УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.02.28

С.Ганбаатар: Үнийн өсөлт тэтгэврийнхэнд маш хүндээр тусч байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр тэтгэврийн нэмэгдэл, цалингийн зөрүүтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

- Өнгөрсөн жилийн энэ өдөр би Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч байсан. Би 14 хоног Дархан хотод ажиллаад ирлээ. Тойргийн сонгогчидтойгоо уулзахад нийгэмд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэтэрлээ гэдгийг хэлж байна. Иргэдийн амьдрал туйлдаж байна.

Тэд бухимдан дуу хоолойгоо ихээр хүргэж байна. Энэ үнийн өсөлт, хөөрөгдлөөс үүдээд өнөөдөр асар их мөнгө хийж, ашиг хонжоо олж байгаа хүмүүс байгаа. Харин энэ үнийн өсөлтөөс болж олон хүмүүс өнөөдөр хүнд байдалтай байна. Ялангуяа тэтгэвэр авагчид маш хүнд хэцүү, амьдралд нь хүндээр тусч байна. Тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн ажилтнууд, төрийн албан хаагч нарт маш хүнд нөлөөлж байна. Энэ нь даамжирч хувийн хэвшилд ажиллаж байгаа олон хүмүүсийн амьдралд, орлогод шууд нөлөөлнө.

Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр нийгмийн амьдралд чөдөр болох ёсгүй.

Тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмсэн хэмжээ яагаад 20000 орчим төгрөгт эргэлдэж байгаагийн учир шалтгааныг өндөр настануудад тайлбарлах нь зүйтэй. Засгийн газар хөтөлбөртөө цалин тэтгэвэрийг инфляци, бүтээмжийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан. Гэтэл инфляци 2013 онд хоёр оронтой тоонд байна. Бүтээмжийн өсөлтийн тухай мэдээлэл олон нийтэд сонсогдохгүй байна. Цалингийн өсөлт ч сураг алга. Ийм байдлыг иргэдийн амьдрал, бодит орлогын уналт тэсвэрлэхэд маш бэрхшээлтэй байна.

Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр нийгмийн амьдралд чөдөр болох ёсгүй. Талууд ялангуяа ҮЭ тэргүүтэй нийгэм, иргэний төлөөлөлийн дуу хоолой суларч байгаадаа дүгнэлт хийх цаг яг тулж ирээд байна. Тиймээс 2014 оны гурван сардаа багтааж Засгийн Газар, Ажил олгогч Эздийн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагууд улсын гурван талт хэлэлцээр хийж тэтгэврийн болон багш, эмч, сэтгүүлчдийн цалингийн талаарх болон бусад олон бэрхшээлтэй нөхцөл байдлыг нэг тийш нь болгож ил тодоор шийдвэрлэж, дүгнэлт хийж иргэд түмэндээ мэдээлэхийг би уриалж өнөөдрийн мэдэгдлийг хийж байна.

Улс орон даяараа энэ уриалгыг дэмжин гэдэгт би итгэж байна