2025.03.31

О.Саранчулуун: Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хайхрамжгүй хандаж болохгүй

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар  Засгын газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ОУ-ын нэлээдгүй олон гэрээ, конвенц, тунхагт нэгдэж гарын үсэг зурсан. 1969 онд нэгдсэн “Бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхлыг устгах тухай конвенц”-ийн хэрэгжилт тайлагнал нь харагдахгүй, хэн нь хариуцдаг нь тодорхойгүй. 1974 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын факт, Эдийн засаг, нийгэм соёлын тухай факт, 1990 оны Хүүхдийн эрхийн конвенц гээд. Нөхцөл байдлын тайлан 4-5 жил тутам НҮБ-ын Хүний эрхийн хороо руу явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн бодлогын хэрэгжилт үргэлж дутуу. Мэдээлэл нь бүрхэг байгаатай холбоотой ч юмуу. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 5.2.2-т дэлхийн нийтийн болон хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх зарчмыг тусгасан. ОУ-ын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэгтэй уялдуулна гэжээ. Тайлан дээр энэ асуудал алга? Хэн хариуцах вэ? Цаашилбал, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүний эрхийн асуудлаар зарим байгууллагууд тайлан ирүүлээгүй байна.

Хүний анхдагч хэрэгцээ нь орон байр, хоол хүнс. Манай улсад 110 мянган иргэний 13 хувь нь байранд амьдарч байна. Бусад нь түрээс, айлд, айлын хашаанд, орон гэргүй ч явж байна. Энэ хүмүүсийн асуудлыг анхаарах юмуу? 2023 онд БХБ-ын сайд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”гэж гарсан. Үүний хэрэгжилтийн талаар асуумаар байна. Зөндөө л ОУ-ын сайн жишиг байна. Би аргаа бараад тандалт судалгаа авлаа. Ямар зээл авах хүсэлтэй байна, ямар боломжтой байна гэх мэт. Гэтэл холбогдох 3 байгууллага нь энэ судалгааг аваагүй. Судлаад датаг нь явуулахаар бид судлаач хайж байна гэж хайхрамжгүй хандах жишээтэй.

Хүртээмжтэй аюулгүй нийтийн тээврийг хөгжүүлсэн ажлын биелэлт 70 хувь гэжээ. Манай нийтийн тээвэр хэзээ хүртээмжтэй болох вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг автобусаар зорчуулна гээд үнэмлэх өгдөг. Орох тоолонд хөнгөлөлтэй үйлчлүүлэгч гэж чангаар дуугардаг үйлчилгээ бий. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс автобусанд суудаггүй шүү дээ. Тэгсэн атлаа нийтийн тээврийн газар мөнгө төгрөгөө шилжүүлээд авч байгаа. Үүнээс өөр шийдэл байж болдоггүй юмуу. Жинхэнэ үйлчилгээ гаргадаг газар энэ үйлчилгээгээ өгөх үү? Мөн харааны бэрхшээлтэй хүн хэдэн номерын автобус ирж байгааг харахгүй. Энэ тохиолдолд дугардаг хэрэгслээ байршуулж болно. Нөхцөл байдал ийм байхад биелэлтийг 70 хувьтай гэж үнэлснийг гайхаж байна.

Нийтийн бие тамир спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл 78 хувьтай гэжээ. Зарцуулалт нь зөвхөн тамирчдын зардалд. Энэ үйлчилгээний хүртээмж гэдэг нь бүх хүн хичээллэж болох орчны тухай юм. Ажлын байрны дэмжлэг, явган алхах зам, фитнест даатгалаар явдаг гэх мэт ОУ-ын хувилбарууд бий. 

Түүний асуултад ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, ЗТ-ийн сайд ХББОС-ын сайд Ж.Батсуурь нар хариуллаа.