Д.Оюунхорол: Малаасаа дор үнэлэгдсэн малчдыг төр анхаарах цаг болсон
АН-ын бүлгээс тэтгэврийн насыг цаашлуулж, өндөр настнууддаа хөдөлмөр эрхлэх боломж олгоно гэж байгаа.
Харин МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн насыг наашлуулж, арай олон жил тэтгэвэр авах боломж нөхцөлийг олгох нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах ямар шаардлага гарав?
-Манай улсын хувьд нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоороо амьдардаг. Тэгээд ч малчдын тоо жил ирэх бүр буурч байна. Нэг жилд таваас долоон хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь цаг үеийн таагүй нөхцөл, байгалийн гамшиг, уул уурхайн олборлолт өсч байгаатай холбоотой.
Төрд ямар ч дарамт үүсгэлгүй өөрөө өөрсдийнхөө амьдралыг аваад явдаг хүмүүс бол малчид. Улсаас дэмжлэг үзүүлдэггүй. Хот, хөдөөгийн ялгааг арилгах тухай нам, улс төрчид ярьдаг. Их нүүдлийн цувааг багасгана гэж яриад байгаа боловч иргэд рүүгээ чиглэсэн төрийн бодлого цэгцтэй явж чадахгүй байна.
Өнөөдрийн байдлаар 45 мянга 600 орчим малчин өндөр настны тэтгэврээ тогтоолгосон. 9500 малчин хөгжлийн бэрхшээлтэй байна. Малчдын дийлэнх нь 90-ээд оноос өмнө ажиллаж байх үедээ тэтгэвэртээ гарч байсан. Ядууралд өртсөн 14200 малчин өрх бий. Малчдын ядуурал 30 гаруй хувьтай байгаа.
Зуданд өртсөн малд даатгал олгодог. Гэтэл салхи, шуурганд малынхаа араас яваад амь насаа алдсан иргэнд ямар ч даатгал гаргадаггүй. Малнаасаа дор үнэлгээтэй байгаа малчны тухай асуудлыг Монголын төр өнөөдөр эргэж харах цаг нь болсон. Малчны тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй. Эрэгтэйчүүдийг 55 нас,эмэгтэйг 50 нас болгоно гэсэн хуулийн төсөл өргөн барьж байгаа.
-Нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх вий. Эрсдэлийг тооцож үзсэн үү?
өн малчдын тэтгэврийн шимтгэлийг хөнгөхөн төлүүлэхийн тулд Нийгмийн даатгалд сангийн ачаалал ирэхгүй гэж үзсэн.
-Малчны хөдөлмөрийг 1.6 жилээр тооцож, байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Мал аж ахуйн үйлдвэр улирлын чанартай байгаагаас хамаараад малчдын зургаан хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаа. Мөн малчдын тэтгэврийн шимтгэлийг хөнгөхөн төлүүлэхийн тулд Нийгмийн даатгалд сангийн ачаалал ирэхгүй гэж үзсэн.
Яагаад гэхээр малчдын хөдөлмөр эрхэлсэн нэг жилийг 1.6 жилээр тооцохоор нийгмийн даатгал хамрагдах малчдын тоо нэмэгдэнэ.Үүнийгээ дагаад нийгмийн даатгалын сангийн орлого өснө. Тэгэхээр мөнгөний хомсдол үүсэхгүй. Харин ч нэлээд мөнгө хуримтлагдана гэсэн үг.
-Дэлхий нийтэд тэтгэврийн насыг цаашлуулах бодлого барьдаг. Эрүүл агаарт, эрүүл хүнс хэрэглэж байгаа хөдөөгийн малчид богино наслаж байна гэдэг нь хаанаас гаргасан судалгаа вэ?
-Улаанбаатар хотод байдаг 50 настай иргэн хөдөө амьдардаг малчин хоёрын эрүүл мэндийн байдал асар ялгаатай. Мөн гаднаас нь харахад ч энэ хоёр хүн ямар өөр нөхцөл, байдалд амьдарч байв гэдэг нь харагдаж, хэн ч харсан ойлгогдож байдаг. Сурч боловсрох тэгш боломж алга.
Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд эрүүлд мэндийн хувьд маш их хохирол амсч байгаа. Тэнд эрүүл мэндийн үйлчилгээ оношлогоо байхгүй. Малчин гэдэг нь хөдөө төрсөнийх нь буруу биш. Хамгийн наад зах нь хотод амьдарч байгаа бид өглөө болгон халуун усанд орчихдог
Тэдний худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн болгон хотынхоос үнэтэй. Мөн оторт явсан залуучууд бөөрний дутагдалтай болдог. Эсвэл уушгины өвчнөөр өвчилдөг болсон байна. Тиймээс энэ хуулийг малчдын нийгмийн захиалга гэж ойлгох хэрэгтэй. Тэд тэтгэврээ тогтоолгоод мөнгөө хоёр гурван жил аваад л нас барчихдаг. Амьддаа бие биенээ хайрал гэдэг шиг амьдад нь хөдөө амьдарч байгаа хэдхэн малчиддаа энэ боломжыг олгоё гэж байгаа юм.