Л.Дуурсах: Манай улс цоо шинэ баялаг бүтээгч систем рүү шилжих гэж байна
ҮХААЯ-ны Хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг нэвтрүүлэх төвийн дарга Л.Дуурсахтай ярилцлаа.
-Танай төв ямар хөтөлбөр дээр ажиллаж байна вэ?
-Манай нэвтрүүлэх төв одоогийн байдлаар “Мэдлэг түгээх болон нэвтрүүлэх үйлчилгээний дэд хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Манай улс чөлөөт зах зээлд шилжээд 24 жил болж байгаа ч эдийн засгийн бодит хөгжилд хүрээгүй учраас ард түмнээ баялаг бүтээгч, мэдлэг мэдээлэлтэй болгож бэлдэх нь үнэхээр чухал гэдгийг ойлголоо. Үүний тулд л Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв байгуулагдсан юм. Бид хэдий болтол хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдийн 80-90 хувиа гадагшаа гаргасаар байх вэ.
Тэгэхээр хүмүүсээ бэлтгэх нь номер нэг асуудал.
-Танайхаас боловсруулж буй дэд хөтөлбөр хүмүүсийг баялаг бүтээгч болоход туслана гэж ойлголоо. Хөтөлбөрийн талаар дэлгэрүүлж ярина уу?
Мал маллах хүсэлтэй хүнд аргыг нь заагаад өгчихнө. Газар тариалан эрхлэе гэвэл төрөл бүрийн үйлдвэрлэл эрхлэхийг нь заагаад зөвлөөд өгнө гэсэн үг.
Хүмүүс үйлдвэрлэл гэдгийг их ташаа ойлгодог. Банкнаас зээл аваад Хятад, Солонгосоос хэдэн тоног төхөөрөмж авчрах төдийгөөр л төсөөлдөг. Гэтэл үнэндээ шинжлэх ухааны байгууллагууд, төрийн байгууллагууд, ТББ, аж ахуй нэгжүүд бүгдээрээ хамтраад ямар нэгэн шинжлэх ухааны ололт дээр суурилсан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн, түүнийгээ уламжлалт технологитой уялдуулаад олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадамж бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал сая үйлдвэрлэл явагдана.
Тухайн эрхлэх салбарынхаа талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн амжилт гаргана.
-ЖДҮ-ийн чиглэлээр манай улс чамгүй олон зээл, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Та тэдгээрийн үр дүнд сэтгэл хангалуун байдаг уу?
Миний л мэдэхийн ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр арван жилийн өмнө сан байгуулагдсан. Олон ч хүнд мөнгө өгсөн, зээлсэн. Гэтэл өнөөдөр дөнгөж өөрсдийгөө тэжээх хэмжээнд л үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Импортыг бүрэн орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангаад, илүүгээ экспортолж байгаа үйлдвэрлэл нэг ч алга. Энэ нь ЖДҮ хөгжүүлэх бодлого арга зам буруу байсныг харууллаа. Тиймээс цаашид шинжлэх ухааны үндэслэлд суурилсан эдийн засгийн шинэ бодлогоор хөгжүүлэх учиртай.
-Монгол улс давуу талаа бодвол хөдөө аж ахуйгаа эрчимжүүлэн хөгжүүлвэл ЖДҮ хөгжих боломжтой гэдэг. Ерөнхий сайд үйлдвэржилтийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны ололтод тулгуурлана гэж хэлсэн. Мал аж ахуй, газар тариаланд ямар ололтыг ашиглавал зүйтэй вэ?
Өнөөгийн хөдөө аж ахуйд ялангуяа мал аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлсэн байдал нь 5 хүрэхгүй хувьтай байна. Техник технологи, инноваци нэвтрүүлж буй байдал нь 10 хувьтай. Үүнд гар утас, телевизийг ашигладаг гэдэг утгаар нь хэллээ. Товчхондоо шинжлэх ухаан нэвтрээгүй л гэсэн үг.
