах асуудалд нэг ч алхам хийсэнгүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.28

Л.Энх-Амгалан: Засгийн газар валютын ханшийг тогтворжуулах асуудалд нэг ч алхам хийсэнгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд эдийн засагт “гал” гарчихлаа гэдгийг хэлж байгаа. Тухайлбал, ямар үзүүлэлтүүд буурч, санхүүгийн байдлыг хүндрүүлээд байна вэ?

-Ам.долларын ханш 1792 төгрөгт хүрч, урьд байхгүй хэмжээгээр нэмэгдлээ. Харин валютын ханш нэмэгдсэнээр эдийн засаг, төсөвт хэд хэдэн томоохон эрсдлийг дагуулж байгаа юм. Нэгдүгээрт, 2014 оны улсын төсөт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж баталсан. Олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудын эх үүсвэр энэ төсвийг баталж өгсөн.

Гэтэл төсвийн нэг их наяд төгрөгийг батлахад эрх баригчид, Засгийн газар ам.долларын ханш 1384 төгрөгт байна гэдэг тайлбар тавьсан. Харамсалтай нь ам.долларын ханш 1792 төгрөг болсноор өнөөдөр төсөвт маш их ачаалал ирэх гэж байна. Яагаад гэвэл, УИХ-аар баталсан нэг их наяд төгрөгийн өртөг нэмэгдэж байна гэсэн үг. 1384 байна гэж тооцолж байсан өртөг өнөөдөр 1792 төгрөг болсон учраас үүний зөрүүгээр улсын төсөвт маш их ачаалал ирэх эрсдэл байгаа юм.

Хоёрдугаарт, ам.долларын ханш нэмэгдсэнээр Монгол Улсын өрийн зээлийн хүү 35 хувиар нэмэгдэж байгаа. Жил бүхэн “Чингис”, “Самуурай” бондын хүүнд 150-180 орчим тэрбум төгрөг төлдөг. Гэтэл энэ нь ам.долларын ханшнаас шалтгаалаад 35 хувиар өсч байгаа хэрэг. Гуравдугаарт, манай аж ахуйн нэгжүүд нийт банкны хэмжээгээр зургаан их наяд төгрөгийн зээлтэй.

Үүний 30 хувь нь ам.доллараар авсан зээл байгаа. Манай аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид ам.доллараар зээл авч, бизнесийнх нь орлого төгрөгөөр үнэлэгддэг. Тийм учраас валютын өсөлтөөс олон зуун аж ахуйн нэгжүүдэд маш их ачаалал, эрсдлүүд ирээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм бодитой зүйлүүд эдийн засагт үүсээд байна.

-Валютын ханш огцом өсөлттэй байгаа гол шалтгаан нь юу бол?
Монгол Улсын хэмжээнд байгаа 300 гаруй мянган малчны дөнгөж 25 мянга нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаа.

-Валютын ханшийг сүүлийн нэг жилд огцом өсгөсөн гол шалтгаан мэдээж экспорт буурсантай холбоотой. Нөгөөтэйгүүр, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс багассан явдал. Үүнээс гадна Монголбанкинд тушаагдах ёстой алтны хэмжээ буурсанаас болоод валютын ханш өссөн. Гэтэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг өнгөрсөн хаврын чуулганаар байгуулагдсан.

Ажлын хэсгийн гол зорилго нь улс оронд үүсээд байгаа валютын ханшны эрсдлийг яаж бууруулах вэ, эдийн засгаа хэрхэн идэвхжүүлэх вэ гэдгээр УИХ-д тогтоол хэлбэрээр гаргах ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тогтоол гарч чадсангүй. Нөгөөтэйгүүр өнгөрсөн арванхоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны нэр бүхий гишүүдийн оролцоотойгоор валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоолыг санаачилж, Загсийн газарт өргөн барьсан.

Засгийн газар өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг УИХ-д өргөн бариагүй. Тэгэхээр энэ бодлогын алдааг засах дээр маш их хугацаа алдаж байна. Үүнээс болж валютын ханш өсөж, эдийн засагт маш тогтворгүй байдал бий болсон.

-Тэгэхээр Засгийн газрын хариуцлагагүй алхмыг яах ёстой вэ. Ерөнхий сайд нь бодлогын алдаагаа засаж, залруулах талаар үг дуугарахгүй байна. Харин ч иргэдийг гаднаас хэрэгтэй, хэрэггүй юм авахгүй байхыг тушааж сууж байна шүү дээ?

-Бид Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг нэг бус удаа өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихад аваад үлдсэн. Эдийн засагт үүссэн нөхцөлд хариуцлага хүлээх хоёр сайдыг огцруулах ёстой гэхэд “Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээгүй. Энэ хоёр хүнд хариуцлага тооцох шаардлага байхгүй. Эдийн засаг өсөлттэй байгаа” гэдгээр авч үлдсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийм л хэмжээнд хүрээд байна.

-Ам.долларын ханш 1800 төгрөг рүү хурдтай явж байна. Танай намын хувьд хариуцлага тооцох дараагийн сайд нарын асуудлыг хөндөх үү?

-Намын бүлэг хуралдана. Үүнээс шийдвэр гаргах байх. Тэгэхээр бид үе шаттай арга хэмжээг авна. Сөрөг хүчний хувьд хийх ёстой ажлаа хийж байгаа. Харин ч бид шүүмжлээгүй, дандаа ажил хэрэгч санал тавьдаг. Тухайлбал, валютын ханш, эдийн засгийг тогтворжуулах, идэвхжүүлэх чиглэлээр ийм арга хэмжээ авъя. УИХ-ын ийм тогтоол, эрх зүйн актыг батлая. Засгийн газар нь ийм арга хэмжээ явуулаач гэсэн хугацаатай үүрэг өгч байгаа. Харамсалтай нь энэ Засгийн газар нэг ч алхам хийсэнгүй.

-Засгийн газрыг огцруулах үндэслэл нь валютын ханшны өсөлт биз?

-Хангалттай үндэслэл. Нэг байтугай хэд хэдэн удаа огцруулах үндэслэл гэж ойлгож байгаа.

-Ингэхэд таны хувьд малчдын тэтгэвэрт гарах насыг ойртуулах санал гаргасан. Гэтэл үүнийг УИХ-ын дарга халамжийг хавтгайруулах нэг оролдлого гэж үзэж байна. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Энэ бол халамж биш, нийгмийн захиалга. Монгол Улсын хэмжээнд байгаа 300 гаруй мянган малчны дөнгөж 25 мянга нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаа. Үндсэндээ хоёр хувьд ч хүрэхгүй байна. Тэгэхээр малчдыг зайлшгүй нийгмийн даатгалд хамруулах шаардлага бий. Яагаад гэвэл, нийгмийн даатгалд хамруулж, төлөх шимтгэлийг нь уян хатан заагаад явбал Нийгмийн даатгалын сан мөнгөжих, хүрээ нь өргөжих бололцоо байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.