Л.Энх-Амгалан: Ам.долларын ханш урьд байгаагүйгээр нэмэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.27

Л.Энх-Амгалан: Ам.долларын ханш урьд байгаагүйгээр нэмэгдлээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн оноос эхлэн ва­лю­тын ханш өссөөр байна. Энэ өсөлт эдийн засаг, төсөвт ямар эрсдэл дагуулж байна вэ?

-Ам.долларын ханш 1792 болж урьд байгаагүйгээр нэмэгдлээ. 2014 оны улсын төсвийг нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хий­нэ гэж баталсан. Өөрөөр хэл­бэл, олон сургууль цэцэрлэг, эм­нэ­лэг гэх мэт томоохон хөрөнгө оруу­лалт хийгдэх төсвийн эх үүс­вэрийг баталсан.

Энэ төсвийг бат­лахад ам.долларын ханш 1384 төг­рөг байна гэж эрх баригчид тайл­бар хийж байсан. Гэтэл өнөө­дөр ам.долларын ханш өсч, тө­­сөвт маш их ачаалал үүсгээд бай­на. Яагаад гэхээр өнөөдөр УИХ-аар баталсан нэг их наядын өртөг нэмэгдэж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 1384 гэж тооцож байсан валют одоо 1792 болсон учраас үүний зөрүү улсын төсөвт маш их ачаалал нэмэх эрсдэлтэй байгаа юм. Хоёрдугаарт, Монгол Улсын өрийн зээлийн хүү 35 ху­виар нэмэгдлээ. Энэ нь мөн л ам.долларын ханшийн өсөлттэй хол­боотой.

Жил бүр Чингис, Са­мурай бондын зээлийн хүүнд 150-180 орчим тэрбум төгрөг төлж байгаа. Гэтэл энэ тоо маань зөв­хөн ам.долларын ханшийн өсөл­төөс болж нэмэгдэж байна. Гу­равдугаарт, аж ахуйн нэгжүүд ма­най улсын нийт банкны хэм­­жээгээр зургаан их наяд төгрө­гийн зээлтэй.

Үүний 30 хувь нь ам.долларын зээлтэй. Аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид ам.дол­ла­раар зээл авдаг ч бизнесийн ор­лого нь төгрөгөөр байдаг. Тэ­гэ­­хээр зөвхөн ам.долларын хан­шийн эрсдэлээс үүсээд олон мян­ган аж ахуйн нэгжид эрсдэл үүсч байна.

-Валютын ханш өсөх болсон гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

Эдийн засгийн нөхцөл байдал 2013 он

-Валютын ханшийг сүүлийн нэг жилд огцом өсгөсөн гол шалтгаан нь экспорт буурснаас үүдэлтэй. Үүнээс гадна гадаадын шууд хө­рөнгө оруулалт эрс багассан. Гу­рав­дугаарт, Монголбанкинд ту­шаах алтны хэмжээ багассанаас болж валютын ханш өссөн.

Үүнээс болж дээрх эрсдэл эдийн за­сагт үүсч байгаа юм. Өнгөрсөн нам­рын чуулганы хугацаанд УИХ-ын даргын захирамжаар бай­­гуулагдсан ажлын хэсэг бий. Ажлын хэсгийн ажлын гол зо­рил­го нь өнөөдөр улс оронд үүсээд байгаа валютын хан­шийн эрсд­лээс яаж хамгаалах, буу­руу­лах вэ гэдгийг тандах явдал. Эдийн засгаа идэвхжүүлэх та­лаар авч хэ­рэгжүүлэх маш то­дор­хой ар­га хэмжээг УИХ-аар тог­тоол хэл­бэрээр гаргах ёстой ч өнөөд­рийг хүр­тэл гаргасангүй.

-Ашигт малтмалын тухай хууль баталснаар валютын нөөц нэмэгдэнэ гэсэн зүйлийг олон­хи ярьж байсан. Гэтэл одоо нөхцөл байдал эсрэгээрээ болж байна. Тиймээс төв банк ч юм уу, Засгийн газраас ам.дол­ларын ханшийг барихад ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Ам.долларыг бүрдүүлдэг эх үүс­вэр их цөөхөн. Нэгдүгээрт, экс­порт, дараа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, гуравдугаарт зээл тусламж болон алтны ил тод худалдаанаас хамааран манай валютын нөөц бүрдэж байгаа. Гэтэл өнөөдөр экспортыг дэмжэе гэсэн бодлого тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, яг яаж дэмжих юм. Оюутолгой, Тавантолгойг хө­дөлгөж чадсангүй. Чалкотой 70 ам.доллараар гэрээ хийсэн гэж МАН-ыг шүүмжлээд байсан ч өнөөдөр “Чалко”-д 40 ам.доллараар нүүрсээ нийлүүлээд сууж байна. Хоёрдугаарт, экспортын гол нэ­рийн бүтээгдэхүүн болох уул уур­хайн бараа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болжээ.

-Яагаад өрсөлдөх чадваргүй гэж?

-Тээврийн зардал нь экспортолж байгаа нэг тонн нүүрсний өртгийн 30-40 хувь нь болж байна. Тийм уч­раас Монгол Улсын нүүрс өр­сөл­дөх чадваргүй болсон гэсэн үг. Тиймээс өрсөлдөх чадварыг дээш­лүүлэхийн тулд тээвэр ло­жист­икийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой.