Гараар саасан сүүг хэзээ ч олон улсын зах зээл дээр гаргахгүй
Хамгийн наад зах нь бүх малчид малынхаа сүүг гараар л сааж байна. Дэлхий дээр өнөөдөр гараар малынхаа сүүг саадаг улс манайхаас өөр байхгүй. Гараар саасан сүүг хэзээ ч олон улсын зах зээл дээр гаргахгүй. Бид юуны өмнө цахилгаан саалтуураас эхлээд техник технологи инновацийг нэвтрүүлэх хэрэгтэй. Дөрвөн улирлын турш дөрвөн өөр газар нүүж явдаг малчдад цахилгаан саалтуурыг байнга ашиглахын тулд цахилгаан үүсгүүр хэрэгтэй. Сүүгээ хадгалах хөргүүр шаардлагатай. Яг эндээс л эхэлнэ.
-Мянган километрийн цаанаас сүүгээ хүн ам төвлөрсөн газар хүргэхэд их хүндрэлтэй. Манай улсад ложистикийн систем сайн хөгжөөгүй дээрээс нь зарим аймгийн малчид сүүгээ саахаа больчихсон. Тэгэхээр энэ байдлыг хэрхэн шийдэх вэ?
Шинжлэх ухааныг явцуу үзлээр ойлгож болохгүй. Шинжлэх ухаан гэдэг саад бэрхшээлээс гарах гаргалгааг зааж өгдөг. Бид энэ асуудлыг хөтөлбөртөө шийдээд бүгдийг нь судлаад заагаад өгчихсөн. Үндэсний хөтөлбөрт “Бог малын сүү Монгол брэнд” гэдгийг оруулсан. Хэдийгээр ложистик хөгжөөгүй ч бидний зохион бүтээсэн цахилгаан саалтуураар малаа саагаад, гарсан сүүг хөргүүрт зургаан сараас нэг жил хүртэл хадгалаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж бүрдсэн. Бид туршилтыг нь хийчихсэн.
-Туршилтаа яаж хийсэн бэ. Ямар үр дүн гарсан бол?
Дөчин жилийн өмнө Цэндсүрэн доктор бяслагыг муутгахгүй байх аргыг нээсэн. Түүнтэй хамтраад бид Балдангомбо докторыг оролцуулаад цахилгаан саалтуурыг бүтээсэн.
Харин Төв аймгийн Эрдэнэ сумаас 40 км зайтай нутагладаг Энхбаяр малчны хотонд зургаан сарын хугацаанд саалтуураа туршиж үзсэн юм. Гарсан сүүгээрээ дэлхийд алдартай ринза хэмээх бяслагыг хийж дээжийг нь Мэргэжлийн хяналтын газрын лаборатори болон Солонгос улсын лаборатори луу явуулсан.
-Шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?
Солонгосчуудын зүгээс бидэнд маш сайхан хариу ирүүлсэн. Тэд хэлэхдээ: “Та бүхэн ямар ч орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаагүй хэрнээ цахилгаан саалтуураар саагаад л давсны уусмалд бяслагаа сойсон гэхэд танай бяслаг маш өндөр хэмжээнд боловсрогджээ. Хэрвээ үүн дээр европын өндөр технологийг нэмвэл дэлхийн зах зээлийг байлдан дагуулах гайхамшигтай зуун хувийн бяслаг гаргаж авах боломжтой юм байна” гэсэн.
Мөн тэд бяслагыг тань Солонгос дох борлуулагчаар ажиллах санал тавьсан. Хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг баялаг бүтээгч гэнэ. Тэгэхээр өөрийнхөө амьдрал, бизнес хэрэгтэй мэдлэг, мэдээллийг иргэд авдаг болох хэрэгтэй. Тэр солонгос сериал хэрэггүй. Монголчууд манан дундаасаа өөрсдөө гарчихмаар байна. Баялаг бүтээгч монгол хүнийг бий болгох цаг ирсэн болохоос биш мөнгө ярьж, зовлон бэрхшээл ярих цаг биш. Мэдлэг мэдээлэлтэй хүн л ажил хийдэг.
-Баялаг бүтээгч иргэдэд мэдлэг, мэдээллийг танай төв өгөх үү. Үндэсний хөтөлбөрийн мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэх юм бэ?
Мэдээллийн бүхий л сувгыг ашиглана. Дээр нь 21 аймагт байрлах хөдөө аж ахуйн газрын мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн, үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, газар тариалан хариуцсан мэргэжилтэнгүүдэд байнгын мэдээлэл, зөвлөгөөг өгнө. Тэд эргээд сумдууд руу малчид руу мэдээлэл тараана. Ер нь мэдээллийн бүхий л боломжит сувгыг ашиглаж байж хөгжинө.