Гэтэл өнөөдөр үүнийг шийдэхгүй, цаг алдаж бай­­гаа. Хувийн хэвшлийн барьж бай­­сан төмөр замыг төр хурааж ав­­сан атлаа одоо болтол ажил нь явж байгаа үгүй нь тодорхой бус бай­­на. Нөгөө талаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмж­сэн Хөрөнгө оруулалтын ту­хай хуу­лийг баталсан.

Гэтэл энэ хуу­лийг хэрэгжүүлэхтэй холбоо­той жур­мыг өнгөрсөн долоо хоногт арай гэж гаргалаа. Хууль нь бат­лаг­даад долоон сарын нүүр үз­ч­и­хээд байхад одоо л журам нь бат­лаг­даж байх жишээтэй. Үүнээс харахад Засгийн газар маш удаан ажиллаж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, валютын гол нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хуулийн хэрэгжилттэй хол­боотой асуудал дээр ингэж удаан ажиллаж байна. Үүнээс гад­на алтанд тодорхой хөнгөлөлт үзүүлсэн. Ашигт малтмал ашиг­лас­ны төлбөр таван хувь байсныг 2.5 хувь болгосон.

Ингээд хуульд өөрч­лөлт оруулчихвал Монгол Ул­сын алт тушаалт нэмэгдэж ва­лютын нөөц нэмэгдэх зүйл ярь­сан. Гэтэл үнэндээ бодитой ар­га хэмжээ авсангүй. Засгийн га­з­ар бодитойгоор яг юун дээр анхаарал хандуулах вэ гэсэн фокус нь алдагдаад байна.

Ач хол­богдлоор нь эрэмбэлбэл өнөө­дөр эдийн засгийн өсөлтийг хад­галж үл­дэх, валютын ханшийг тогт­вор­той байлгах нөхцөл бай­дал бий бо­лоод байхад аар саар­хан зүй­л дээр анхаарч эдийн зас­гийн гол өсөлтүүдийг буу­руу­лаад бай­на.

-УИХ-ын даргын захирам­жаар төв банкинд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаж ажил­лаж байсан. Үүний дүг­нэлт хэр­хэн гарсан юм бол?

-2014 оны мөнгөний бодлогыг бат­лахад УИХ-аас тодорхой тог­тоол гарсан. Монголбанк Засгийн газ­раас хэрэгжүүлж байгаа “Үнэ тогт­воржуулах хөтөлбөр” дээр хяналт тавъя. Хоёр дахь жилдээ маш өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Шатахуун, гурил гэх мэт гол нэрийн барааны үнийг тогт­воржуулах хөтөлбөр хэрхэн эр­гэн төлөгдсөн байна вэ гэдэг нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, да­раа­гийн үнэ тогтворжуулах хө­төл­бөр санхүүжүүлэх хэмжээний мөн­гө эргэн орж ирсэн үү. Аль нь үр дүнгээ өгсөн бэ гэдэгт үнэлэлт дүг­нэлт өгөх хугацаатай үүрэг өг­сөн ч Засгийн газар үүнийг УИХ-д тай­лагнахгүй явсаар байна.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйл асууя. Намрын чуулган зав­сарлаад багагүй хугацаа өн­гөр­лөө. Энэ хугацаанд та той­рогтоо ажилласан байна. Иргэд ямар асуудлыг голлон хөн­дөж байна вэ?

-Чуулганы завсарлагааны хуга­цаанд тойрогтоо ажиллаж, 10 мян­га орчим иргэнтэй уулзлаа. Иргэдийн хувьд хэд, хэдэн чухал асуудлыг энэ үеэр хөндөж байна. Ту­хайлбал, цалин тэтгэврийн асуу­­дал. УИХ-аас 2014 оны улсын тө­сөвт 235 тэрбум төгрөгийг зөв­хөн цалин, тэтгэврийг нэмэх зо­риу­лалтаар баталж өгсөн.

Гэтэл тэт­гэврийг саяхан 20-27 мянган төг­рөгөөр нэмсэн нь бодитой нэ­мэгдэл болж чадсангүй гэдгийг ир­гэд хэлж байна. Яагаад нэ­мэлт болж чадсангүй вэ гэхээр Зас­гийн газраас хэрэгжүүлсэн “Үнэ тогт­воржуулах хөтөлбөр” орон ну­тагт хэрэгжсэнгүй. Мах, шата­хуун, гурилын үнэ орон нутагт нэ­мэгдсэн.

Гуравдугаарт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ёс­той Сум хөгжүүлэх сангийн хө­рөнгө ороогүй. Мөн малчдын арьс, шир, ноос ноолуурын нэ­мэг­дэл одоо болтол очоогүй гэх мэт олон зүйл иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Яагаад гэ­хээр, төсвийн орлого маш ихээр буурсан, Сангийн яамнаас өгөх ёстой санхүүжилтээ цаг тухайд нь өгөхгүй байснаас үүдэн сан­хүү­жилт очоогүй. Нөгөө талаар орон нутгийн арилжааны банкууд зээ­лээ хумьсан нь иргэдэд хүнд­рэлтэй байна.

-Хөвсгөл аймгийн хувьд энэ жил ямар ямар бүтээн бай­гуулалт өрнөх бол. Царцаасан объект хэд байгаа вэ?

-Нийт 240 орчим төсөл арга хэм­жээ энэ жил хэрэгжинэ. Харин үүний 10 орчим хөрөнгө оруулалт цар­цаагдсан байгаа. Тиймээс үүнд Ауди­тын ерөнхий газар дүгнэлт хийсэн. Уг асуудлыг өнгөрсөн намрын чуулган завсарлахаас өм­нө шийднэ гэсэн ч хугацаа алд­саар байна.