Монгол орныг 2020 оноос 2030 он хүртэл дэлхийн эко органик, натурал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болгох нь Үндэсний хөтөлбөрийн гол зорилт. Улс орны зорилго хичнээн том байна, төдий чинээ хийж бүтээх нь агуу гэсэн үг. Хэрвээ хүсэл мөрөөдөл нь өчүүхэн жижиг аваас түүндээ таарсан бага л ажлыг хийх болно. Тиймээс монголын залуус дэлхийн хэмжээний хөгжил дэвшил, шинжлэх ухааны онол руу томоор сэтгэж харж, итгэл үнэмшилтэй, зорилго зорилттой байгаасай.
Өнөөдөр хөдөө аж ахуйн хөгжил яагаад сул байгаа гэхээр хүмүүс нь хоцрогдчихсон. Тэд хоцрогдсон учир түүхий эдийг нь авахгүй, бүтээгдэхүүнийг нь авахгүй байгаа юм. Тэдэнд мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Шинжлэх ухааны мэдлэг, шинэ дэвшилтэт технологи хэрэгтэй.
-ЖДҮ дээр газар тариалангийн асуудлыг хөндөхөд бас л мэдлэг, мэдээлэл, судалгаа шинжилгээний асуудал яригддаг. Хятад, Энэтхэг зэрэг оронд явуулын лаборатори ажиллаж ногоочдод ямар ногоо таривал илүү ургац авахыг нь хэлж зөвлөдөг. Манайд ийм тогтолцоо хэрэгтэй юу?
Газар тариалангийн чиглэлээр сургалтын арга зүй, аргачлал гарын авлага бэлдэж байна. Жишээлбэл Сэлэнгэд ногоо тарьдаг Бурмаа, Цэцгээ хоёр сургалтад суучихаад гарын авлагаа аваад таримлаа тарина гэсэн үг. Гэхдээ тарьсан ногоо нь эрүүл ахуйн дээд зэрэглэлийн баталгаатай, цэвэр органик, химийн бордоо хэрэглээгүй байгалийн аргаар тарьсан хамгийн сайн чанартай ургац байх болно. Яагаад гэвэл үндэсний хөтөлбөрийн хүрээнд тэр гарын авлага дээр бүх аргыг нь шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр заагаад боловсруулаад өгчихсөн. Мөн хөтөлбөр хэрэгжээд эхэлвэл манай төв хүмүүсээ байнгын мэдээлэл, зөвлөмжөөр хангах болно.
Харин чанартай ургац авахад төр бодлогоор дэмжих хэрэгтэй. Ургацыг удаан хадгалдаг агуулахыг байгуулахад туслах хэрэгтэй. Манай төв Япон улсын Жайка байгууллагатай хамтарч ургацыг зургаан сар шинээр нь хадгалах агуулахыг барихаар төлөвлөж байгаа.
Үүний дараа лабораторийг нь ойролцоо газар байгуулна. Ногоочид маань тэнд шинжлүүлээд зөвлөгөө авсаны дараа ямар бордоо, усжуулалт ашиглах вэ гэдгээ мэдэж, мэргэжлийн түвшний ногоочид болно. Ингэснээр таван жилийн дараа дотоодын хэрэгцээг зуун хувь хангах хэмжээн хүрч, ёстой илүүдлээ Орос, Хятадын зах зээл рүү гаргах боломж бүрдэнэ. Манай тарьсан ногоо зуун хувийн органик учир өндөр үнэтэйгээр Орос, Хятадын баян иргэд рүү хүрч, Монгол гэсэн брэндийг бий болгоно.
Гэхдээ энэ мэдээллийг сонсоод итгэл багатай хүмүүс байж болно. Аливаа ажил эхлэх маш хэцүү байдаг. Бас хугацаа хэрэгтэй. Монголчууд 24 жил тэвччихээд хоёр гурван жил тэвчиж чадна гэдэгт итгэж байгаа. Бүгдээрээ баялаг бүтээгч иргэд болохын тулд бүхий л хүч чадал, боломжоо дайчилья.
Манай улс цоо шинэ баялаг бүтээгч систем рүү шилжих гэж байна. Монголыг Япон Солонгосчууд хөгжүүлэхгүй. Бид эв нэгдэлтэй байж хөгжиж чадна.